Монгол Ардын нам өнөөдөр Хяналтын хороогоо хуралдуулахаар болжээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэдхэн хоногийн өмнө албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж Хөгжлийн банкнаас зээл авсан, авсан зээлээ хугацаанд нь эргүүлэн төлөөгүй намын гишүүддээ хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн юм. Тиймээс энэ удаагийн Хяналтын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх бололтой. Үүнтэй холбогдуулан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн байр суурийг эргэн сануулъя.
Д.АМАРБАЯСГАЛАН: Албан тушаал эрх мэдлээ ашиглан залилсан, дээрэмдсэн, зээл аваад төлөхгүй, асуудлыг хүндрүүлсэн намын гишүүддээ улстөрийн хариуцлага тооцно. Улстөрийн хариуцлага гэдэг дээр намаас хөөгөөд болчих юм уу гэдэг асуултыг олон нийтийн зүгээс тавьж байгаа. Гол агуулга нь тэр этгээд ямар нэгэн байдлаар улстөрийн үйл ажиллагаанд оролцохгүй болгоно гэдэг нь тэр хүний олон жилийн хөдөлмөр үнэгүйдэх нөхцөл бүрддэг учраас өөрсдийн хэмжээнд улстөрийн хариуцлага тооцох юм. Цаашид улстөрийн намууд мөн адил энэ замаар улстөрийн намуудыг хариуцлагатай болгох төлөвшүүлэх цаашлаад улстөрч энэ соёлыг дагаж төлөвших учраас ихээхэн өөрчлөлт авч ирнэ гэж найдаж байна. Сүүлийн 30 жилээр жишээ авахад улстөрийн намууд хөгжиж чадаагүй учраас Монгол Улс хөгжсөнгүй гэдэг товч дүгнэлтийг хийж болно. Улстөрийн намууд нь өөрөө манлайлаад явж чадвал улс нийгэм хөгжих боломж байна. Манай нам юуг зорьж байна вэ гэхээр улстөрийн хариуцлагыг хэд хэдэн түвшинд гаргаж ирнэ. Хоёрхон хоногийн өмнө батлагдсан дүрмээрээ илтэд ёс зүйн зөрчил гаргасан улстөрч дараа дараагийн сонгуульд оролцох боломж хаагдана. Хоёрдугаарт, аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд улстөрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ. Ингээд шүүхээр таслагдаад гэм буруутайд тооцогдох юм бол намын гишүүнчлэлээс гарна. Ингэснээр насан туршдаа улстөрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана. Манай намын хувьд сумын ИТХ-д ч нэр дэвшихгүй. Нам дотроо улстөрийн албан тушаал хашихгүй.