2020 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 1 их наядаар буурчээ

2021-11-11 Нийтлэл

Сүүлийн 20 жилийн хугацаанд манай улс 61.5 их наяд төгрөгийн гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан бөгөөд үүний дийлэнх нь уул уурхайн салбарт ногдож буй. Тодруулбал, 2011-2013 онд уул уурхайн салбар огцом өсөлт үзүүлснээр эдийн засаг гурван жил дараалан хоёр оронтой тоогоор өсөхөд гадаадын хөрөнгө оруулалт үлэмж үүрэг гүйцэтгэсэн. Гэвч богино хугацаанд огцом өссөн гадаадын шууд хөрөнгө оруулалт улс төрийн тогтворгүй байдал, дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас үүдэн жил дараалан буурч 2015 онд сүүлийн 10 жилийн хамгийн бага түвшинд хүрсэн юм.

Харин 2017 оноос эдийн засгийн өсөлт тогтворжиж, энэ хэрээр гадаадын шууд хөрөнгө оруулалт өсч эхэлжээ.

 Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ, ДНБ-д эзлэх хувь

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо 

Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд тогтворгүй байсан ч цар тахлын өмнөх үе буюу 2019 оныг хүртэл харьцангуй өсөлттэй байсан. Гэвч өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 7.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос нэг их наяд төгрөгөөр буюу 12.2 хувиар буурсан байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалыг голлох улсаар нь авч үзвэл, 2020 онд Канад 1373.0 (53.6%) сая ам.доллар, Австрали 313.7 (12.3%) сая ам.доллар, БНХАУ 263.2 (10.3%) сая ам.доллар, Сингапур 155.4 (6.1%) сая ам.доллар, АНУ 128.5 (5.0%) сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийжээ.

Харин өнгөрсөн оны гадаадын шууд хөрөнгө оруулалтыг салбараар нь авч үзвэл, уул уурхай, олборлох салбарт 4799.9 (65.6%) тэрбум төгрөг, бөөний болон жижиглэн худалдааны салбар 640.2 (8.7%) тэрбум төгрөг, санхүү, даатгалын салбарт 315.9 (4.3%) тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт, салбараар, 2020 он

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Гадаадын шууд хөрөнгө оруулалтад уул уурхай, олборлох салбарын эзлэх хэмжээ /сая ам.доллар/

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Дотоод хуримтлал багатай, хөрөнгө оруулалтын хэрэгцээ өндөртэй манай улсын хувьд ирээдүйн хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл нь гадаадын хөрөнгө оруулалт. Гэвч цөөн улсаас нэг салбарт төвлөрсөн хөрөнгө оруулалт нь эргээд эдийн засгийн эмзэг байдал бий болгож байгааг эдийн засагчид сануулж буй. Тиймээс хөрөнгө оруулалтын орчны шинэтгэл, бодлогыг оновчтой хэрэгжүүлж, бизнесийн орчныг сайжруулах замаар хөрөнгө оруулалтын салбарын төрөлжилтөд анхаарах шаардлагатай юм.

Эх сурвалж: mongolianeconomy.mn

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.