Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Сангийн яамны зарим албан хаагчтай холбоотой, үндэслэлгүй мэдээлэл гарсан. Энэ сарын 6-нд буюу өчигдөр Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар мэдэгдэл хийсэн. Бид автобус худалдан авах тендер зарласан ч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга дөрөв дэх компанийг шалгаруул, эсвэл Авилгатай Тэмцэх Газарт өгнө” гэж мэдээлжээ. Иймд бид хариу тайлбар өгөх зорилгоор хэвлэлийн бага хурлыг хийж байна.
Төрийн худалдан авах ажиллагаа буюу тендертэй холбоотой гомдлыг ААН-үүд маш их гаргадаг. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нийтийн тээврийн хэрэгсэл нийлүүлэх тендер зарлажээ. Энэ тендерт оролцох хүсэлтээ илэрхийлсэн ч шалгарч чадаагүй нэг компани гомдол гаргасан.
Төрийн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгохын тулд бид цахим систем нэвтрүүлсэн. Татварын мөнгийг олон нийтийн дунд нээлттэй явуулахын тулд хэд, хэдэн хуульд ч өөрчлөлт оруулсан юм. Гэтэл гомдол гаргасан компаниуд ашиг сонирхлын зөрчил байна гэсэн байна.
Бид ийм төрлийн зөрчлийг шалгах байгууллага биш. Иймд Сангийн яам ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бол хуулийн байгууллагад хандах нь зөв юм.
Автобус худалдан авах тендерийг Нийслэлийн худалдан авах газар боловсруулсан. Бид өнгөрсөн онд 20-н ийм төрлийн гомдол хүлээн авсан. Одоогоор есөн гомдол хүлээж аваад байна. Тэгэхээр Нийслэлийн худалдан авах газар хуулийн дагуу ажиллах шаардлагатай байна” гэлээ.
Мөн энэ үеэр Сангийн яамны газрын дарга Н.Батсуурь мэдээлэл өглөө.
Тэрбээр “Тендерт оролцсон компаниудын бүх мэдээлэл ил тод байгаа. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар тавдугаар сарын 17-нд автобус худалдан авах тендерээ нээсэн төсөв өртөг нь цахим системд бий. Нийт долоон компани саналаа өгсөн байна. Гэвч захиалагч талын эсрэг “Моннис моторс“, “Евро хан”, “Дайлан” гэж гурван компани гомдол гаргасан. Тендерт оролцсон компаниуд санал өгсөн бусад компанийн материалтай танилцах боломжийг хуулиар нээсэн юм. Энэ нь хөндлөнгийн хяналтыг бий болгох, шалгарч чадаагүй ААН-ийн гомдлыг илүү үндэслэлтэй болгох зорилготой” гэж мэдээллээ.