УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нар санаачилж, энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн ба Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тус хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн юм. Уг хуулийн өөрчлөлтөд нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэх байсныг болиулах асуудлыг тусгасан байна. Тодруулбал, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 оноос үе шаттай нэмж, нийт таван хувиар өсгөснөөр 2021 онд 9.5 хувьд хүргэхээр хуульчилсан ч сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндэрсэн учир тус шимтгэлийг энэ оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 8.5 хувь хэвээр мөрдсөн. Өөрөөр хэлбэл, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр нэг хувийг нэмж төлж 9.5 хувьд хүрэх байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг өмнөх буюу 8.5 хувиар нь тогтоох тухай хуулийн төсөлд тусгасан юм.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлөвлөсөн ёсоор хоёр хувиар нэмэгдүүлэхгүй байх зохицуулалтыг 2021 оны долдугаар сарын 1-нээс тооцвол 94.6 тэрбум төгрөг, оны эхнээс тооцвол 190-ээд тэрбум төгрөгийн нэмэлт зардал улсын төсөвт үүсэх юм. Харин уг өөрчлөлтийг 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлбэл, Нийгмийн даатгалын санд шимтгэлээс орох орлого 195.2 тэрбум төгрөгөөр буурч, мөн дүнгээр улсын төсвийн ачаалал нэмэгдэхээр байгаа юм байна. Тиймээс энэхүү зардлыг бүрдүүлэхийн тулд төсөвт тодотгол хийх эсвэл Цар тахлын хуулийн хүрээнд төсвийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага бий болох юм.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Ганболд “Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ажлын байрыг хадгалах зорилгоор хуулийн өөрчлөлтийг долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хуульд тусгасан. Долдугаар сарын 1-н хүртэл төрийн албан хаагч, төрийн өмчит ААН-ийнхэн л шимтгэл төлж байгаа. Харин 900 мянга гаруй даатгал төлөгч нар 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс бараг таван хувь хөнгөлөгдөж байгаа. Зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэг хувиас гадна үйлдвэрлэлийн ослын, мэргэжлээс шалтгаалах өвчний, ажилгүйдлийн зэрэг нийт таван хувиар шимтгэлийг хөнгөлж байгаа” гэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.