УИХ‑ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг хэлэлцэв.
Уг саналд Монгол Улсын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг хойшлуулах асуудлыг тусгасан байна.
Тодруулбал, 28 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшин, УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөж, нийслэлийн Засаг даргаар томилогдсон.
Гурван мандаттай тус тойрогт явуулах нөхөн сонгуулийн санал хураах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-н буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөртэй хамтатгах шийдвэрийг УИХ гаргасан билээ.
Гэвч хоёр өөр хуулиар зохицуулагддаг сонгуулиудыг нэг өдөр зохион байгуулах нь хүндрэлтэй тул санал авах өдрийг өөрчлөх саналыг СЕХ-ноос гаргажээ.
Уг саналыг байнгын хороогоор хэлэлцээд 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр товлов.
Байнгын хорооны боловсруулсан тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэн эцэслэн батлана.