МАН-ын бүлэг: Оюутолгойн гэрээг сайжруулахад анхаарч ажиллана

2021-03-15 Нам хөдөлгөөний амьдрал
МАН-ын бүлэг: Оюутолгойн гэрээг сайжруулахад анхаарч ажиллана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.03.15/ хуралдлаа. Хуралдаанаар хаврын чуулганаар хэлэлцэх зарим хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ парламент хаврын чуулганаар үндсэн дөрвөн асуудалд онцгой анхаарна гэж төлөвлөсөн байна.  Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв.

Тэрбээр “Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хийх эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлж эхлэх зайлшгүй шаардлагатай. Ялангуяа Өмчийн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай хуулиудыг хаврын чуулганаар хэлэлцэж батална. Улс төрийн намын тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Орон нутгийн хөгжлийг хангах хот тосгон, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гээд томоохон хуулиудыг энэ хаврын чуулганаар заавал хэлэлцэж батлах ёстой. Эдгээр хууль Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэнэ.

Хоёрдугаарт, хүний эрхийг хангах, нийгэмд шударга ёсыг тогтоох шүүх, хуулийн байгууллагуудын хараат бус байдлыг хангахад чиглэсэн хуулиудыг батална. 

Гуравдугаарт, УИХ-ын хяналт шалгалтыг чиг үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын  тодоохой эрхүүд нь хумигдсан ч гэсэн хяналтын үүрэг нэмэгдсэн. Үүнийг хаврын чуулганаар тодорхой болгоно.

Дөрөвдүгээрт, Оюутолгойн гэрээтэй холбоотой УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллана” гэлээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан БШУ-ны сайд болсон тул түүнийг байнгын хорооны даргаас чөлөөлж оронд нь УИХ-ын гишүүн  Ж.Мөнхбатыг томилохыг  бүлгийн гишүүдийн олонх нь дэмжжээ.

Мөн МАН-ын бүлгийн дэд дарга С.Амарсайхан Шадар сайдаар томилогдсон тул түүнийг чөлөөлж МАН-ын бүлэг хоёр дэд даргатай ажиллахаар болжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.