Эх аалз хаана байна аа, эрх мэдлийн толгой дээр үү, энүүхэн лифтэнд үү?

2021-03-5 Нийтлэл


Бүгдээрээ нэг алдартай бичлэгтэй болсон доо. Яагаав, нөгөө “Лифтхаус” гээд хоёр анги богино хэмжээний кино байгаа даа. Гол дүрийн сүрхий хөдөлгөөнтэй нөхрийн нэр Б.Баасанцогт. Сүүлд нь зуслангийн байшингаасаа зутарсан зүдэрсэн янзтай олддог эр. За тэр нөхөр нөгөө Хууль зүйн сайд Х.Нямбаатар Ерөнхийлөгчийг цохож байгаад цочмоор чангаар хэлээд авсан төрийн ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхрын нэгэн өрөөнд хэнд хэдэн жилийн ял өгөх, яасхийж буруутгах, хэрхэн улстөржүүлэхийг төлөвлөдөг нөхөр болж таарав уу? Зохиосон схем нь зовлонгийн эхлэл болчихов уу, яав? Х.Нямбаатарын муу хэлүүлж, модоор цохиулан зүтгүүлээд байгаа шүүхийн шинэтгэлийн асуудал чинь чухам энэ мэтийн эвгүй өрсөн тоосгыг сугалж, эд хөрөнгө тойрсон хонгилыг нураахад чиглэсэн болж таарлаа. Тийм болоод л Нямбаатарыг няцлахаас наагуур сошиалаар балбаж, солио гажуугаар нь дуудаад удаж байгаа юмсанж. За ямартай ч манай яруу алдарт хонгилын нэг үзүүр явсаар байгаад төрийн ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхарт буюу эрхэм Ерөнхийлөгчийн өрөөнд хүрдэг, тэр хонгилоор хурд мэдэн гүйдэг хүн нь Баасанцогт болоод явчихав уу, яав. Нөгөө үзүүр нь тал тал тийш салаалж давхидаг. Нэг нь л лав энэ Баасанцогтын нуугдмал өмч гэгдэх Park view хотхоны 752 дугаар байрны 270 тоот болж таарлаа. Мань Баасанцогт чинь цогнохоос гадна өчнөөн аж ахуй цэгцэлж, аядуу зөөлөн аргаар эд хөрөнгө эрхшээсэн эр байх юм. Хэд хэдэн үнэ цэнэтэй байр сууцнаас гадна авдаг машиных нь марк Prius-ээс өгссөөр LX-570, BMW өөд талийж өгсөн байх аж. Гурван жилд таван машин, аая бас лаг уу, лагс уу? Хонгилын хорчин маань эд хөрөнгөө багтааж ядаад, эхнэрийнхээ нэр дээр шингээж зүдээд, сүүлдээ найз бүсгүй М-ийн ах дүүс рүү гулсуулаад явж өгч дээ. Гэргий нь Меrcedes benz G-500 хөлөглөдөг гэхээр “Лифтхаус”-ын бүсгүй бүүр гараад өгсөн байх даа. Бохир мөнгө угаадаг байж болзошгүй валютын наймаа эрхэлдэг ББСБ ч түүнийх байж мэдэх сүлжээ бас олджээ. Мань эр түүгээрээ тогтмол 50 мянган ам.доллар төгрөгт хөрвүүлдэг гэдгийг Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлах нэгдэл “Зууны мэдээ” сонинд гаргаад тавьчихаж дээ. Сүүлийн хэдхэн жилд сүрхий хөлжсөн байна шүү, байр савных нь жагсаалт даралт ихэсгэхээр юм байна. Эгэл ард энэ богино хугацаанд ингэтлээ баяжиж амжих уу? Хонгилын шууданч, холбон тоглогч, гөбс арчигч, бүдүүн даргад бараалхагч хийхээр ингээд суга үсрээд, сур харватлаа хөлждөг юм байна, хөөе. Ордны зүүн хонгилыг элээж, овгор оцгор дарга нарыг долоон байж цуглуулсан цувдайгаа хаяад юу гээд л үхэх вэ дээ гэж хүмүүсийн шоолоод байдаг чинь аргагүй үнэн ажээ. За гэтэл энэ мэтийн шүүгч, прокуроруудаа өмөөрөөд Шүүхийн ерөнхий зөвлөл мэдэгдэл гаргаж шүгэлдээд авсан шүү дээ. Шүглийн дуунаар мань мэт нь манараад, хэн, хаана, хэрхэн, хэдэн жилээр, ямар лифтэнд цогносныг мартахаа шахсаныг яана. Шүүх засаглал иймдээ тулсныг сонгууль хүртэл хоёр талаасаа хорь гучаар нь ил тод гаргаж тавиад, гал дүрэлзүүлээтхээсэй дээ. Хамгийн гол нь эх аалз хаана байна аа, эрх мэдлийн толгой дээр үү, энүүхэн хонгилын хаалган дээр үү? Ингэхэд байна аа, хонгилын шууданч, холбон тоглогч гэх тэр Баасанцогт нөгөө лифтэнд саравчтай малгайтыг үнсдэг уруулаараа Монгол Улсын нэрийн өмнөөс хэрэг хэлэлцэж, өгзөг баздаг гараараа шүүгчийн цохидог алхыг алсаас атгадаг гэвэл яах уу? Урвах шарвах, унгах унтах яах вэ, улсынхаа сүлд хийморийг дээдлээд ор хөнжил, олз хөрөнгөтэйгөө ажлаа хутгахгүй байж болохгүй юу? Эрийн муу нь эрх мэдэлд хүрдэг цаг болоо юу даа, ээ хорвоо гэж…

Нийтлэлч Эмүжин

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.