Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломж дахин олдохгүй

2021-01-29 Парламент

Чуулганы танхимаас

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Дэгийн хуульд хууль санаачлагч асуулт асууж болохгүй гэж хэлэлцэх хэсэгт байдаг. Анхны болон эцсийн хэлэлцүүлгийн явцад хууль санаачлагч  асуулт асуух дэгтэй. Энэ дагуу үг хэлье. Малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгал төлүүлэх, тэтгэвэрт гарах боломжийг бүрдүүлж байгаа. Энэ бол 2017 онд батлагдсан хууль. Гэвч хэрэгжилт нь хангалтгүй байсан. Төрөөс боломж олгож малчин хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, тэтгэвэр авах бололцоог нь 2022 оны нэгдүгээр сар хүртэл бүрдүүлж өгч байгаа юм. Ийм боломж дахин бий болохгүй. Энэ хугацаанд хуулийг хэрэгжүүлэх, хуулийг зөв сурталчлах тал дээр онцгой анхаарах шаардлагатай. Ялангуяа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам уг хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид энэхүү боломжоо ашиглах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН: 

-Хуулийн төслийг дэмжиж байгаа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Тэмүүлэн, С.Бямбацогт, Чинзориг нарын хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд чухал хуулийн төслийг батлуулах гэж байна. Ардчилсан намын бүлэг, Ардчилсан намын гишүүд эл хуулийн төслийг хоёр гараа өргөн дэмжиж байна. Энэхүү боломжийг ашиглаж малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хэлэхэд ийм боломж дахиж олдохгүй. Тиймээс иргэд нийгмийн даатгалын байцаагч нараас лавлаж, нөхөн төлүүлэх боломжтой. Хууль сурталчлах ажлыг салбарын яам нь ХННЯ, Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан мэдээллээс хол байдаг иргэн, малчдад сайтар түгээгээрэй. Мэдээлэлгүйгээс болж энэ хуулийг ашиглаж чаддаггүй шүү.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.