УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна

2021-01-27 Парламент

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд түүнээс асуулт асууж, саналаа хэлж байна.

Ж.Сүхбаатар: -Асуух зүйлээ Байнгын хорооны хуралдааны үеэр асуусан учраас саналаа хэлье. Ерөнхий сайдын хувьд жендэрийн асуудалд анхаарлаа хандуулж ажлаарай гэж захих гэсэн юм. Хууль тогтоомжуудад эмэгтэйчүүдийн оролцоог хамгийн багадаа 15 хувь байлгахаар заасан байдаг. Гэхдээ заавал 15 хувь гэхгүйгээр дэмжиж ажиллаарай. Би УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийнхээ саналыг дэмжиж байгаа. Энэ шаардлагыг хангасан Засгийн газар байгуулагдана гэж харж байгаа.

Мөн орлогогүй болсон айл өрхүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг зайлшгүй хийх шаардлагатай. Ирэх хоёр, гуравдугаар сард айл өрхүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага үүснэ. Айл өрхүүдэд 300 мянган төгрөг олгох шаардлага байна гэж харж байна. Үүнийг шинэ Засгийн газар харж үзээрэй.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: –Таны өмнө хоёр зүйл бий. Хэр зэрэг Ерөнхий сайд болох вэ  гэдэг асуудал. У.Хүрэлсүх сайдаас танд ямар өв үлдэж байгаа вэ? Таныг гол үндсэн төвлөрөх ажлаа нэрлээч гэж хэлмээр байна. Хүрэх түвшин, тоог хэлээч.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: -Дөрвөн зүйл дээр анхаарч ажиллана. Нэгдүгээрт, цар тахалтай нөхцөл байдлыг яаж даван туулах вэ гэдэг асуудал үүснэ. Төсвийн алдагдлаа хэрхэн нөхөх, экспортын гаралтаа хэрхэн нэмэгдүүлэх, онцгой байдлын менежментийг хэрхэн сайжруулах вэ гэдэг асуудал бий. Хоёрдугаарт, эдийн засгийн асуудал. Яаж хүнд үеийн даван туулах, ААН-үүдээ босгож ирэхтэй холбоотой томоохон зорилтуудыг дэвшүүлнэ.

Гуравдугаарт, дундаж орлоготой иргэдийг дэмжих, үндэсний тогтолцоотой холбоотой асуудлыг хөндөхөөс өөр гарцгүй болсон. Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо руу шилжиж чадах уу гэдэг зүйл бий. Орон сууц, эрүүл мэнд, боловсролын тэтгэмж авахад дундаж орлоготой иргэн болоход залуу гэр бүлээ дэмжих тогтолцоог нэгтгэх зүйл рүү орох нь зүйтэй.

Орон сууцтай холбоотой томоохон зорилт дэвшүүлье гэж бодож байна. Үе үеийн Засгийн газар үүнийг дэвшүүлсэн. Сайн бодлогыг авж хэрэгжүүлэх ёстой.

Дөрөвдүгээрт сайн, цахим засаглалтай холбоотой асуудал бий. Гүйцэтгэлд тулгуурласан бүтцээр төрийн албаа шинэчлэх боломж үүснэ. Аль ч яам дээр дунджаар 80-90 хүн байгаа гэж бодоход 15-20 хүн дээр хэт ачаалал ирдэг. Бусад хүмүүс дээр ачаалал харьцангуй бага байдаг зүйл ажиглагдсан.

Ш.Адьшаа: -Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар нэр дэвшиж буй Л.Оюун-Эрдэнэ танд баяр хүргэе. Томоохон төслүүдийн ажлыг цааш нь үргэлжлүүлэх үү. Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар өчигдөр Засгийн газрыг төлөөлж Дубайн гэрээ, Оюутолгойн гэрээг цуцална гэсэн мэдэгдэл хийсэн. Энэ бодит ажил хэрэг болох уу?

Л.Оюун-Эрдэнэ: -Төмөр замын төслийг үргэлжлүүлнэ. Миний хувьд хоёр удаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан. Намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн багийн ахлагчаар ажилласан. Тиймээс үндсэндээ бодлогын залгамж чанар У.Хүрэлсүх сайдынхтай нийцэж явна. Бид Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг маш яаралтай барьж дуусгах шаардлагатай. Ингэж чадвал Монгол Улс тээврийн зардлаас 600-900 орчим сая ам.долларыг хэмнэж, экспортын хэмжээг 30 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой. Тиймээс нэн тэргүүний хийх ёстой ажил энэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг үргэлжлүүлнэ. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Монгол Улс гадагшаа урсаж байгаа нэг тэрбум ам.долларыг дотооддоо хадгалж үлдэх боломж үүснэ. Эрчим хүчний хувьд Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Оюутолгойн хэлэлцээр амаргүй хүнд нөхцөлд ажиллаж байгаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд Дубайн гэрээг өөрчлөх тухай хатуу үүрэг өгсөн. Нэг жилийн хугацаанд амаргүй сорилтон дундуур явсан. Ахиц, үр дүнгүүд гарсан. Үүнтэй зэрэгцэн улстөржилт нэмэгдсэн. Хөрөнгө оруулагчдад энэ гэрээг цуцлах санал тавьсан.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.