Eрөнхийлөгч Х.Баттулга холбогдох хуулиудад ХОРИГ тавьлаа

2021-01-25 Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдох гурван хуульд хэсэгчлэн хориг тавьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-аас баталсан Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай багц хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тус бүрт нь хэсэгчилсэн хориг тавьсан.

Засгийн газраас өргөн барьсан Авлигын эсрэг хуульд зөвхөн АТГ-ын дэд даргыг дарга нь өөрөө томилдлог болох тухай заалт оруулсан байсан юм. Гэвч УИХ хэлэлцэхдээ ганцхан гишүүний гаргасан саналаар АТГ-ын дарга, дэд даргын алийг нь ч Ерөнхийлөгч санал болгодог зохицуулалтыг авч, АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосоор УИХ томилдог болгож баталсан. Энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан юм.

ШЕЗ, Шүүхийн сахилгын хороог бүрэлдүүлэхтэй холбоотой зохицуулалт дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. Энэ хоёр байгууллага нь улс төрөөс хараат бусаар ажиллах ёстой. Гэвч ШЕЗ, Шүүхийн сахилгын хороог УИХ-аас хараат байдлаар томилох гэж байна хэмээн үзэж байгаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг даргын томилгоонд дээд шатны удирдлага нь шууд оролцохоор болсон нь сонгогчдын сонгох, сонгогдох эрхэнд ноцтойгоор халдсан явдал болж байна гэж үзэж байгаа. Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга нь доод шатны Засаг даргыг хүссэн үедээ огцруулах санал гаргаж байгаа нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудыг улстөржүүлэх алхам болно гэж үзсэн. Тиймээс хэсэгчилсэн хориг тавьсан” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.