Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.01.21/ өглөө 08:00 цагт хуралдаад дууслаа. Хуралдаанаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн байна. Үргэлжлүүлэн 11:00 цагаас МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг Төрийн ордонд зарлажээ. Уг хуралдаанаар мөн л шинээр томилох хоёр сайдын асуудлыг хэлэлцэнэ. Одоогийн байдлаар эрх баригч намынхан хариуцлага алдсан энэхүү хоёр эрхмийг албан тушаалаас нь буулгах ёстой гэсэн байр сууринд нэгэнтээ санал нэгдсэн мэдээтэй байна.
Харин энэ зуур Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг албан тушаалаас нь огцруулах ёсгүй хэмээн салбарын ажилтнууд нь Сүхбаатарын талбайг гороолж, жагсаал цуглаан өглөөнөөс хойш зохион байгуулав. Гэвч цар тахлын эл хүнд хэцүү үед тангараг өргөсөн эмнэлгийн байгууллагын эмч, ажилчид сандал суудлын төлөөх жагсаал хийж, өвчитнүүдээ хөсөр хаях нь зүйд нийцэх үү. Үнэндээ Т.Мөнхсайхан сайдын хэлж байсанчлан эмнэлгийн байгууллагууд бэлэн байдлаа хангаж ажиллаж байсан бол ганц эхийг зөөвөрлөхөд бүхэл бүтэн салбараараа ингэж ганхах байсан гэж үү. Тэгээд ч өнөөдрийн бодит үнэн бол иргэнээ эрүүл саруул, энх мэнд болгох ёстой эмнэлгийн байгууллагууд нь өөрсдөө халдварын голомт болсон, халдвар хамгааллын дэглэм алдагдсан, эмч нарын ажлын ачааллаас болж эмч, эмнэлгийн ажилтнууд халдварт өртсөн гээд хариуцлага алдсан хэд хэдэн асуудал гарсан гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрөөр хэлбэл, зөвхөн энэ удаад эх, нярайг зөөх тухайд хариуцлага алдсан асуудал биш юм. Тэр үнэхээр өнгөрсөн хугацаанд удирдах чадвар байхгүй муу менежер гэдгээ хэд хэдэн тохиолдол дээр харуулсан. Гэхдээ залуу хүний замын хүзүү урт гэдэг. Салбарынх нь жагсаж, жаахан бараатай байгаа дээрээ нэр цэвэр буцаж, эргэж ирэх замаа цэвэр үлдээвэл дээрсэн биш үү…
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30406
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.