Өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах өдөр өнжүүлэх төвд хамрагдаж байсан ой хоёр сартай хүүхэд хахаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024 оны аравдугаар сарын 28-ны өдөр 16:03 цагт “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт 1 нас 2 сартай эрэгтэй хүүхэд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” хэмээн мэдээлсэн байдаг. Тэгвэл өдөр өнжүүлэх дээрээ хахсан байж болзошгүйгээр харамсалтайгаар нас барсан хүүхдийн ар гэрээс мэдээлэл хийлээ.
Талийгаач хүүгийн ээж Д.Нандинболор “Шүүх шинжилгээний хариу хэрэг явдал болсноос хойш 20 гаруй хоногийн дараа гарлаа. Гэтэл шүүх шинжилгээний хариунд талийгаач хүүг минь бөөрний дутагдалтай, зүрх судасны архаг өвчлөлтэй байсан учраас зүрх нь гэнэт хаагдсан гэж дүгнэсэн байна. Тийм байх ямар ч боломж байхгүй. Миний хүүхэд эрүүл саруул хүүхэд байсан. Шүүх шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй. Гомдолтой байна. Миний хүүд бүх бурууг тохоод өнгөрөх гэж байх шиг байна. Миний хүүхэд ханиад хүрсэн байсан нь үнэн боловч хатгаа болоогүй байсан.
Гэтэл тухайн өдөр 14:00 цагийн үед багш нь залгаад ‘Танай хүүхэд унтаж сэрээд царай нь сонин болчихлоо. Яаралтай эмнэлэгт хүрч ирээрэй’ гэж хэлсэн.
Яваад очиход миний хүү өнгөрчихсөн байсан. Тухайн өдөр 11 хүүхэд хоёр багшийн хамт байсан. Гэтэл яагаад ийм хариуцлагагүй хандаж байна вэ. Багш болон тухайн цэцэрлэгийн удирдлагуудад маш их гомдолтой байна. Шүүх шинжилгээний хариу 14 хоноод гарах ёстой байтал 20 гаруй хоногийн дараа гарлаа. Ямар нэгэн байдлаар шүүх шинжилгээний хариунд нөлөө орсон гэж бид үзэж, хариутай санал нийлэхгүй байгаа учраас хуулийн дагуу дараа дараагийн арга хэмжээг авах болно” гэв.
Харин Шүүх шинжилгээний ерөнхий газрын Бүртгэл мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Ц.Мөнхбат дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Аравдугаар сарын 28-ны өдөр тус үйл явдал болсон. Манайхаас шинжээч томилох тогтоолыг хүлээж аваад, шөнө нь нэн даруй нь амь хохирогчид шинжилгээ хийсэн. Шинжээч томилох тогтоол дээр арваннэгдүгээр сарын 15-нд шинжээчийн дүгнэлт гарах хугацааг тогтоосон байна. Энэ хугацаанд шинжээч эмч дүгнэлтээ гаргасан. Шинжээч эмчийн дүгнэлтээ шинжээчийг удирдсан даргадаа хянуулдаг. Дарга нь хянаад 18-ны өдөр баталгаажуулаад Бүртгэл, мэдээлэл, технологийн хэлтэст шинжилгээг хаалгаад 19-ний өдөр СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрх бүхий этгээд нь шинжилгээний дүгнэлтийг хүлээн авсан байна. Энэ бол ямар нэгэн шинжилгээний хугацаа хэтэрсэн тохиолдол байхгүй. Хуулийн хугацаа буюу мөрдөгчийн заасан хугацаанд дүгнэлтийг гаргасан байна. Дүгнэлтийн утгыг бид мэдэхгүй. Хуулиараа тухайн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх хуулийн заалттай. Хэрэв мөрдөгчөөс дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх тогтоол ирвэл бид дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийнэ. Дахин шинжилгээ хийхэд өмнө нь шинжилгээ хийсэн шинжээч тэр бүрэлдэхүүнд орохгүй. Гурваас дээш эмч орж дахин дүгнэлтийг гаргана” гэлээ.
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
9 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.