Түрүүлж нүүсэн нь алддаг, онодог ч тул хэн хэн нь “хайрцаглах” үйлд анхаарал хандуулжээ

3 цагийн өмнө slider
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч хэн болохоос хамаарч Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын насжилт яригдах байх.

Төрийн ордны дотоодод Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх яриа хэдийнэ газар авсан бол хашааны нь гадна МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн марафон өрнөөд Тусгаар тогтнолын ордон хөл толгойгүй бужигнаж байна.

Х.Баттулгыг дахин горилох боломжгүйгээр явуулж, У.Хүрэлсүхийг анхны гэх тодотголтой Ерөнхийлөгч болгосон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг халаад хуучныг сэргээх сонирхол одоогийн Төрийн тэргүүнд бий. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ дэмжиж буй ч насны босгыг 45-д хүргэн бууруулж, парламентаас сонгогддог болгон өөрчлөх санаа агуулснаар тэдний зөрчил эхэлсэн. Л.Оюун-Эрдэнэ өөртөө зориулсан гэмээр эл заалтаа кнопдуулж чадвал 2027 оны их сунгаанд үзэж таарна. Гэхдээ Ерөнхий сайдын хордлогыг хөл рүүгээ ортол ёсолж чаддаг У.Хүрэлсүхийн карьер 2027 оноор төгсгөл болно гэдэг юу л бол…

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ирэх оны төсвийг эсэргүүцэж, араас нь МАН-ын Бага хурлын гишүүн Б.Лхагважав “Татварын тоо хэмжээг нэмээгүй байхад татварын орлогыг 10 их наядаар нэмэгдүүлнэ гэдэг чинь биднийг илүү дарамталж, боолчилно гэсэн үг. Энэ дарамт, дарангуйллаас гаръя. Дарамтыг бид дийлэхээ больж байгаа. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах арга хэмжээ авна. Биднийг дарамталж авсан татварыг төлөхгүй байх эрхтэй” хэмээн мэдэгдэж буй нь Төрийн тэргүүний пиарчдын зүгээс шидсэн өндөг гэлцэх ч өнцөг нь буруутан газар авахгүй талдаа болсон. Татварын хэмжээг нэмээгүй атлаа татварын орлогыг 10 их наядаар нэмэгдүүлнэ гэдэг чинь биднийг илүү дарамтлах нь гэх үг нь далд эдийн засаг, татвараас нуусан орлого байдаг гэдгийг өөрийн амаар баталсантай ялгаагүй явдал боллоо хэмээн олон нийт үзээд төдийлөн дэмжээгүй.

Б.Лхагважавын хувьд иргэний хөдөлгөөнөөс намуудын илүү гэр, хаяа хатавчийг бараадсан Ж.Батзандан О.Магнай нарын л адил нэгэн.

Үндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн, Удирдах зөвлөлийн дарга гэгдэн гудамжинд уриа лоозон барьж, Оюутолгойн гэрээг эсэргүүцэж явсан тэрбээр 2011 онд МАН-д элсэн тухайн үеийн намын дарга Сү.Батболдоос батлах гардаж байв. Энэ үед У.Хүрэлсүх МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж байсан бөгөөд гудамжинд хонож өнжиж явсан “Урбанек”-ийг улстөрийн намд татан хаягжуулсан хүн нь гэлцдэг.

Дараа жил нь МАН-ын дардастайгаар УИХ-д нэр дэвшсэн ч олон нийт улстөржөөгүй өргөст хэмх идэхийг хүссэн байх, тэр өвдөг шороодсон.

Сүүлд, УИХ-ын гишүүнээс татгалзан харийг зорьсон У.Хүрэлсүх хамтарсан Засгийн Шадар сайдаар ажиллах зурвас үед Б.Лхагважав МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч Танхимыг тэргүүлэх хугацаанд Монголын бизнесийн орчин 20 байраар ухарсан нь далдлахын аргагүй шившиг юм.

Д.Энхтүвшингийн хувьд 2024.06 сард УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнөхөн МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн. Түүний шийдвэрүүд морь унасан толгойгүй хүн мэт цочир байгааг хэлэх хэрэгтэй.

МАН-ын нэрийн жагсаалтад эрэмбэлэгдсэнийхээ дараахан “Хувийн компаниудын өмч хөрөнгийн эрх, хөдөлгөөнийг улстөрийн шинжтэй хязгаарласаар байхад хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагыг удирддаг хүний хувьд эрх барьж буй намаас нэр дэвших нь ёс зүйгүй” хэмээн цахим орчин ашиглан мэдэгдсэн ч төд удаагүй “Сонгуулийн ажлыг үргэлжлүүлье” гээд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлт өгч байв.

Мэдлэг боловсролтойдоо түшиглэн зөв ярьж түмэнд таалагдах хэдий ч тэр гэм зэмийн факт үлдээсээр яваа байж мэдэх талаар намынхан нь хэлж байна.

Учир нь Танхимын ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлт өгч, Танхимын Удирдах зөвлөл хүлээж авсан гэх хэдий ч өнөө хэр дараагийн ерөнхийлөгч томилогдоогүй, эрхэм гишүүн давхар ажиллаж байгаа гэх буруутгалыг улстөрчид болон бизнесийнхэн түүнд нялзааж буй юм.

Эл буруутгал батлагдвал мань эр дөрвөн сар гаруйн хугацаанд давхар алба хашин хууль зөрчсөн гэмийн эзэн болж таарна. Үндсэн хуулийн 29.1-т “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалт бий.

Үүн дээр нэмээд намын эсрэг шүгэл үлээсэн гэх зэм сонсгоод зогсохгүй намын нэрээр УИХ-д суусан дархан эрхийг түдгэлзүүлэхийг намын удирдлагуудаас анхааруулсан байдаг.

Д.Энхтүвшин бол хаанаас нь ч харсан, MCS-ийн төлөөлөл. 1997 онд MCS группт санхүүгийн шинжээчээр ажилд орж, группийнхээ дэд ерөнхийлөгч болтол 24 жил ажилласан кадр. Өнгөрсөн жил МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид 13 хүн нэр дэвшсэнээс хоёр нь нэрээ татаж, ялигүй илүү саналаар Танхимын тамга атгасан байх.

Дөрвөн тэрбум төгрөгийн төсөвтэй МҮХАҮТ-ын тэргүүнд горилогсод олширсон нь УИХ-д нэр дэвших гишгүүрээс гадна бизнес эрхлэгчдээр бамбайлан Засгийн газарт бойкот хийх боломжит эрх ямба гэж харах болсонтой холбоотой биз. Танхимын хувьд бие даасан байгууллага гэхээс илүүтэй эрх баригч намын цүнхний оосор шиг явсаар ирсэн нь үнэн.

Ерөнхийлөгчид нь намын дотоод дахь бүлэг фракцууд хүнээ сойж, гишүүнчлэлтэй бизнес эрхлэгчдийг хэн хэрхэн хайрцаглаж чадсанаараа сонгогддог болсон гэчихэд сүртэй гомдоллоод байхгүй биз. МАН-ын мини хурал, мини танхим гэгдэтлээ нэр хүнд нь уначихсан байгааг яалтай.

Энэ сарын сүүлээр болох ээлжит бус XXII их хурлаар Д.Энхтүвшингийн оронд Шунхлай группийн П.Батсайхан, Таван богд-ын Ц.Баатарсайхан нарын нэр эрчтэй яригдаж байгаа ч одоогоор П.Батсайхан өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн. Түүний оронд танхимын дэдээр ажиллаж буй Т.Дүүрэн өрсөлдөх мэдээлэл бий ч Т.Дүүрэн бол Д.Энхтүвшин гэх дургүйцэл хүчтэй яваа.

Гэхдээ тэдний хэн хэн нь энэ удаагийн өрсөлдөөнд төдийлөн хол явахгүй байж мэдэх л юм.

Цагаачийн Баатарсайханы нэрээр олон хуулийн этгээд улсын бүртгэлд байгаагаас 2022.04.01-нд бүртгүүлсэн Илгээлтийн багш төрийн бус байгууллагыг Соёлын сайд Ч.Номин, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Улаанбаатар буян ХХК-ийн М.Золзаяа, Шунхлайн П.Батсайхан нартай хамтран байгуулж байсан гэх мэдээлэл нь тунчиг сонирхолтой. Сүүлд бүгд нэрээ хасуулж өөр хүний нэр дээр Төрийн бус байгууллагаа бүртгүүлсэн ч энэ нь тэдний зам мөр, хэтэвч салсан гэж итгэх хангалттай факт болж чадахгүй юм. Эл хэлхээсийн талаарх дэлгэрэнгүйг дараагийн дугаараар дэлгэрэнгүй хүргэх тул энд түр орхиё.

Тэгэхээр, төсвөө баталчихсан, тодотгол хийхээ шийдчихсэн УИХ, Засгийн газарт ойрын том ажил үлдсэн нь Үндсэн хуулийн өөрчлөлт. 2027 он гэдэг эгэл иргэдийн хувьд хол сонсогдох ч гол дүрийн улстөрчдийн хувьд үгүй юм.

Ялангуяа Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх нараар бамбайлан хайрцаглагдсан улстөрийн бүлэглэлүүдийн тухайд цаг мөч бүр үнэтэй, үйл үг бүр нь гэм болж өлгөгдөх эмзэг цэг дээр байна. Хэн илүү сэтгэж, хэн илүүг хайрцаглаж чадах өрсөлдөөн тэнд явагдан, тэд тэвдүү байна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль үүний нэг хэсэг бөгөөд бизнес эрхлэгчдийг бөөгнүүлж, нэгтгэж чадах удирдагчийн эрэлд тархиа гашилган намын эсрэг дуугарсан гэх шалтгаар Д.Энхтүвшингээ ч буцаах уу яах уу гэдэгт тулан эргэцэж буй юм байх.

Үргэлжлэл бий…

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.