2020 онд Оросын тэрбумтнуудын хөрөнгө нэмэгджээ

2021-01-7 Ертөнц

“Ковид-19”-ийн цар тахлаас болж өнгөрсөн онд дэлхий даяараа хямралтай байсан ч ОХУ-ын тэрбумтнуудын хөрөнгө мөнгө нэмэгдсэн байна. Оросын баячуудын хөрөнгийн хэмжээ өнгөрсөн жил 13 тэрбум 800 сая ам.доллароор өсжээ. Үүнийг “Bloomberg” агентлагаас жил бүр гаргадаг жагсаалтаас харж болно.

Алтны үйлдвэрлэл эрхэлдэг компанитай, ОХУ-ын Холбооны зөвлөлд Дагестан улсаас сонгогдсон Сулейман Керимовын хөрөнгө хамгийн ихээр өссөн байна. 2020 онд түүний нийт хөрөнгө 4.85 тэрбум ам.доллароор нэмэгдэв. Эхний гуравт түүнчлэн “Мегафон” болон “Металлоинвест”-ийн тэргүүн Алишер Усманов ч багтжээ.

Тэрбээр өнгөрсөн жил С.Керимовоос 400 сая “ногоон” бага олов. “Северсталь” компанийн эзэн Алексей Мордашовын хөрөнгө гурван тэрбумаар нэмэгдсэн байна.“Bloomberg”-ийн жагсаалтад орсон Оросын баячуудаас 2020 онд гурван хүний л халаас нимгэрчээ. Тэд бол Вагит Алекперов, Леонид Федун болон Геннадий Тимченко нар аж. Хамгийн их хөрөнгө мөнгө алдсан нь В.Алекперов. Өнгөрсөн жил түүний хөрөнгө таван тэрбум ам.доллароор багассан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.