НДШ төлөгчийг торгууль, алдангиас чөлөөлөхийг дэмжив

2020-12-30 Парламент

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 

Хуулийн төсөлд 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд НДШ-ийг ногдуулж, тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй НДШ төлөгчийг алданги, торгуулиас чөлөөлөх зохицуулалт тусгасан байв. Гэвч хэлэлцүүлгийн үеэр  УИХ-ын гишүүн  Ж.Батжаргал, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар “2021 оны долоодугаар сарын 1-ний” гэснийг “2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргаж, гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Өөрөөр хэлбэл, энэ оны аравдугаар сарын  1-нээс энэ сарын 31 хүртэлх хугацаанд НДШ-ийг ногдуулж, тайлагнасан боловч шимтгэл төлөөгүй НДШ төлөгчийг алданги, торгуулиас чөлөөлөхөөр өөрчилсөн.

Тиймээс Дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгээр дахин санал хураалт явуулж шийдвэрлэх саналыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар гаргав. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 73.3 хувийн саналаар дэмжив. Ийнхүү хэлэлцээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.