Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-аас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтэд нийцүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хяналтыг сайжруулах цогц арга хэмжээний хүрээнд УИХ-аас Санхүүгийн зохицуулах хороонд “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч”-ийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр хуульчилсан.
Учир нь (ФАТФ)-ын 40 зөвлөмжийн хүрээнд санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч гэдэгт үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, нотариатч, хуульч, эсхүл нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулж, “Мэдээлэх үүрэгтэй этгээд” буюу гүйлгээний мөнгөний эх үүсвэрийн талаар эрх бүхий байгууллагад тайлагнаж, холбогдох мэдээ, мэдээллээр хангадаг байх нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэж дүгнэдэг.
Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны гуравдугаар сараас зохицуулалтад шинээр нэмэгдсэн хоёр салбарын тусгай зөвшөөрөл, бүртгэл, хяналттай холбоотой харилцааг зохицуулсан журмуудыг баталж, улмаар бүртгэлжүүлж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 596 буюу 167 аж ахуйн нэгжид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, 30 хуулийн этгээд, 399 иргэнд үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгож бүртгэлжүүлээд байна.
Мөн Хороо мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, далд эдийн засгийг ил болгох, тодорхойгүй мөнгөн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байх, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эрсдэлд суурилсан хяналт, зохицуулалтыг тогтмол тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд бүртгэлд хамрагдаж, тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Хороо болон мэдээлэлд оруулсан өөрчлөлтөө харьяалах улсын бүртгэлийн байгууллагад ирүүлээгүй 6,958 хуулийн этгээдэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр үнэт металл, үнэт чулууны худалдаа эрхлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн худалдаа, зуучлал, түрээсийн үйл ажиллагааг нь хүчингүй болгож хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэлээс хасуулсан. Цаашид ч бүртгэлд хамрагдалгүй үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгж, иргэдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана. Дээрх ажлын хүрээнд мөн үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлээр худалдаа арилжаа явуулж буй томоохон дэлгүүр, зах худалдааны төвүүдэд QR кодыг байршуулж эхэлсэн.
Цаашилбал, Хороо зохицуулалтын зохистой орчин бүрдүүлэх, нэгдсэн статистик тоон мэдээлэлтэй болох, мэргэжлийн оролцогчдоо ил тод мэдээллээр хангах, эрх ашгийг нь хамгаалах, мэргэшүүлэх, хариуцлагатай, ёс зүйтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр “Монголын уран дархны түмэн эрдэнэс нэгдсэн холбоо” ТББ, “Алт арилжаалагчдын холбоо” ТББ, “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” ТББ, “Эвт холбоо” ТББ зэрэг дөрвөн төрийн бус байгууллага нэгдэж байгуулсан “Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбоо” ТББ-тай хамтран ажиллаж байна.
Ийнхүү санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч буюу үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийг бүртгэлжүүлж, хяналт зохицуулалттай болгосон нь манай улс ФАТФ-аас өгсөн зөвлөмж, үүрэг даалгаврыг богино хугацаанд амжилттай биелүүлж, “Саарал жагсаалт”-аас албан ёсоор гарахад нөлөөлсөн хүчин зүйлийн нэг нь байсан юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.