Дэлхийн улс орнууд ЖДҮ эрхлэгчдээ хэрхэн хамгаалсан туршлагаас хуваалцая.
АНУ: Холбооны нөөцийнсангаасаа 700 тэрбум ам.долларыг эдийн засагтаа нийлүүлж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого баримталсан бөгөөд зээлийн хүүгийн бодлогыг 0.25 хувь болгосон байна.
Ерөнхийлөгч Доналд Трамп онц байдал зарлаж, Холбооны Засгийн газраас муж, хот, нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ЖДҮ эрхлэгч нартаа 50 тэрбум хүртэлх ам.долларын тусламж тараахыг зөвшөөрчээ.
Канад: Тус улсад “Ковид-19” цар тахлаас үүдэн газрын тосны үнэ унаж, эдийн засаг хүндрэлтэй байгаа ба Канадын банкнаас зээлийн хүүг бууруулсан шийдвэр гаргасан.
Тодруулбал, бодлогын зээлийн хүүгээ 0,75 хувь болгосон. Мөн 27 тэрбум ам.долларын багцыг ажил олгогч, бизнес эрхлэгчдэдээ зориулах, 55 тэрбум ам.долларын татварыг хойшлуулах шийдвэр гаргасан. Хөл хорионд орсон болон алжлын байраа алдсан иргэдэд бэлэн мөнгө олгоход 10 тэрбум ам.долларын багц гаргажээ.
Их Британи: “Ковид-19” цар тахал нь эдийн засагт хүчтэй нөлөөлж байгааг судалж үзээд бодлогын зээлийн хүүг 2020 оны гуравдугаар сарын 11-ны өдөр бууруулж 0,25 хувь болгож, хамгийн эмзэг салбар болох ЖДҮ эрхлэгчдэд шинэ схем гарган дэмжлэг үзүүлж байна. Мөн Засгийн газраас 45 тэрбум фунт стрилингийн бондыг худалдаж авсан бөгөөд үүнийг “Нийлүүлтийг нэмэгдүүлэх бодлогоор” эдийн засагт нийлүүлэхээр шийдсэн.
ЖДҮ-ийн татварын хөнгөлөлт, бэлэн мөнгө олгох шийдэл олсон. Тэрчлэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон ажилгүй хүмүүст зориулсан засгийн газрын тэтгэмжийн хүртээмжийг өргөжүүлж, корпорацийн бондуудыг 200 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлжээ.
БНСУ: БНСУ-ын банк суурь ханшаа 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр 1,25 хувь хэвээр хадгалсан бөгөөд энэ нь тус улсад цар тахлын тохиолдол улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан гаргасан шийдвэр. Эдийн засгийн өсөлтийг -2 байна гэж үзсэн. Үүнээс гадна Солонгос улс “Ковид-19” өвчний тархалтад эдийн засгаа тэтгэх зорилгоор 9,8 тэрбум долларын урамшууллын багцыг 2020 оны гуравдугаар сарын 3-нд зарласан. Үүнд дараах зүйлийг багтаасан болно.
-Компаниудад ажиллагсдадаа цалин өгөхөд нь туслах жижиг, дунд бизнесийн татаас, татвар хураамж төлөх хугацааг 12 сараар сунгах,
-Түрээсийн төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний татвараас чөлөөлөх, улсын өмчит газруудын түрээсийг 35 хувиар зургаан сараар бууруулах
-Хүүхэд асрах тэтгэмж
-Ажлын байраа алдсан хүмүүсийг ажилд зуучлах
-Жижиг бизнэс эрхлэгч, захын худалдаачдад 1-3 жилийн хугацаатай 4.5 хувийн хүүтэй 500 сая воны зээл олгох шийдэлд хүрсэн байна.
Япон улс: Япон улс бодлогын хүүгийн зээлийг 0.0 хувиар буюу хэвээр нь үлдээсэн бөгөөд биржээр худалдах хөрөнгийн сангийн хэмжээг зургаан триллон иенээс 12 триллон иен болгож нэмэгдүүлсэн. Үүнээс гадна Япон улс жижиг бизнесийн зээлийн хоёр тусдаа багцыг, өнгөрсөн хоёрдугаар сард 4.6 тэрбум ам.долларын багц, гуравдугаар сарын 11-нд 15 тэрбум ам.долларыг тус тус олгосон байна. Мөн үүнд маск үйлдвэрлэл, ариутгал чиглэлд (4 тэрбум ам.доллар) илүү түлхүү олгожээ.
Швед улс: Шведийн төв банк гуравдугаар сарын 12-ны өдөр болсон мөнгөний бодлогын ээлжит бус хурлын дараа банкуудаар дамжуулан орон нутгийн компаниудад 500 тэрбум Швед кронагийн зээл олгохоор болсон нь цар тахлын улмаас үүссэн санхүүгийн бэрхшээлийг даван туулахад туслах болно гэж мэдэгдсэн.
Норвеги улс: Норгес банк өнгөрөгч гуравдугаар сарын 12-нд болсон ээлжит бус хурлаар жишиг хүүгийн түвшинг 1.0 хувь болгон бууруулсан нь 2016 оноосхойших анхны хүүгийн бууралт юм. Норвегийн эдийн засагт коронавирусний дэгдэлтээс үүдэн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа нэлээд саарна гэж мэдэгдсэн.
Олон аж ахуйн нэгжүүд сөрөг нөлөөг мэдэрч, ажилгүйдэл нэмэгдэх төлөвтэй байгааг бодлого боловсруулагчид онцолсон. Нефтийн үнэ огцом унасны үр дүнд эдийн засгийн хэтийн төлөв нь суларсан. “Ковид-19”-ийн үргэлжлэх хугацаа, нөлөөллийн хэрэглээ үргэлжилсээр байвал ханшийг цаашид бууруулахаар бэлтгэж байгаагаа Норгес банк мэдээлсэн.
Европын холбоо: Европын Төв банк 2020 оны гуравдугаар сард хийсэн уулзалтынхаа үеэр үндсэн зээлийн үйл ажиллагааны үндсэн хүүг 0 хувь тогтвортой түвшинд үлдээсэн байна. Зээлийн зээлийн дээд хэмжээг 0.25 хувь, хадгаламжийн хүүг -0.50 хувийн түвшинд хадгалсан.
Европын төв банк эдийн засагт мөнгө нийлүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгоход чиглэсэн багц зарласан. Багц нь урт хугацааны дахин санхүүжүүлэх нэмэлт үйл ажиллагаатай байна. 2020 оны зургадугаар сараас 2021 оны зургадугаар сар хүртэлх урт хугацааны зорилтот санхүүжилтийн үйл ажиллагааны илүү таатай нөхцөлийг 120 тэрбум еврогийн цэвэр актив худалдан авалт зэргийг багтаасан.
Герман улс: Герман улсын төрийн банк (Засгийн газрын удирддаг, гэхдээ төв банк биш) нь цар тахлын үр нөлөөг арилгахын тулд компаниудад 610 тэрбум ам.доллараар зээл олгох шийдвэр гаргасан. Мөн Герман улсын зүгээс “Ковид-19” вирусын эсрэг авах арга хэмжээнд 12 тэрбум евро зарцуулахаар шийдсэн. 2021 оноос 2024 онуудын төсөвт 3.5 тэрбум еврогийн төсвийг нэмэхээр болсон. Уг вируст эрсэдсэн бизнес эрхлэгчдэд Засгийн газраас 25 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөж байна.
Дэлхийн улс орнууд ААН, тэр дундаа ЖДҮ эрхлэгчдээ дэмжих чиглэлд эдийн засгийн эдгээр арга хэмжээг авсан байна. Дүгнэвэл, дийлэнх улс бодлогын хүүгээ нэгж хувиар бууруулжээ. Манай улсын хувьд өнгөрсөн сард бодлогын хүүгээ түүхэн доод түвшинд буюу зургаа дээр тогтоосныг Монголбанк зарласан. Араас нь Засгийн газар ус, дулаан, цахилгааны үнийг тэглэх шийдвэр гаргасан юм.
Монгол Улсад 160 гаруй мянган ААН бүртгэлтэйгээс 90 гаруй мянга нь татвар төлдөг буюу бодит бизнес эрхлэгчид байдаг. Үүний 63 мянга нь ЖДҮ эрхлэгчид бөгөөд ДНБ-ий 17 хувийг бүрдүүлж, улсын нийт экспортын 2.7 хувийг нийлүүлж байдаг юм.
Тэгвэл жижиг мэт харагдавч томоохон байр суурь эзэлдэг ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн наймдугаар сард Засгийн газар ЖДҮ-ийн агентлаг байгуулж, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хууль баталсан билээ. Энэ хуулийн хүрээнд агентлагийн дэргэдэх ЖДҮХС-ийн зээлийг жинхэнэ ЖДҮ эрхлэгчид авч байгаа төдийгүй зээлийг ил тод, нээлттэй, шударга тогтолцоогоор шүүлтүүрдэж байгаа нь сайшаалтай.
Гэхдээ цар тахлын дараах эдийн засаг, нийт ажиллах хүчний 80 хувийг бүрдүүлж буй ЖДҮ-ийн салбар макро эдийн засагт тийм ч хангалттай нөлөө үзүүлж чадахгүй хэвээр байгаа.
Тухайлбал, 2021 оны төсөвт ЖДҮ-ийн салбарт нэг ч төгрөг төсөвлөөгүй. Нэгэнт цар тахлын үед энэ салбарыг авч үлдэхийн тулд улс орнууд ямар арга хэмжээ авч буйг дурдсанийх хэдхэн харьцуулалт хийснээ мөн танилцуулья.
Азийн бар гэгддэг Сингапур улсын жижиг дунд үйлдвэр нь ДНБ-ний 50 хувий, нийт экспортын 16 хувийг нийлүүлдэг бол бидний хамгийн сайн мэдэх БНСУ-ын ЖДҮ-чид ДНБ-ний 51, экспортын 39-ийг, АНУ-ын тухайд ДНБ-нийт мөн 51, нийт экспортын 22,2 хувийг тус бүр бүрдүүлж байна.
Мөнгөн дүнгээр нь тооцвол, 20.8 их наяд ам.долларын ДНБ-тэй АНУ-ын ЖДҮ-чид 10,6 их наяд долларын үйлдвэрлэл эрхэлдэг бол 1. 5 их наяд ам.долларын ДНБ-тэй БНСУ- ын жижиг дунд үйлдвэрлэгчид 809 тэрбум ам. долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Харин 337,4 тэрбум ам.долларын ДНБ-тэй Сингапур улсын жижиг дунд үйлдвэрлэгчид 168,7 тэрбум долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ.
Монгол Улсын тухайд 13,8 тэрбум ам.долларын ДНБ-тэй бөгөөд жижиг дунд үйлдвэрлэгчид 230 сая ам.долларын үйлдвэрлэл хийж байна. Товчхондоо, Монголын ЖДҮ-чид Америкийн үйлдвэрлэгчдээс 4608, БНСУ- ынхаас 351, сингапурчуудаас 73 дахин жижиг байна гэсэн үг.
Тиймээс л манай улсын нийт ажиллах хүчний 80 хувийг, ААН- ийн 70 орчим хувийг бүрдүүлж буй энэ салбар хэт жижиг байгаа нь Монгол Улс буурай хөгжилтэй байгаагийн гол шалтгаан болж буй. Ковидын дараа ч амьдрал үргэлжилнэ. Тиймээс ЖДҮ-ийн салбараа цаашид орхигдуулалгүй, төсөв мөнгөө харамгүй хуваарилж, бодлогын бодит дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.