Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай хэлэлцэв.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “УИХ нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана” гэсний дагуу Сонгуулийн ерөнхий хорооны санал, Дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн нөхөн сонгуулийг 2020.12.10-ны өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, санал авах ажиллагааг 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөртэй хамт явуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Эл саналыг байнгын хорооны гишүүд дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул тогтоолыг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 49 гишүүний 30 нь буюу 61.2 хувийн саналаар дэмжиж баталлаа.
Дараа нь УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлд сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх, ашиглах талаар УИХ шийдвэр гаргахаар хуульчилсны дагуу 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрөхөөр боловсруулсан байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй хэмээн дэмжжээ.
Санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Т.Доржханд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. “New Image Cast” санал тоолох төхөөрөмж нь АНУ-д үйлдвэрлэсэн, тус улс сонгуулийн санал хураалтдаа ашигладаг болохыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хэллээ. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 70.2 хувь нь төслийг батлах нь зүйтэй хэмээн үзсэн тул “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоол батлагдав.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.