Монгол Улсад коронавирусийн халдвар голомтлон тархаад байгаа энэ үед иргэдийг буруу оношилж байгаа тухай Д.Нямбаяр доктор цахим орчинд идэвхтэй байр сууриа илэрхийлсээр байгаа билээ.
Тиймээс Монгол Улс дахь коронавирусийн оношилгоо болон оношлуурын талаар Япон улсын Рикен хүрээлэнгийн төслийн удирдагчаар ажиллаж байсан, одоо Япон улсын Каназава Үндэсний их сургуулийн Анагаахын сургуулийн дэд профессор, АШУҮИС-ийн дэд профессор, болон ХБНГУ-ын Мюнхений Техникийн их сургуулийн Эрдэм шинжилгээний багийн ахлагчаар ажиллаж буй доктор Д.Нямбаяртай цахимаар холбогдон ярилцлаа.
Тэрбээр коронавирусийн оношлуурыг дотооддоо үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэгт багтаж ажилласан эрдэмтдийн нэг юм.
– Монгол Улс цар тахал гарснаас хойш 10 сарын дараа дотооддоо халдвар алдаад байна. Яг энэ үед иргэдээ зөв оношилж чадахгүй байж магадгүй гэсэн байр суурийг та илэрхийлээд байгаа. Яагаад ингэж үзэж байгаа тухайгаа ярихгүй юу?
-Юуны өмнө бид гараа сайн угаагаад, маскаа сайн зүүгээд, хүн хоорондын зайгаа баривал халдвар тусах магадлал маш бага гэдгийг сануулахад илүүдэхгүй байх.
Дотоодод халдвар тархсаныг гурван зүйл дээр алдаа гаргасан байх магадлалтай гэж харж байгаа.
Оношилгооны асуудал
Халдвар хамгааллын дэглэмийн асуудал
Зохион байгуулалтын асуудал.
-Оношилгоо асуудалтай байж магадгүй гэсэн таны байр суурь нэлээд анхаарал татаж байгаа. Манай ЭМЯ-наас мэдээлж буйгаар олон улсад хийж байгаа, ДЭМБ-ын зөвлөснөөр оношилгоог хийж байгаа гэж байгаа шүү дээ.
-Шинжлэх ухаан талаасаа иргэдийг 14 хоног тусгаарлахад хангалттай тухай би олон удаа байр сууриа илэрхийлсэн. Учир нь коронавирусийн халдварын нууц хугацаа 5-7 хоног байдаг.
Нууц хугацаа гэдэг нь шинж тэмдэг илэрч эхлэх хугацаа. Түгээмэл байгаа шинж тэмдэг нь халуурах, ханиалгах гэх мэт ханиад томуугийн үед гардаг шинж тэмдгүүд байна. Гэхдээ нийт халдвар авсан хүмүүсийн 20%-д нь шинж тэмдэг илрээд 80%-д нь илрэхгүй байгаа. Тийм учраас шинж тэмдэггүй халдвар тээгчид вирусийг тарааж байгаа нь КОВИД-19 дэлхий даяар тархах гол шалтгаан болсон.
Гэтэл Монгол Улс дэлхийд хаа ч байхгүй 19, 20, 21 дэх хоног дээрээ коронавирусийн халдварыг илрүүлсэн тухай удаа дараа мэдээлж байна. ЭМЯ-ны цахим хурлаар “ДЭМБ-аас мэдээлснээр халдварын нууц үе 27 хоног байж болно” хэмээн худал мэдээлсэн.
Энэ нь шинжилгээ авч байгаа хоногуудад учир байгааг илтгэж байна. Өвчний нууц үе дунджаар 5 хоног гэдгийг дээр хэлсэн. Тэгэхээр хилээр нэвтэрч байгаа иргэд замдаа халдвар авсан гэж бодоход 7 хоногийн дараа оношлоход халдвар илрэх ёстой. Энэ үед илрээгүй юм гэхэд давтан шинжилгээгээр 3-5 хоногийн дараа илрэх ёстой. Тиймээс 14 хоногт коронавирус илрэхгүй байгаа хүн цоо эрүүл гэдэг нь баталгаатай. Өөрөөр хэлбэл, хоёр удаагийн шинжилгээ хийхэд хангалттай. Ялангуяа, тусгай үүргийн нислэгээр ирж байгаа хүмүүс халдваргүй гэдгээ баталгаажуулан шинжилгээ өгч байж онгоцонд сууж байгаа шүү дээ.
Тэгэхээр 21 хоног тусгаарлах нь эдийн засаг, сэтгэл санааны хувьд ч хүндрэлтэй бөгөөд шинжлэх ухааны үндэслэлгүй юм.
-Энхсаран сувилалд 21 хоног тусгаарлагдаад гурван удаа шинжилгээ өгөхөд сөрөг гарсан жолооч гэртээ гараад тав хоногийн дараа халдвар илэрсэн. Энэ талаар манай ЭМЯ албан ёсоор тайлбар хийгээгүй. Та мэргэжлийн талаас үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Ийм нөхцөлд халдвар авах хоёр л боломж байна.
Нэгд, оношилж чадаагүй гаргасан.
Хоёрт, тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд дотроосоо халдвар авсан байх магадлалтай.
Энэ асуудлыг сайн шалгаж, юунаас болсныг тогтоох нь дахин алдаа гаргахгүй байх үндэс болно. Тиймээс хариуцлагатайгаар үнэн мөнийг мэдээлэх шаардлагатай болов уу.
-Оношилж чадаагүй байх магадлалтай гэж Та хэллээ. Үүн дээр дэлгэрэнгүй тайлбар авмаар байна. Манай улс гадаадын орнуудаас тусламжаар болон худалдан авсан олон төрлийн оношлууруудыг ашиглаж ирсэн. Эдгээр оношлуур нь болохгүй байна уу, эмч мэргэжилтнүүддээ байна гэсэн үг үү?
-Аль аль талдаа байх магадлалтай. Яагаад гэвэл PCR буюу молекул биологийн шинжилгээг маш өндөр түвшинд бэлтгэгдсэн, туршлагатай боловсон хүчин хийдэг юм. Нөгөө талаар, коронавирусийн цар тахлын үед улс орнууд аль болох өөрийн гэсэн оношлууруудыг бүтээж эхэлсэн шүү дээ. Ингэхдээ өөрийн орны тоног, төхөөрөмж, технологидоо тохирсон оношлууруудыг бүтээсэн хэрэг. Энэ цаг үед манай улс ч гэсэн гадаад улсуудаас хараат бусаар, өөрийн улсдаа тохирсон оношлуурыг бүтээх ёстой юм байна гэсэн санаа төрсөн. Ялангуяа, цар тахлын үед энэ бол чухал зүйл.
Ер нь вирусийн геномын дараалал нь нийтэд ил болчихсон тохиолдолд оношлуурыг хийх боломжтой. Яг тэр үед ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн шинжээч Ганзориг доктор холбогдож, миний санааг Монгол хэрэгжүүлэх боломжийг судалъя гээд Д.Сарангэрэл сайдад гуравдугаар сарын үед төсөл бичиж явуулсан. Ийнхүү төсөл маань дэмжигдээд Ганзориг доктор, Мал эмнэлгийн хүрээлэнгийн доктор, профессор Б.Болдбаатар бид гурвыг оролцуулан ЭМЯ-нд Ажлын үндсэн хэсгийг байгуулсан.
Бидний хамгийн том зорилго бол дотооддоо оношлуур бүтээж, хэрэглээнд оруулахаас гадна Монгол Улсад мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх байв. Манай улсын хувьд энэ чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжилтэн цөөхөн байдаг. Харамсалтай нь биднээс үл хамаарах шалтгаануудаас болж манай ажил бүрэн хэрэгжих боломж одоогоор гарсангүй. Зургаадугаар сард ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал гэж хүн Ажлын хэсгийн даргаар томилогдсоноос хойш Ажлын хэсгийн хурал ганц ч хийгдээгүй.
-Геномын дараалал ил болсон тул оношлуур хийх боломжтой болсон гэж Та хэлсэн. Та бүхэн оношлуураа хийж чадсан уу?
-Бид оношлуураа гарган авч, хэд хэдэн шатны баталгаажуулалтыг амжилттай хийсэн. Эцсийн баталгаажуулалтыг ХӨСҮТ-д хийх ёстой байсан ч Ажлын хэсгийн дарга маань энэ чиглэлээр бидний ажлыг урагшлуулаагүй, гацаасан.
Гэхдээ энэ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой ажил учраас хүчний байгууллагууд ажиглаж байдаг юм билээ. Тиймээс ҮАБЗ болон тагнуулын байгууллагаас хамтран, эцсийн баталгаажилтыг хийх боломж олгосон.
Ийнхүү бид өөрсдийн оношлуураар тухайн үед ХӨСҮТ-д эмчлүүлж байсан, коронавирусийн халдвартай найман хүнийг шинжлэхэд дөрөвт нь халдвар илэрсэн бол дөрвөн хүн нь эрүүл байсан. Энэ нь манай оношилгоонд алдаа байж магадгүйг илтгэсэн.
-Наймхан хүний шинжилгээний хариунаас ийнхүү дүгнэх нь оновчтой юу?
-Илүү тодорхой яръя. ХӨСҮТ-д коронавирусийн шинжилгээ хийж байгаа хоёр лаборатори бий. Нэг нь Томуугийн вирусийн лаборатори бөгөөд КОВИД19 ийн шинжилгээг голлон хийж байгаа бол нөгөө нь Энхзаяа эмчийн ахалдаг БЗХӨ оношилдог лаборатори юм.
Энхзаяа эмчийн ахалдаг лабораторийн тухайд санамсаргүй түүвэрлэх аргаар 65 сорьц (-70 градуст гүн хөлдөөсөн)-д шинжилгээ хийж үзэхэд онош нь 100% таарсан. Харин нөгөө лабораторийн хариу дээр дурдсанчлан зөрүүтэй гарсан тул үр дүнгээ бид арилжааны хэд хэдэн төрлийн оношлуураар, хөндлөнгийн хяналт дор баталгаажуулсан.
-ҮАБЗ энэ тухай мэдсэн гэсэн үг үү?
-Мэдсэн байх ёстой. Видеогоор бүх үйл явцыг тэд баталгаажуулж авсан. Шторкийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлнэ гэдгээ тухайн үед тагнуулын байгууллагынхан хэлж байсан.
-Та үнэхээр ноцтой мэдээлэл өглөө. Эрдэмтэн хүн биш бол итгэмээргүй шахам зүйлийг ярьж байна. Хэрэв ХӨСҮТ, ҮАБЗ энэ тухай мэдсэн бол эргээд та бүхэнтэй холбогдсон уу?
-Энэ талаар эргэж холбогдоогүй.
Тухайн үед манай оношлуур мэдрэг болон өвөрмөц чанараараа гаднын арилжааны оношлуурууд болон одоогоор Монгол Улсад хэрэглэгдэж байгаа Япон болон Германы оношлууруудаас илүү сайн болсон нь тогтоогдсон. ХӨСҮТ-ийн шинжилгээ хийсэн эмч нь хүртэл өөрсдийн ашиглаж ирсэн олон төрлийн оношлууруудаас хамаагүй илүү болсныг хэлж байсан.
-Үүнийг та энгийнээр тайлбарлахгүй юу?
-Одоогийн байдлаар олон улсад хамгийн өндөр мэдрэг чанартай оношлуур тухайн сорьц дахь вирусийн геномын копи буюу энгийнээр вирусийн тоо 100 байхад халдварыг илрүүлэх чадвартай байгаа. Гэтэл Германы ононшлуурын мэдрэг чадвар нь 10,000 байхад тодорхойлох боломжтой нь олон улсын сэтгүүл дээр ч хэвлэгдсэн. Тиймээс 21 дэх хоног дээр вирус илэрч байгаа нь оношлуурын мэдрэг чанараас шалтгаалсан уу гэдгийг шалгаж тогтоох ёстой. Герман, Японы оношлуурын тухай би хэдэн сар ярьж байгаа. Би ганцаараа хэлээд байгаа биш, олон улсад харьцуулан судлаад гаргачихсан байгаа.
-Тэгвэл Та бүхний гаргаж авсан оношлуурын мэдрэг чанарын үзүүлэлт тухайн үед ямар байсан бэ?
-Баталгаажуулалтаар манай оношлуур вирусийн тоо 50-100 байх үед илрүүлж чадсан буюу маш өндөр мэдрэг чанартай оношлуур болсон нь тогтоогдсон.
-Тэгвэл ийм оношлууруудыг мэдсээр байж манай улс ашигласаар байгаа юм байна, тийм үү?
-Ингэж хэлсээр байхад Я.Амаржаргал дарга аравдугаар сарын 16-нд 6 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий оношлуурыг гадаадаас авах тендер зарлаад арваннэгдүгээр сарын эхээр тендер нь хаагдаж, худалдан авалт эхэлсэн. Ингэхдээ миний анхааруулаад байсан мэдрэг чанар муутай, Герман болон Японы оношлуураас авахаар тендерээ зарласан байсан.
Уг нь өндөр үнээр гадаадаас мэдрэг чанар муутай оношлуур авч байхаар өөрсдийнхөө эрдэмтдийн гарган авсан оношлуураар дотоодын хэрэгцээгээ хангаад явах нь үндэсний аюулгүй байдал талдаа ч хэрэгтэй баймаар. Тийм ч учраас бидний гарган авсан технологиор ЭМЯ дотооддоо оношлуур үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлээсэй гэж хүссэн.
Нэмж хэлэхэд, үндэсний эрдэмтдийн бүтээсэн оношлуурын үр дүнг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэх нь эрдэмтэн хүний хувьд хамгийн чухал зорилго байсан юм.
-Дотооддоо үйлдвэрлэх нь өртгийн хувьд ямар байх байсан бэ?
– Оношлуур олон бүрэлдэхүүн хэсэгтэй. Вирус тээвэрлэгч шингэн, праймер проб, PCR-ын урвалж гэх мэт зүйлс нийлж байж оношлуур болдог. Тухайлбал, Монгол Улс вирус тээгч шингэнээс 5,000 хүн туныг гаднаас 35 сая төгрөгөөр авсан байсан. Нэг хүн тун нь 7,000 төгрөг гэсэн үг. Үүнийг бид Монголдоо хийхэд цэвэр зардал нь 1,000 төгрөг хүрэхээргүй байгаа. Мөнгөө долоо дахин хэмнэх боломжтой гэсэн үг. Ийм санаачилгыг яагаад яам, мэргэжлийн байгууллагууд, ШУА-ийн эрдэмтэд одоо хүртэл гаргаагүй байгаа нь хачирхалтай санагдсан.
-Тэгвэл бүрдэл хэсэг биш, оношилгоо бүхэлдээ өртөг нь ямар байхаар байна вэ? Одоогоор нэг хүнд 160 орчим мянган төгрөгийн зардал гарч байгаа мэдээлэл бий.
-Бид эхний ээлжинд оношлуураа туршилтын журмаар хийсэн. Хаана, хэдийг үйлдвэрлэхээс шалтгаалж эцсийн үнэ гарах байх. Ер нь тог цахилгаан, ажиллах хүчний зардлыг оруулахгүй тооцоход 40,000 төгрөгт багтана гэсэн барагцаа тооцоо байна.
-ЭМЯ мэдээлэл хийхдээ ДЭМБ-ын зөвлөснөөр гэж байнга тодотгодог. Тэгэхээр ДЭМБ энэ талаар зөвлөдөггүй гэж ойлгогдож байна.
-ДЭМБ манай улсын байдлыг бүрэн хянах чиг үүрэгтэй байгууллага биш. Манай улсын дотоод хэрэгт оролцох ч ёсгүй.
-Өнөөдөр халдвар Монгол Улсад нэгэнт нэг бус голомтоос тархан халдварлаж байна. Ийм нөхцөлд юу хийх ёстой вэ. Ямар эрсдэл байна гэж та харж байна вэ?
-Халдварын хэд хэдэн голомт илэрсэн байгаа тохиолдолд яаралтай олныг хамарсан шинжилгээ хийх ёстой болов уу. Коронавирусийн шинжилгээг зөвхөн ХӨСҮТ-д төвлөрүүлж хийж байгаа нь ачаалал ихэсгэх тул улс хувийн эмнэлэг ялгалгүйгээр шинжилгээ хийх эрхийг нь гаргаж өгмөөр байна. Мөн үндэсний хэмжээнд даган мөрдөх стандарт арга зүйн зааварчилгааг яаралтай гаргах хэрэгтэй байна.
Эрсдэлийн хувьд улирлын шинж чанартай ханиад томуу ихсэж байгаа энэ үед COVID-19-ийг ялган оношлох асуудал мөн хурцаар тавигдах болов уу.
-Та дархлаа судлаач хүний хувьд өгөх зөвлөмж зөвлөгөө байна уу?
– ХӨСҮТ-д одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа 85 хүн халдвар аваад удаагүй гэж ойлгож байгаа. Коронавирусийн эсрэг эм тариа, вакцин нэвтрээгүй байгаа энэ үед дэлхийд хамгийн үр дүнтэй, найдлага төрүүлж буй арга нь КОВИД19-өөр өвчилсөн хүний биед үүссэн эсрэг биеийг эргүүлж тарих буюу конвалесцент плазма эмчилгээний арга билээ.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп эсрэг бие тариулж, маш хурдан хугацаанд эдгэсэн гэсэн яриа мөн үнэний хувьтай байж болно. Иймд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийнхээ цусыг шинжлээд, эсрэг бие өндөр хэмжээгээр ялгаруулж байгаа хүмүүсийг сонгон цусны сийвэнг нь авч хадгалах хэрэгтэй болов уу. Хэрэв нөхцөл байдал хүндэрч, хүмүүсийн амь нас эрсдэлд тулбал сийвэнг эмчилгээний журмаар ашиглах боломж байгаа болов уу.
Эх сурвалж: ikon.mn
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.