Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнгийн талаар МАН мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “НИТХ-ын 45 суудлаас 34 буюу 75.5 хувь, найман дүүрэгт 88.8 хувиар, дүүргийн ИТХ-ын 291 суудлаас 290 буюу 70 хувиар МАН ялалт байгууллаа. Мөн 21 аймгийн 13 буюу 62 хувь, 330 сумаас 185 буюу 56 хувьд МАН-ын нэр дэвшигчид ялалт байгууллаа. Ард иргэддээ баярлалаа. Хүчээ нэгтгэж сонголтоо хийсэн иргэдийнхээ итгэлийг алдахгүйн төлөө чармайн ажиллана. Мөн итгэлийг нь хүлээж чадаагүй найман аймаг, нэг дүүргийн иргэдийнхээ итгэлийг олж авахын төлөө хичээн ажиллана.
Орон нутгийн эрх барих бүтцийг байгуулах ажлыг богино хугацаанд зохион байгуулна. Итгэл хүлээлгэн саналаа өгсөн нийт ард иргэддээ МАН-ын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.
Найман аймагт ялагдал хүлээсэн шалтгааныг хоёр, гурван үндэслэлээр тайлбарлаж болно. Нэгдүгээрт, тухайн орон нутгийн удирдлага болон УИХ-ын гишүүдийн ажилд иргэд үнэлгээ өглөө гэж болно. Мөн бие даагчид тэр дундаа МАН-ын угшилтай бие даагчдын нөлөөгөөр санал хуваагдлаа. Орон нутгийн намын түвшинд дотоод эв нэгдлээ хангаагүй нь ялагдлын шалгаан болсон гэж үзэж байгаа. Дүрмийн дагуу ялагдал хүлээсэн намын дарга нар ажлаа өгнө” гэв.
Мөн нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “МАН-ын мөрийн хөтөлбөр бүх шатанд хэрэгжих ёстой гэсэн бодлогыг дэмжиж, ажил хийх нөхцөлийг бүрдүүлж өгсөнд баярлалаа. Энэ их итгэлийг зүтгэлээр хариулах болно. Хотын даргад хуульд заасан бүх шаардлагыг хангасан хүнийг нэр дэвшүүлнэ” гэсэн юм.