Г.Загдаа нарт холбогдох шүүх хурал болж байна

2020-10-8 Мэдээ, мэдээлэл
“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын  тэргүүн Г.Загдаа,  түүний эхнэр ГАмарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.10.08/ болж байна. Шүүх хуралдаан 10.00 цагт  эхэлсэн ч  10.38 цагт түр  завсарлажээ. 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг бусдыг удаа дараа хүчирхийлсэн, эхнэртэйгээ нийлэн хууль сахиулагчийн ажилд саад учруулсан хэрэгт  буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн юм. Хэргийг эргэн сануулахад,  иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан билээ.

Дөрөвдүгээр сарын 9-нд иргэн Д.Халиунаа мэдээлэл хийх үеэр “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худлаа зүйл ярьсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдсэн байдаг. Энэхүү мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мэдүүлэг тайлбар авах хуудсыг хүргүүлсэн ч хүлээж аваагүй учраас түүнийг албадан баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, шалгаж байсан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.