Монгол орны 2017 оны VI-VIII сарын цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур, Орчны шинжилгээний газраас гаргажээ. Энэ зуны уур амьсгал олон жилийн дунджаас 0.5-1.5 дулаан байх бөгөөд хур тунадас олон жилийн дундажтай адил байх төлөвтэй байна гэж Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ.
ЗУРГАДУГААР САР – 26-46 ММ ХҮРТЭЛ ХУР ТУНАДАС ОРДОГ
Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, Говь-Алтайн баруун, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд хэсгээр 10-14 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байдаг.
Зургадугаар сард агаарын дундаж температур Увсын зүүн, Ховд, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнодын хойд хэсэг, Завханы нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар уг дунджийн орчим байх төлөвтэй.
Уур амьсгалын дунджаар Хөвсгөлийн зүүн, Өвөрхангай, Төв, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсэг, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 48-70 мм, Баян-Өлгий, Увс, Өвөрхангайн өмнөд, Завханы баруун өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 8-28 мм, бусад нутгаар 29-46 мм хүртэл хур тунадас ордог.
Энэ сард Увс, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Завхан, Дорнодын хойд, Архангайн баруун хойд, Хөвсгөлийн баруун өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн өмнөд, Дундговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
ДОЛДУГААР САР – ДУНДЖААС 0,5-1.5 ХЭМЭЭР ДУЛААН БАЙХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 12-17 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-21 градус дулаан байдаг.
Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун хойд, Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.
Уур амьсгалын дунджаар Архангай, Булганы ихэнх нутаг, Хөвсгөлийн зүүн хагас, Өвөрхангай, Төв аймгийн баруун хойд, Сэлэнгийн баруун, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын хойд болон зүүн өмнөд хэсгээр 75-107 мм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр 13-44 мм, бусад нутгаар 45-75 мм хүртэл бороо ордог.
Долдугаар сард Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Говь-Алтайн баруун хойд болон зүүн өмнөд, Завхан, Сүхбаатарын баруун өмнөд, Баянхонгорын өмнөд, Дундговийн зүүн өмнөд хэсэг, Ховд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.
НАЙМДУГААР САР – ДУНДЖИЙН ОРЧИМ ХУР ТУНАДАС ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 20-25 градус, Баян-Өлгийн баруун, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байдаг.
Наймдугаар сард Завхан, Булган, Сүхбаатарын зүүн, Хөвсгөлийн баруун өмнөд, Архангайн баруун, Төв, Хэнтийн хойд, Сэлэнгэ, Дорнодын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.
Уур амьсгалын дунджаар хур тунадас Хөвсгөл, Архангайн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 71-100 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр 13-40 мм, бусад нутгаар 41-70 мм ордог.
Наймдугаар сард Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Хөвсгөлийн баруун өмнөд, Ховд, Говь-Алтайн өмнөд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговь, Дундговийн зүүн, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговийн нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.