Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий багш нарт төрийн дээд одон медаль гардуулах ёслол өнөөдөр боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 227 дугаар зарлиг гарган Монгол Улсын гавьяат багш цол, тэмдгээр “Шинэ иргэншил” дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Мишигийн Чимэддоржийг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Шинэ өнөөдөр” сургуулийн бага ангийн багш Баянжаргалын Цэрэнхүү нарыг шагнасныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг гардууллаа.
“Шинэ иргэншил” дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд тэргүүн дэд захирал, доктор, профессор Мишигийн Чимэддорж нь 1972 онд Улсын багшийн их сургуулийн Физик, математикийн факультетыг төгсөөд Төв аймгийн Заамар сумын 8 жилийн сургуулийн багшаар томилогдон ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ. Энэ цагаас хойш мэдлэг, чадвараа байнга дээшлүүлэн, ажил албан тушаал дэвшин боловсролын болон төр нийгмийн салбарт 48 жил тасралтгүй ажиллах хугацаандаа Монголын багш нарын дуу хоолойг Олон улсын тавцанд хүргэхийн зэрэгцээ Боловсролын тухай, Мэргэжлийн боловсролын тухай, Шинжлэх ухааны академийн эрхзүйн байдлын тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулиуд, Төрөөс боловсрол, шинжлэх ухааны тухай баримтлах бодлогын төсөл боловсруулахад гар бие оролцсон байна.
“Шинэ өнөөдөр” сургуулийн бага ангийн багш, тэргүүлэх зэрэгтэй, клиник профессор Баянжаргалын Цэрэнхүү нь 1977 онд Багшийн сургууль төгсөөд ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн бага ангийн багшаар томилогдон, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, тус сургуульдаа тасралтгүй 43 жил багшилж байна.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, хийсэн бүтээснээ үнэлүүлж, Төрийн дээд шагналаар шагнагдсан багш нарт баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүслээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30421
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.