Өмнөд солонгосчууд шинэ Ерөнхийлөгчөө сонгож байна

2017-05-9 Ертөнц

Өмнөд Солонгосчууд өнөөдөр шинэ Ерөнхийлөгчөө сонгож байна. “Ард түмний гүнж” хэмээн хүндлэгдэж байсан экс Ерөнхийлөгч Пак Гын Хэ авлига, албан тушаалын хэргээр суудлаасаа дуулиантайгаар огцорсноор Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө зарласан билэа. Өмнөх Ерөнхийлөгч төрийн ажил хэрэгт дотны найзаа хутгалдуулж, томоохон компаниудаас авлига авсан хэргээр шүүхийн хаалга татаад буй энэ үед солонгосчууд нэр цэвэр хүнийг төрийн тэргүүнээ болгох хүсэлтэй байна.  Тийм ч учраас өнгөрсөн сонгуулиар Пак Гын Хэд ялагдсан, Ардчилсан намын нэр дэвшигч Мүн Жэй Ин нэр цэвэр улстөрч гэгдэн, хамгийн өндөр рейтингтэй яваа юм.

Энэ удаагийн сонгуульд солонгосчууд тун идэвхтэй оролцох шинжтэй байгаа аж. Урьдчилсан санал хураалтаар нийт сонгогчдын 26 хувь буюу 11 сая хүн саналаа өгсөн байна. Сонгогчдын хувьд авлига, албан тушаалын хэрэгт орооцолдохгүй зөв хүнийг сонгохыг эрхэмлэж байгаа ч бас улсынхаа эдийн засгийг улам хөгжүүлж, авлигын эсрэг тэмцэж чадах хүнийг сонгох хүсэлтэй байгаа нь саяхны санал асуулгаас харагджээ. Түүнчлэн Хойд хилийнх нь цаана орших үндэс угсаа нэгтэй Хойд Солонгосын аюул заналыг дотоод асуудлаас нь чухал гэж тооцохгүй байгаа нь судалгаанаас харагдсан байна.  Гэвч шинэ Ерөнхийлөгчийн ажлаа аваад анхаарах хамгийн чухал асуудал нь Солонгосын хойгт үүсээд буй хурцадмал байдал байх нь гарцаагүй юм.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.