Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг түрээслээд өмчлөх боломжтой орон сууцны хөтөлбөрт хамруулна

2020-05-1 Парламент

Монгол Улсын Их Хурлын чуулганы лхагва гарагийн нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг баталсантай холбогдуулан өнөөдөр (2020.05.01) УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. 

Хуулийн зорилт нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдээллийн эхэнд хэлэхдээ, “Хуулийн төслийг хэлэлцэх явцад олон нийтийн дунд сошиал орчинг хаах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг зөрчих зохицуулалт байгаа мэтээр буруу ташаа ойлголт явсан. Хуулийн 14.2-т  “Цар тахлын талаарх цаг үеийн болон түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой үнэн, бодит мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч олон нийтэд хүргэнэ” гэсэн зохицуулалт орсноос биш хааж боосон заалт байхгүй. Харин цар тахалтай холбоотой худал мэдээлэл олон нийтэд түгээсэн бол Зөрчлийн тухай хуулиараа хариуцлага тооцно. Улс оронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан иргэдийн зорчих эрхийг хязгаарлах шаардлага үүсэж байгаа учраас олон улсын хүний эрхийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу холбогдох зохицуулалтуудыг хуульд тусгасан” гэв. 

Мөн уг хуульд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой зохицуулж, төсөв, санхүүгийн онцгой эрхийг Засгийн газарт олгохоор заажээ. Тодруулбал, шаардлагатай нөхцөлд батлагдсан төсвийг нэмэгдүүлэхгүйгээр дотооддоо төсвийн зохицуулалтыг хийх эрх мэдлийг Засгийн газарт олгосон бөгөөд УИХ-аас Түр хороо байгуулж, хяналт тавихаар тусгажээ. 

Хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналын дагуу нийгэм, эдийн засгийн холбогдох зохицуулалтуудыг нэмж,  хууль хоорондын болон хүний эрхийн зөрчил гаргахгүйн тулд энэхүү нэг удаагийн хуулийг баталсан гэдгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэллээ. 

Хуулийн хүрээнд эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна. Тухайлбал, Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж алба хаагчдыг түрээслээд өмчлөх боломжтой орон сууцанд хамруулах ипотекийн зээлийн тусгай хөтөлбөр гаргахаар тусгасан байна. 

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд дараах зарчмуудыг баримтлах юм байна.

-Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эмнэлгийн үйлчилгээ тэгш байх,

-Шуурхай, ил тод, хариуцлагатай байх,

-Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх,

-Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах,

-Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх,

-Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг авч ажиллах зэрэг багтжээ.

Мэдээллийн төгсгөлд гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.