Видео: 2-3 иргэн нийлж хоршоо, нөхөрлөл хэлбэрээр зээл хүсч болно

2020-04-30 Нийгэм

Энэ жил Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 50 тэрбум төгрөгийн зээл олгоно. Үүнээс 21 аймаг бүрт нэг тэрбум төгрөг хуваарилагдана. Өөрөөр хэлбэл, орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид энэ зээлд хамрагдах боломжтой. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тус сангийн захирал Б.Батцэцэгтэй тодорхой мэдээллийг хүргэн ярилцжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тус сангаас энэ сарын 20-нд зарласан мэдээллийг өөрийн нүүр хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн юм. Энэ дагуу 21 аймгийн иргэдээс ЖДҮ-ийн талаар тодорхой мэдээлэл, сургалт авах хүсэлт ихээр ирүүлжээ. Иймээс иргэдээс ирүүлсэн асуулт, тодорхой мэдээлэлд, мөн эргэлзээтэй асуултуудад хариулт өгөх зорилгоор ийнхүү тус сангийн захиралтай “Нүүр тулсан” ярилцлагын ширээнээ хөөрөлдсөн байна. Тэдний ярилцлага “ЖДҮХС-гийн зээлийн журам өөрчлөгдсөн. Ямар өөрчлөлт орсон бэ. Зээлийг багцаар нь олгоно гэж байгаа нь ямар учиртай вэ?” гэсэн асуултаас эхэлжээ.

Б.Батцэцэг: Миний бие энэ ажлыг 2019 оны 02 сард хүлээн авч ажиллаж эхэлсэн. ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй олгож байгаа зээлийн үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн. Ингээд сангийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, жинхэнэ ЖДҮ эрхлэгчиддээ зээлийг олгоход анхаарч  ажиллаж байна. Энэ хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчидтэй нүүр тулж уулзан, жаргал зовлонг нь сонсч журманд өөрчлөлт оруулсан.

Шинэ журам 2019 оны 04 сард батлагдсан. 1 жилийн турш мөрдөгдөж байна. Засгийн газрын 2020.03.25-ны өдрийн 113 дугаар тогтоолоор журам шинэчлэгдсэн. Энэ хүрээнд зээл олгогдохоор болж байна. Шинэ журамд:

-Бизнес эрхлэгчид татвар, нийгмийн даатгалын өргүй, санхүүгийн хариуцлага сайтай байх ёстой

-Хувь хүн иргэн аж ахуйн нэгж аливаа өндөр дээд албан тушаалтантай хамаарал бүхий этгээд байж болохгүй

Өөрөөр хэлбэл, хэн нэгэн албан тушаалтны дэмжихийг хүссэн гарын үсэг ч шаардлагагүй болсон гэсэн үг. Энэ хүрээнд сангийн зүгээс холбогдох газруудаас мэдээлэл авч 976 өндөр дээд албан тушаалтантай хамаарал бүхий этгээдүүдийн жагсаалтуудыг гаргасан.

Сангийн хэмжээнд 1411 зээлийн хүсэлт ирсэн. Улсын хэмжээнд 2744 иргэн, аж ахуйн нэгж зээлийн хүсэлтээ өгсөн. Нийт ирсэн зээлийн хүсэлтийн зээлийн хэмжээ нь 487 тэрбум төгрөг байсан.

Д.Тэрбишдагва: Энэ жил 50 тэрбум төгрөгийн зээл олгоно?

Б.Батцэцэг: Жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн эх үүсвэр үнэхээр хэрэгтэй байна. Гэтэл сангаар дамжуулан 47 тэрбум төгрөгийн зээл олгохоор УИХ-аар баталсан. Эрэлт 10 дахин өндөр. Иймээс өрсөлдөөн асар өндөр байгааг үүнээс харж болно.

Д.Тэрбишдагва: Барьцаа хөрөнгөгүй аж ахуйн нэгжүүд бий. Уг нь хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй. Гэвч төсөл бичиж мэдэхгүй, барьцаа хөрөнгөгүй. Ийм хүмүүсийг дэмжих, тэдэнд хөрөнгөлөлт  урамшуулал олгох боломж санд бий юу. Хэрэв банк шиг барьцаа хөрөнгө шаардаж, олон шалгуур тавьбал тэд энэ сангийн зээлд хамрагдаж чадахгүй?

Б.Батцэцэг: Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хууль 2019 онд батлагдсан. Үүнтэй холбоотой жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн ангилал өөрчлөгдсөн. Бичил, жижиг, дунд гэж 3 ангилсан. Өөрөөр хэлбэл, өрхийн үйлдвэрлэлийн түвшинд байгаа хоршоо, нөхөрлөл, 10 хүртэл ажилтантай, жилийн борлуулалтын орлого нь 300 сая хүртэл бол бичил ангилалд багтана. Энэ ангилалын аж ахуйн нэгж сангаас шууд зээл авах боломжтой.

Д.Тэрбишдагва:  Орон нутгийн иргэд ЖДҮХС-гийн зээлд хамрагдахыг хүсвэл хэрхэн хандах уу?

Б.Батцэцэг: Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажилтан аймаг бүрт бий. Тэд орон нутгийн иргэдэд төсөл хэрхэн бичих, сангийн зээлд хэрхэн хамрагдаж болох талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажилладаг. Өөрөөр хэлбэл, 21 аймагт ЖДҮХС-д хамрагдах төслийг хүлээн авч байгаа. ЖДҮХС-гаас хамгийн доолд тал нь 20 сая төгрөгийн зээл хүсч болно.

Хуулиар иргэн зээл авах боломжгүй болсон. Иймээс 2-3 иргэн нийлж хоршоо, нөхөрлөл хэлбэрээр зээл хүсч болно.

Д.Тэрбишдагва: Засгийн газрын хуралдаанаар ногоо, тариалан эрхлэгчдийг дэмжих чиглэлээр 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хүрээнд 100 тэрбум төгрөг байна. Танай санд 50 тэрбум төгрөг. Ганц ЖДҮХС бус тэдгээр зээлд хүсэлт гаргасан дээрх 2744 аж ахуйн нэгжийг хамруулах боломж бий юу?

Б.Батцэцэг: Засгийн газраас сүүлийн 10 гаруй жилд ЖДҮХС-гаас 970 тэрбум 8000 гаруй аж ахуйн нэгжид олгосон байдаг. Ингэхдээ нэг цонхны бодлогоор явахгүй бол жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн зээл, тусламж олон. Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас ноос ноолуурыг дэмжих зээл олгодог. Мөн ЖАЙКА жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл олгодог. Иймээс бодлогоо нэгтгэхгүй бол үр дүн багатай байна гэж үзээд Засгийн газрын 2019 оны 87 дугаар тогтолоор ЖДҮ-ийг дэмжих хөрөнгийн эх үүсвэрийг нэг бодлогоор, нэг цонхоор явуулахаар шийдвэрлэсэн.

Д.Тэрбишдагва: 50 тэрбум төгрөгийг 9 салбарт олгоно гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл иргэдэд өгнө үү?

Б.Батцэцэг: Энэ жил сангаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд 50 тэрбум төгрөгийн зээл олгоно. Үүнийгээ 9 гол салбарт олгох салбарын сайдын тушаал бий. Үүнд

– Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах салбар. Малынхаа үр шимийг ашиглан коронавирусийн үед өрх бүр үйлдвэрлэгч байх уриан дор энэ ажлыг зохион байгуулна.

– Дотор мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах. Ковид 19 халдвараас сэргийлэх, биеийн эсэргүүцлийг дэмжих зорилготой. Мөн цаашид экспортод гаргах боломж нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд

– Жимс жимсгэнэ боловсруулах

– Зоорь хүлэмжийн аж ахуйг дэмжих

-Арьс шир боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх

– Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх

– Сав баглаа боодол

-Аялал жуулчлалын салбар. Энэ жилийн хувьд хамгийн уналттай байгаа салбар гэж тодорхойлж болно. Иймээс шинээр оруулж ирсэн.

-Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, ариутгал халдваргүйтлийг нэмэгдүүлэх. Монгол Улсад ганцхан маскны үйлдвэр бий. Мөн импортыг орлох ариутгалын үйлдвэрлэл, үйлчилгээ чухал байгаа учраас мөн шинээр оруулж ирсэн.

Тус ярилцлагыг бүрэн эхээр хүргэж байна.

Жинхэнэ ЖДҮ-чид маш олон болтугай #2

ЖИНХЭНЭ ЖДҮ-чид МАШ ОЛОН БОЛТУГАЙ #2ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох төсөл хүлээн авах мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан хүргэхэд маш олон хүнээс асуулт, зөвлөгөө авахыг хүссэн сэтгэгдэл зурвасууд ирлээ. Тиймээс жинхэнэ ЖДҮ-чид маш олон болох болтугай гэсэн өөрийн чин хүслийн үүднээс мөн ард түмний элч төлөөлөгч болон сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд иргэдэд мэдээллийг хүртээмжтэй түгээх ёстой үүргийнхээ хүрээнд судалгаа хийсний дүнд энэ ярилцлагыг хийсэн юм. Надад хандсан олон иргэний итгэл найдварыг тээж асуултынх нь хариуг хамгийн баттай эх сурвалжаас хүргэе, ер нь энэ сангийн үйл ажиллагаатай танилцъя гэж шийдээд ЖДҮХС-н захирал Б.Батцэцэгтэй уулзаж ярилцлаа. Энэ ярилцлагаараа би ч бас сангийн үйл ажиллагааны талаар шинэ мэдээлэл авлаа. Ард иргэдийн ашиг орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болох маш олон төрлийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж байна. Гагцхүү мэдээллийн давуу байдлаар ашиглаж ирсэн хэсэг бүлэг хүмүүсийн харгайгаар энэ санд “муу нэр” харлаж үлдсэн нь нууц биш…Одоо энэ сангийн шинэ удирдлага, баг үйл ажиллагаагаа ил тод, хүртээмжтэй болж эхлэх анхны алхамуудаа хийж эхэлсэн нь маш сайн хэрэг. Тиймээс “дарга нар хуваагаад авчихдаг юм чинь жирийн ард надад олдохгүй биз дээ” гэсэн ойлголт нийгэмд тогтох хүртэл явж ирсэн шударга бус хуваарилалтын тогтолцоог өөрчлөхийн төлөө дуу хоолой, үйл хэргээрээ бүгд нэгдэцгээе. Ярилцлага #цуврал болон үргэлжилнэ… Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /SME FundBEST programМонголын Хүнсчдийн Холбоо

Posted by Дэндэвийн Тэрбишдагва on Wednesday, April 29, 2020

 

 

 

 

 

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.