АН-ын зөвлөл Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэв

2020-04-20 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдаж, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцжээ.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар энэ сарын 17-нд өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төсөлд цар тахлын үед УОК, Засгийн газар болон бусад төрийн байгууллагын шийдвэрлэх асуудал, иргэн, аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар дэлгэрэнгүй тусгасан байна. УИХ дахь АН-ын зөвлөлөөс уг хуулийн төслийг хэлэлцээд өмнө нь УИХ-ын дарга болон Засгийн газарт хүргүүлсэн эдийн засгийг дэмжих 5 багц, 38 зүйл бүхий саналыг төсөлд тусгах нь зөв хэмээн үзжээ. Уг саналд 2020 оны улсын төсөвт тодотгол хийж, “COVID-19” халдвараас үүндэн ажилгүй болсон иргэдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сараар буюу 1.2 сая төгрөг олгох, төрийн байгууллага, албан тушаалтны том оврын автомашин, утас, томилолт, баяр ёслол, хурал, уулзалт, зөвлөгөөнийн зардлыг хасах асуудлыг тусгасан юм. Мөн Төвбанкинд Засгийн газрын бондыг арилжаалж, банкуудад санхүүгийн зузаатгал хийж, зээлийн шаардлагыг бууруулах эрх олгох, ажлын байрыг хэвээр хадгалсан аж ахуйн нэгжид Хөгжлийн банк болон Төрийн банкаар дамжуулан жилийн 3 хувийн хүүтэй санхүүжилт олгохоор тусгаад буй юм.

Мөн зөвлөлийн хуралдаанаар  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн  Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. Уг хуулийн төсөлд аудитын байгууллагын бие даасан байдлыг хангах шаардлагатай гэдэг зөвлөлийн гишүүд санал нэгджээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.