АН: Гадаадад байгаа иргэдэд сар бүр 500 ам.доллар олгох төсөл өргөн барилаа

2020-04-15 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд гадаадад хүнд нөхцөлд байгаа иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2020.04.15/ өргөн барилаа.

Төсөлд:

-Цар тахлын улмаас гадаад улсад хөл хорио болон олон улсыг нислэг зогоосны улмаас хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах үүднээс эх орондоо ирэх хүсэлтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэн бүрт агаарын хил нээгдэж, эх орондоо ирэх хүртэл нь сар бүр $500 санхүүгийн дэмжлэг үзүүлэх, 

-Монгол Улсын иргэний эрхийг хамгаалах  түр журам боловсруулж хэрэгжүүлэх,

-Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, Консулын газрыг тухайн улсад хүнд нөхцөлд байгаа өвчтэй, хөгжлийн бэршээлтэй, өндөр настай, хүүхэд, оюутнууд, санхүүгийн бэрхшээлд орсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг бүртгэх ажлыг зохион байгуулах,

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ “Бидний санаачлан хүргүүлж буй энэхүү санхүүгийн дэмжлэгийг гадаадад ажиллаж буй иргэдэд үзүүлвэл, сард 25 сая ам.доллар буюу 69 тэрбум 535.5 сая төгрөг, хагас жилээр тооцвол 417 тэрбум 213 сая төгрөг болно. 2020 оны төсвийн 3.1 их наядын хөрөнгө оруулалтыг танаж, уг тогтоолын төслийг хэрэгжүүлэх боломжтой. Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн сөрөг үр дагавар үүсэхгүй гэж үзэж байна. Харин ч гадаад улсад хүнд нөхцөлд орсон иргэдийнхээ эрхийг хамгаалж, эдийн засгийн болон сэтгэл зүйн тусламж дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой. АН цар тахалтай холбоотойгоор дөрөв дэх тогтоолын төсөл, саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байна. Удаа дараа бидний хүргүүлсэн санал, хуулийн төслүүдийг эрх баригч нам үл ойшоосон байдлаар хандаж хайхрахгүй байгаа. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал аль нэг улс  төрийн намын асуудал биш, үндэсний аюулгүй байдлын асуудал учраас бүх улс төрийн нам, иргэд, төрийн буй байгууллагад  хамаатай” гэсэн юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.