АН шинэ даргаа ирэх сарын 12-нд батламжлана

2017-01-30 Нам хөдөлгөөний амьдрал

Ардчилсан намын дарга З.Энхболд болон намын удирдлагууд, намын сонгуулийн хорооны удирдлага намын даргын сонгуулийн дүн мэдээг өнөөдөр танилцууллаа. Мөн нэр дэвшигчдээс Ж.Батзандан болон С.Эрдэнэ нар ирсэн бол бусад нэр дэвшигчид ирж амжаагүй гэдгийг хэвлэлийн хурлын эхэнд онцолсон юм. АН-ын даргын сонгууль 21 аймаг, есөн дүүрэг 330 сум, 17 тосгонд 361 газарт санал авсан байна. Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлд нийт 176 мянган гишүүн бүртгүүлсэн ч 120703 нь санал өгөх эрхтэй болсон байна. Үүнээс 71,2 хувь ирцтэй буюу 85 939 хүн санал өгчээ.

Нэр дэвшигчид нийт 8350 онооноос хамгийн их оноог цуглуулах ёстой байсан. Үүнээс,

  • Н.Алтанхуяг – 2033,08
  • Ж.Батзандан – 1110,77
  • Л.Гантөмөр – 1417,83
  • С.Эрдэнэ- 2928,92
  • Д.Эрдэнэбат – 857,22 оноог тус тус авсан байна.

Хамгийн өндөр оноо буюу 2928,92 оноогоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ намын даргаар сонгогдсон байна.

Тус нам VII Их хурлаа хоёрдугаар сарын 12-нд хийхээр төлөвлөж буй аж. Энэ хуралдаанаар шинээр сонгогдсон намын дарга С.Эрдэнийг батламжилж, намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх юм. Мөн тус хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах, намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулна. Намын үндсэн дүрмийн шинэчлэлээр намын дарга болон намын удирдлагууд намаа сонгуульд ялагдуулбал огцордог, аймаг, дүүргийн намын хорооны дарга нар УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байх зэрэг өөрчлөлтүүдийг оруулахаар бэлтгэж байгаа юм байна.

Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Сонгууль зохион байгуулах явцад тодорхой зөрчлүүд гарсан. Энэ зөрчлүүд ямар журмаар зохицуулах вэ?

-Сонгууль зохион байгуулах хугацаанд мэр сэр гомдол саналууд сонгуулийн салбар хороонд ирсэн. Үүнийг шат шатны сонгуулийн хороод шийдээд явж байгаа. Намын даргын сонгуулийн хороонд гомдол, хүсэлт ирсэн. Намын даргын сонгуулийн дүрэм хяналтын дэд хороо ирсэн гомдол бүрт зохих дүгнэлтийг гаргаж өгөөд явсан.

-Танай намын нэлээд гишүүн саналаа өгч чадаагүй гэсэн мэдээлэл байсан?

-Арванхоёрдугаар сарын 21-нд таван нэр дэвшигчидтэй уулзсан. Анхан дунд шатны намууд шинэ хүн бүртгэж авахгүй байна, тиймээс бүртгэлийг нээж өгөөч гэсэн хүсэлт тавьсан учраас аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороо бүртгүүлээгүй тохиолдолд төв нам дээр ирж бүртгүүлж болно гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл төв нам дээр бүртгүүлсэн 16 мянга орчим гишүүдийг бөөнөөр бүртгэх явдал гарсан учраас бүгдийг нь хүчингүй болгох шийдвэр гаргасан. Өнөөдрөөс эхлээд энэ 16 мянган гишүүд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдана. Тодорхой нэр бүхий гишүүдийг санал өгүүлээгүй гэсэн мэдээлэл явж байсан. УИХ-ын гишүүн байсан ч, дарга байсан ч анхан шатны байгууллага дээрээ бүртгүүлэх, өөрийн биеэр ирээгүй учраас саналаа өгч чадаагүй тохиолдол гарсан.

-Намын даргаар С.Эрдэнэ сонгогдвол З.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн тохироо хийгдсэн мэдээлэл яваад байна?

-Би Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор хэлсэн. Би 2020 он хүртэл ямар нэг албан тушаал хашихгүй, 2020 онд УИХ-ын сонгуульд оролцоно. Намын энэ хүнд ажлаас хурдан өгөөд, жирийн хүн шиг амармаар байна. Намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын сонгуулийн маргааш өгсөн. Долдугаар хурлаар намын даргаас албан ёсоор чөлөөлөгдөнө.

-Бусад нэр дэвшигчид тань С.Эрдэнийг дэмжиж ажиллах болов уу?

-АН-ын даргын сонгуулийн нээлтийн үеэр ч хэлж байсан нэг зүйл бол бусад нэр дэвшигчээ өрсөлдөгч гэж хараагүй. АН-ын шинэчлэлийн төлөө хамтран зүтгэгч нар гэж харж байгаа. Цаашдаа бусад дөрвөн нэр дэвшигчтэйгээ хамтран ажиллана.

Үг хэлэхдээ бид эв нэгдэлтэй байна гэж ярьдагч хоорондоо эв нэгдэлгүй байгаа чинь үйлдлээрээ харагддаг. Яг одоо эвтэй байсан бол нэр дэвшигч Ж.Батзандангаас бусад нь яагаад ирсэнгүй вэ. Энэ нь С.Эрдэнийг дэмжихгүй гэсэн эсэргүүцлийн нэг хэлбэр мөн үү?

С.Эрдэнэ:

-Эв нэгдлийг үг, үйлдэл гээд олон зүйлээр илэрхийлж болно. Нэг үйлдлээс болж эв нэгдэлгүй байна гэж харах нь өрөөсгөл ойлголт. Өнөөдөр бид тавуулаа хамт явж, нэг зарчим барьж ажилласан. Хэн нэг нь ялсан ч бусад нэр дэвшигчид нь дэмжиж ажиллана гэсэн. Эсэргүүцсэн бус хүндэтгэх шалтгаантай байсан учраас өнөөдөр ирээгүй байх гэж бодож байна.

-С.Эрдэнэ намын дарга болж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ зарлаж болох уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би тодруулахгүй. VII их хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодорхой болгоно. Миний хувьд сунгаагаар Ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг сонгох нь зүйтэй гэж бодож байна.

-АН-ын шинэ дарга АН-ыг фракцигүй нам болгож чадах уу?

-АН-ын даргын сонгуулийн гол зорилго нь намын эв нэгдлийг бий болгох. Намыг шинэчлэлийн хамгийн том зорилго буюу нам дотроо ямар нэг фракцгүй байх зорилго байсан. Нийт гишүүдээс сонгогдсон намын даргын хувьд аль нэг бүлэглэл, фракц гэж явах эрх байхгүй. Энэ нам энэ цаг мөчөөс эхлэн фракци давамгайлсан үйл ажиллагаа явахгүй гэдгийг хариуцлагатай хэлж байна.

-Намын даргын хувьд намын ерөнхий нарийн бичгийн даргаар ямар хүнийг томилох вэ?

-Дөнгөж сонгуулийн дүн гарсан учраас томилгоог яаран сандран хийх нь зохимжгүй гэж бодож байгаа. Намын генсек бол гал тогоог удирдах хүн учраас зөв хүн олж тавихын төлөө ажиллана.

-АН-ын бүлгийн дарга Ж.Батзандан болох уу?

-40 хоногийн турш гишүүдээс намын эв нэгдлийг хангаж, ардчилалын төлөө яваарай гэсэн. Энэ утгаараа ялагчаа хүлээн зөвшөөрч, хамтран ажиллахаа илэрхийлж хэвлэлийн хуралд оролцож байна. Өнөөдөр би УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байгаа. Ямар нэг албан тушаалд очих гэж энд ирсэн зүйл биш.

-С.Эрдэнэ гишүүнийг мөнгө тараасан гэсэн бичлэг явж байсан. Үүн дээр тайлбар өгөхгүй юу?

С.Эрдэнэ:

-Мөнгө тараасан нэг ширхэг ч үйлдэл байхгүй. Хэрэв мөнгө тараасан үйлдэл байдаг юм бол би намын даргын албан тушаалд очихгүй байх ёс зүй надад бий. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл зохион байгуулалттайгаар энэ үйлдлийг хийсэн гэж бодож байна. Үүнийг сонгуулийн хороо ялгаж байгаа байх гэж бодож байна.

 Эх сурвалж: Newsmedia.mn

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.