Иргэдийн анхааралд: УУШИГНЫ ШИНЭ ТӨРЛИЙН “КОРОНАВИРУС”ЫН ХАЛДВАР АВСАН ИРГЭН ЯПОН УЛСАД БҮРТГЭГДЭВ

2020-01-21 Ертөнц

Япон улсын Канагава мужийн оршин суугч БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдээд буй уушгины хатгалгаа өвчин үүсгэгч шинэ төрлийн “коронавирус”-ын халдвар авсан тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яам энэ сарын 16-ны өдөр мэдэгдэв.

Япон улсын ЭМХНХЯ-ны мэдээлснээр нэгдүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-ын Ухань хотоос эх орондоо буцаж ирсэн 30 орчим насны эрэгтэй уушигны хатгалгаа өвчин туссан хэмээн оношлогдож, улмаар эмнэлгийн нарийвчилсан шинжилгээгээр дээрх вирусын халдвар авсан нь батлагдсан байна. Ингэснээр БНХАУ-д гарсан шинэ төрлийн “коронавирус”-ын халдварыг япон иргэн авсан анхны тохиолдол бүртгэгдсэн болохыг японы тал ийнхүү албан ёсоор зарлав. Японы албаны эх сурвалжийн мэдээлснээр дээрх иргэний гэр бүлийн хүмүүс, эх орондоо буцаж ирсний дараах “хавьталуудыг” эмнэлгийн байгуулага хяналтандаа авсан ба одоогоор нэмж өвчилсөн хүн гараагүй байна.

Үүнтэй холбоотойгоор Япон улсын Засгийн газар Ерөнхий сайдын ажлын албаны Онцгой байдлын штабт шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. Үүнээс гадна, гадаад улс орноос ирж буй иргэдэд ханиад болон халуурах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэгт мэдэгдэх, өвчний голомт бүхий бүс нутгаас ирсний дараа өвчний шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандсан тохиолдолд зорчсон орон, өвчний шинж тэмдгийн талаарх мэдээллийг яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.

БНХАУ-д бүртгэгдээд буй уушигны хатгалгаа өвчний тохиолдол Япон улсад гарсантай холбогдуулан тус улсад суугаа манай иргэд анхаарал болгоомжтой байж, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна уу.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.