Г.Занданшатар даргатай энэ удаагийн парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналтайгаар баталж, түүхэнд нэрээ үлдээлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Орхон аймаг 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас эхлэн Эрдэнэт хот гэдэг нэртэй болох эхлэл тавигдав. Өмнө нь бид Эрдэнэт хот гэдэг нэртэй байлаа. Тэртээ 1974 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг гарч Эрдэнэт хотыг байгуулсан. Тэгтэл 1994 онд хуульд өөрчлөлт орж Орхон аймаг нэртэй болсон. Үүнээс харвал энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бид Эрдэнэт хот нэрээ эргүүлэн авч байна. Түүнээс биш шинээр авч байгаа хэрэг биш л дээ.
Хот болох нь ч яах вэ, түүний наана олон асуудал бий. “Орхон аймаг Эрдэнэт хот боллоо” хэмээн баярлаж энд тэнд хундага харшуулж, бас дээр нь аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгч нөхөр “Би түүхэнд үлдлээ. Орхон аймгийн хамгийн сүүлчийн ИТХ-ын төлөөлөгч байлаа. Үр хүүхэд минь ааваараа бахархана” гэж уйлахаас наахнуур сууна. Тэр юу ч биш, цахим орчинд бол жинхэнэ утгаараа бие биендээ долгинож, бөгс байтугай юуг нь долоохноос наахнуур байна. Хэт баярласан нөхдийн артерийн даралт огцом нэмэгдэж улмаар бүр дурандаа халуурч буй бололтой. Тухайлбал, “Эрдэнэт хот болсноор Булган аймгаас Бугат, Хангал хоёр сумыг нь авах гэнэ. Тэгээд Эрдэнэтэд байгаа Булганыхан аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалыг хүчээ зузаатгалаа амжилт хүсье, дарга аа та шүү. Ирэх сонгуульд ногоон гэрлээр шууд гарна” гэж бурж буй сурагтай.
Хот болох эхний даваа бол үнэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтөд “Засгийн газар Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэх” тухай Б.Жавхлан, Д.Хаянхярваа, О.Содбилэг, Д.Оюунхорол, Ж.Батзандан нарын гаргасан санал бидний хувьд алтнаас ч илүү үнэтэй байж мэднэ. Гэхдээ түүнээс өмнө Орхон аймгийн иргэд биднээс шалтгаалах олон асуудал бий. Хамгийн наад зах нь гэхэд “Хотын соёл”-ыг нэвтрүүлэх ёстой. Цаашлаад Хотын иргэн, Хотын сурагч гээд л хөвөрч өгнө. Нэгэнт Үндсэн хуульд “Дархан, Эрдэнэт улсын зэрэглэлтэй хот” хэмээн заасан учраас манай хот үйлдвэрийнх байх уу, аль эсвэл эко хот болох уу гэсэн олон асуудал бий.
Хот болсныг дэмжихгүй байгаа цөөнх болох иргэдийнхээ эрх ашгийг хүндэтгэх ёстой. Өнөөдөр тус аймгийн олон зуун багш, эмч нар хот болсонд нэг их талархалтай хандахгүй байгаа болов уу. Таван жил тутам нэг удаа нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний “хөдөөгийн нэмэгдэл” хэмээх мөнгөн тэтгэмж хүртдэг тэд Эрдэнэтийг хот болгох тухайд олонхи нь толгой сэгсэрдэг байсан.
Хот болсны давуу тал үнэхээр их, нөгөө талдаа. Жил бүр тус аймаг улсын төсөвт 10 гаруй тэрбум төгрөг татан төвлөрүүлдэг. Тэгвэл хот болсноор улсын төсөвт биш хотынхон өөрсдөө төсөв хөрөнгөө захиран зарцуулна. Бүр дээр нь “Хотын татвар” ч бий болгож болно. Цаашлаад, хотын гудамжаар дураар нэг бэлчих малын асуудал цэгцэрнэ гээд тоочоод байвал их.
Манай улс маш олон хуультай. Өдөр бүр мөрддөг, дагадаг нэг нь байхад үхмэл, царцсан нь бас бий. Тэдгээр үхмэлийн нэг нь “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”. Засгийн газар энэ хуульд нэлээн өөрчлөлт хийж чадвал бид хотын дайтай хот шиг хөгжинө. Энэ хуульд “Хот” гэсэн үг байдаг. Өнөөдөр Орхон аймаг бол “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-иар ажиллаж амьдарч байгаа. “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-д манай хотын хил хягзаар, нутаг дэвсгэр, хотын стандарт гээд нарийн зааж оруулсаны дараа ажил эхэлнэ. Түүнээс биш наана нь баярлах арай эрт. Зарим нэг өнцгөөс нь харвал Эрдэнэт хот болсноор гурван дүүрэгтэй болно. Дүүрэг нь хороодод хуваагдана. Өнөөдрийн бидний Баян-Өндөр, Жаргалант сум бол дэргэд нь дэндүү жижигдэнэ. Дүүрийн ЗДТГ-т гэхэд баахан дарга нартай болно, хорооны даргын Ажлын алба 10 шахам орон тоо бүтэцтэй гээд тоочвол өнөөдрийнхөөс хоёр дахин олон даргатай “Дарга хот” болж мэдэх төлөв бий. Харин “Дарга хот”-ын далбаан дор гүйж байгаад “Хурган дарга” болчих гэсэн сонирхолтой нөхдүүдэд бол том боломж. Эцэст нь иргэдийн иргэний үнэмлэхний өөрчлөлт, гудамжны хаяг, албан байгууллагын хаяг, албан бичиг, тамга тэмдэг, дардасны өөрчлөлтөөс эхлээд улсаас ч тэр иргэний халааснаас ч гарах багагүй хэмжээний мөнгө бол бас л асуудал. Ямар ч байсан Үндсэн хуульд “Дархан Эрдэнэт нь улсын зэрэглэлтэй хот байна” хэмээн оруулж чадсан нь үнэхээр том амжилт. Хотын иргэн, хотын хүн байхын тулд эрдэнэтчүүд бага багаар ч гэсэн эл их өөрчлөлттэй хөл нийлэх нь тодорхой боллоо.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.