Өнгөрөгч амралтын өдрүүдэд амуу тарианы өлгий нутаг Сэлэнгэ аймагт “Сүрьеэ, тэмбүү өвчний тархалтыг бууруулахад шийдвэр гаргагч нарын дэмжлэг” сэдэвт үндэсний чуулган боллоо. Чуулганыг Эрүүл мэндийн яам, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар болон “Глобаль” сангийн дэмжлэгтэй зохион байгуулсан юм. Мөн 21 аймаг, есөн дүүргийн Эрүүл мэндийн газрын дарга нар гээд нийт 100 гаруй оролцогч оролцож халдварт өвчин болох тэмбүү, сүрьеэ өвчнийг бууруулах бодлогын хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд юу байгаа талаар нээлттэй чөлөөтэй хэлэлцэв.
Чуулганы гол зорилго нь тэмбүү, сүрьеэгийн халдварын илрүүлэлтийг нэмэгдүүлж, эмчилгээний үр дүнг сайжруулан халдварын таслан зогсоохын тулд юм. Иймээс салбар хоорондын болон орон нутгийн төр захиргааны байгууллагын шийдвэр гаргагч нарын дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор уг чуулганыг зохион байгууллаа.
Үнэхээр төр захиргааны шийдвэр гаргагч нар эдгээр өвчний тоон үзүүлэлтийг бууруулахад өндөр оролцоотой ажиллаж болдогийн сайн жишээ нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг дарга Ж.Отгондалайгийн тус чуулганд тавьсан илтгэлээс харж болохоор. Энэхүү сум нь тэмбүү өвчнийг бүрэн устгаж чаджээ. Хэдийгээр жижигхэн сууринд бүх иргэд нь нэгнийгээ ах, дүүс шигээ танидаг ийм газарт аливаа халдвар авагчийг илрүүлж, эмчилгээнд хамруулах нь хүндрэлтэй. Нэг үгээр хэлбэл, тухайн иргэний нэр хүндийн асуудал хөндөгдөх хэрэг. Тиймээс сумын мэргэжилтнүүд “Халдварт болон халдварт бус өвчний цогц үйлчилгээ” нэрийн дор тэмбүүгийн халдвар авсан иргэдийг чимээгүйхэн илрүүлж, өндөр нууцлалтайгаар эмчилгээнд хамруулсаны үр дүнд ийнхүү тэмбүү өвчний халдварыг бүрэн устгаж чаджээ. Тус сумын эрүүл мэндийн салбарынхан тэмбүү гэх энэхүү айхтар өвчнийг дарсан гол нууц нь энэ аж. Мөн аймгийн эрүүл мэндийн ажилтнууд цахим сан нээж, иргэн нэг бүрийнхээ өвчний түүхийг тэмдэглэн хөтөлдөг байна.
Ер нь тэмбүү өвчин нь ганцхан манай улсын толгойны өвчин ч бус. Дэлхий дахинаа жил бүр бэлгийн замаар дамжих халдварын 376 сая тохиолдол бүртгэгдэж буй юм. Гэхдээ өнгөрсөн онд улсын хэмжээнд 27 төрлийн 42.074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буурсан сайхан мэдээтэй байна. Харин одоо эхээс урагт халдварладаг төрөлхийн тэмбүү 100 мянгад 63.2 тохиолдол байгаа нь салбарынхны сэтгэлийг чилээж байгааг чуулганаар дуу нэгтэй хэлж байв. Тэр дундаа Хөвсгөл, Говьсүмбэр, Сүхбаатар, Баянхонгор, Дорнод, Говь-Алтай, Хэнтий, Сэлэнгэ аймагт улсын дунджаас өндөр буюу ялангуяа 15-24 насны хүн амын дунд өвчлөл харьцангуй өндөр байна гэв.
Харин одоо тэмбүү өвчинтэй тэмцэхэд нэг ажил орхигдож байгааг мэргэжилтнүүд санал нэгтэй хэлж байна.
Тэгэхээр соц нийгмийн үед тэмбүүгээр өвдсөн хүний хавьтагчийг илрүүлж, тухай бүрт нь арга хэмжээ авч чаддаг байсан. Тэр ч бүү хэл Төв аймгийн Баянчандмань суманд албадан эмчлүүлэх эмнэлэг хүртэл ажиллаж байж. Харин өдгөө энэхүү ажил хангалттай бус байгааг салбарынхан онцолж, бүх орон нутагт эл ажиллагааг идэвхжүүлэхийг уриалж байсан юм.
Түүнчлэн салбарынхны хэлж буйгаар манай орны хувьд, төмөр зам дагасан аймгуудад сүрьеэ өвчний халдвар өндөр хувьтай байдаг аж. Тодруулбал, дэлхий дахины болон Монгол Улсын сүрьеэ, тэмбүү өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг илтгэл тавьсан бол Сэлэнгэ аймгийн хүн амын дундах сүрьеэ, БЗДХ-т өвчнийг эрт илрүүлэх ажлын явц, үр дүн тулгамдаж буй асуудлаар Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од ярилаа. Харин жирэмсний хяналт ба төрөлхийн тэмбүү өвчний талаар ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр илтгэл тавьсан юм.
Харин ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд Глобаль сангийн дэмжлэг Монгол Улсад ямар байгаа талаар тус сангийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа танилцуулав.
Тэрбээр “Өнгөрсөн 16 жилийн хугацаанд Глобаль сан БЗДХ ДОХ-ын эсрэг санхүүжилтыг олгож ирсэн. Манай сан өнөөдрийн байдлаар 33 сая хүний амь насыг аварч 17.5 сая хүнийг ретровирусийн эсрэг эмчилгээнд хамруулж, 5 сая сүрьеэтэй өвчтөн, 108 сая хумхаатай өвчтөнийг эмчилсэн байна. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхээс гадна хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, мэргэжилтнүүдийг сургах, урьдчилан сэргийлэлт хийхэд санхүүжилтыг шийдэж өгдөг. Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн онд манай улсад анх удаа БЗДХ, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн үр дүн, 2030 он хүртэл жил бүр бүртгэгдэх ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдол, ДОХ-оос үүдэлтэй нас баралт, эмчилгээ шаардлагатай хүний тоо хариу арга хэмжээг хэрэгжүүлэх хувилбарууд, түүнд шаардлагатай санхүүжилтыг тооцсон амжилт хийсэн. Энэ тооцооллоор 2002-2018 онд үндэсний хэмжээнд ХДХВ, ДОХ-оос сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 17723 хүнийг ХДХВ ийн халдварт өртөхөөс сэргийлсэн бол 2275 хүнийг ДОХ-ын улмаас нас барахаас, ретровирусын эсрэг эмчилгээнд зарцуулах байсан 116000 ам.долларыг хэмнэж чадсан.
Тооцооллоор 2020 оноос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хамралтыг нэмэгдүүлэхгүй бол ХДХВ-ийн шинэ тохиолдол жилд 143, ХДВХ, ДОХ-той нийт хүний тоо 1854, ДОХ-оос үүдэлтэй нийт нас барсан хүний тоо 680, ретровирусийн эсрэг эмчилгээ шаардлагатай хүний тоо 1176 болно” гэв.
Энд нэг зүйлийг онцлоход, манай улсад сүрьеэгийн өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж, энэ оны эхний долоон сарын байдлаар 100 мянган хүн амд ногдох өвчлөл 73 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс өссөн байна. Хэдийгээр энэхүү үзүүлэлт жилээс жилд өсч буй харагдавч нэг талаар эрүүл мэндийн салбарынхан богино хугацаанд сайн ажиллаж, эрт илрүүлэлт сайн хийж буйн үр дүн юм.
Мөн орон нутагт халдварт өвчин ямар хэмжээнд ямар байгаа талаар Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга В.Нарантуяа илтгэл тавьсан юм. Ийнхүү чуулганд оролцогчдын хэлж буйгаар “Шийдвэр гаргагчдын шийдэх асуудал бол яах аргагүй төсөв мөнгө байна. Төсөв санхүүг нь орон нутгийн төсөвт нь суулгаад өгчихвөл энэ үйл ажиллагаа илүү үр дүнтэй явна. Мөн салбар хоорондын хамтын ажиллагаа чухал байгаа юм” гэв.
Ер нь бол төрөлхийн тэмбүү, сүрьеэгүй болохын төлөө хаа хаана хичээж ажиллах ёстой юм. Яагаад гэвэл тэмбүүгийн халдвар нь хүний дархлал хомсдлын вирусийн халдвар авах эрсдлийг гурав дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ эхээс урагт дамжиж амьгүй төрөх, дутуу төрөх, бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсгэдэг тул тэмбүүг устгах, тэмбүүгийн халдвартай тэмцэх нь зөв юм. Төрөлхийн тэмбүүгийн улмаас дэлхий дээр жилд 200 сая хүүхэд амьгүй төрөх эсвэл нярай үедээ эндсэн байна. Тиймээс ч “Тэмбүүг устгая” аяныг цаг үеэ олсон арга хэмжээ гэж чуулганд оролцогчид онцолсон юм.
Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэрдэг өвчин бөгөөд халдвар авсан хэн ч болов өрх, сум, аймаг, нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношилгоог хийлгэж эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой. Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилгээ хийдэг гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй байна.
Харин сүрьеэгийн халдварын эсрэг аймаг орон нутгийн Эрүүл мэндийн төв сайн ажиллаж байна. Түүнээс гадна ЭМЯ-наас 12 аймагт дижител рентгэн аппаратыг өгсөн байгаа нь сүрьеэг илрүүлэх ажил сайн байгаа гэж онцлов. Сэлэнгэ аймаг хүм амынхаа эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндэд нь хөрөнгө оруулалт хийдэг жишиг аймаг юм билээ. Дээрээсээ дэмжлэгтэй, удирдлагууд нь санаачлагатай идэвхтэй болохоор энэ ажил сайн явагддаг аж. Ард иргэдийнхээ цаг зав, эдийн засгийг хэмнэж, орон нутагт эрүүл мэндийн хоёр дугаар шатлалын үйлчилгээг аваачсан байгаа юм. Тухайлбал, бүх төрлийн шинжилгээг аймгийн төв орж өгөх шаардлагагүй болж. Сумандаа цус болон нарийн мэргэжлийн шинжилгээг өгөөд тэр даруй хариугаа авчихдаг болжээ. Аливаа өвчлөлтэй тэмцэхэд ер нь дан ганц эрүүл мэндийн байгууллагын хийх ажил биш аймаг сумын Засаг дарга нар удирдлагуудынх нь дэмжлэг туслалцаа сайн байх ёстой гэдгийг салбарынхан хэлж буй юм. Тийм ч учраас Сэлэнгэ аймгийн хувьд ийм л жишгээр явж байна.
Энэ үеэр тус аймгийн Жавхлант сумын иргэдэд хоёр өдрийн турш халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, хүн амын мэдээллийн цахим санг бүрдүүлэх цогц үзлэг оношилгоог хийлээ. Уг аяныг хоёр дахь удаагаа тус суманд зохион байгуулж буй юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.