“СОЛОНГОСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ОНЦЛОГООС”
– Ахмадуудад зориулсан Silver industry буюу нэг удаагийн хоол, Ганц бие залууст зориулсан Сonvenience stores хагас боловсруулсан бүтээгдэхүүний эрин үе эхэллээ –
Аливаа улсын зах зээлд нэвтэрч, бараа бүтээгдэхүүн борлуулах, өөрийн гэсэн хэрэглэгчдийн хүрээллийг бий болгохын тулд тухайн орны амьдралын хэв маяг, нийгмийн онцлогийг судалж тохируулах нь чухал байдаг.
БНСУ нь хүн амын насжилтын хувьд хөгширч байгаа орон юм. Нийт хүн амын 13,2 хувийг 65 ба түүнээс дээш насны хүн ам эзэлж байна. 2015 оны байдлаар дундаж нас 41 байсан байна. Статистик мэдээнээс харахад 2024 он гэхэд 65-аас дээш насны хүн ам 19 хувь, 2034 он гэхэд 27,6 хувь эзлэхээр байна. БНСУ-ын өнөөгийн өндөр хөгжлийг бий болгохын төлөө өнгөтэй өөдтэй бүхнээ зориулж, гар бие оролцсон иргэд бүгд ахмад настны эгнээнд шилжсэн. 2021 он гэхэд “Хөгширч буй нийгэм”-д, 2026 он гэхэд “Хэт хөгширч буй нийгэм”-д шилжих төлөвтэй байна.
Иймээс Солонгосын бизнесийн орон зайд анхаарал татахуйц нэгэн төрлийн үйлдвэрлэл бий болсон нь “Silver industry”.
Өндөр настай хүн амын өсөлт нь silver industry буюу ахмадуудад зориулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хурдацтай өсөлтийг бий болгож байна. Хоол хүнсний арвин соёлтой, ахмадаа дээдлэх үзэлтэй тус ард түмний хувьд нэг удаагийн савалгаатай, шинэхэн хүнс сүүлийн үед тогтмол эрэлттэй байна. Солонгос хүмүүс, ялангуяа ахмад настай хүмүүс бүтээгдэхүүний онцлог шинжийг эрүүл мэндийн талаас нь онцгой анхаарч авч үздэг.
БНСУ-ын Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр 2010 онд silver market буюу ахмадуудад зориулсан бүтээгдэхүүний үйлчилгээний цар хэмжээ 40 их наяд вон, 2020 он гэхэд 116 их наяд вонд хүрэхээр тооцоолжээ.
Ахмадуудад зориулсан нэмэлт бүтээгдэхүүн, эм эмнэлгийн тоног төхөөрөмж бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлага байна. Тиймээс экологийн цэвэр, эрүүл ахуй стандартад нийцсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл Солонгосын энэ төрлийн зах зээлийн сонирхолыг татаж болохыг танд дамжуулъя.
Солонгосын нийгмийн өөр нэг онцлог бол ганц бие гэр бүлийн тоо өсөх хандлагатай байна. 2005 онд ганц бие өрх нийт өрхийн 19,9 хувь, 2010 онд 23,9 хувийг эзэлж байсан 2015 оны байдлаар 27,2 хувьд хүрчээ. Хөдөлмөрийн зах зээлийн тогтворгүй байдал, солонгос гэр бүлийн уламжлалт байдалд гарч байгаа өөрчлөлт зэргээс болоод залуус гэр бүлээ цуцлуулах, эсвэл оройтож гэрлэх болжээ.
Ганц бие өрхийн тоо нэмэгдэж, convenience stores буюу хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрүүдийн борлуулалт огцом өссөн байна. Гал тогоондоо олон цаг зарцуулах сонирхолгүй ганц бие залуус болон ахмад настнуудад чиглэсэн энэ төрлийн зах зээл хэзээд орон зайтай байсаар байна.
Хамгийн гол нь таны үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн өнгө зүс, хэлбэр дүрс өвөрмөц, шинэхэн байх ёстой. Хэмжээний хувьд 2-3 хувилбар бүхий савлагаатай байвал ганц бие эрэгтэй, эмэгтэй, мөн ахмад хүмүүсийн сонголтод дөхөмтэй аж.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.