Зөвлөгөө: Байшингийнхаа дулаалгыг хэрхэн хийсэн вэ?

2019-12-18 Амрах агшин

 

Хэрэв та байшингаа засварлахаар шийдсэн бол дулаалгатайгаа хамт хийх нь ашигтай гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Ингэснээр түлшний хэрэглээ багасч, санхүүгийн хэмнэлт хийх боломжтой. Жишээ нь таван тонн түлш хэрэглэж байсан өрх байшингаа дулаалсанаар хагас тонн түлш хэрэглэнэ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, өрхийн санхүүгийн зардлаа хэмнэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн бодит оролцоо бол амины орон сууцаа дулаалж, өөрсдийн тав тухыг хангах явдал гэдгийг олон улсын туршлагаас харж болно.

Ингэхдээ хамгийн чухал нь эко, хүний эрүүл мэндэд хоргүй, галын аюулгүй дулаалгын материал сонгох нь чухал юм.

Байшингийхаа дулаалгын материалыг хэрхэн зөв сонгох вэ?

Дулаалгын материалыг хэрэглэх нь барилгын дулааны алдагдалыг бууруулах хамгийн шилдэг арга юм. Дулааны алдагдал ихтэй байшин нь таныг эдийн засгийн үргүй зардалд хүргэж, их хэмжээний хохирол дагуулдаг. Барилгыг барихдаа ямар дулаалгын материал хэрэглэх эсэхээ юуны өмнө тооцоолох хэрэгтэй.

Шилэн хөвөн: Шилэн хөвөнгөөр барилгын хаана ч дулаалга хийх боломжтой ч тухайн гадаргуутай нэг биет болдоггүй, хоорондын зай завсараар халуун хүйтэн  агаарын солилцоо үүсч тухайн хэсгийн үндсэн гадаргууд агаарын чийгшил үүсэх нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь бүхэлдээ материалын  дулаан тусгаарлах чанарыг бууруулдаг.

Шүрших дулаалгын хөөс: Дулаалгын технологийн онцлог давуу тал нь

–    Зай засвсар үүсэхгүй
–    Залгаас үүсэхгүй
–    Хүний бид хор нөлөөгүй
–    Байгаль орчинд ээлтэй
–     Галд тэсвэртэй
–     Мөөгөнцөр үүсэхгүй
–    Дулаан тусгаарлах чадамж өндөр

-Хөвөн даавуу

Энэхүү дулаалгын материал нь хөвөн хуучин даавуу болон хуванцар мяндаснаас бүрддэг. Давуу тал нь гэвэл зөөлөн бөгөөд шилэн хөвөн шиг загатнуулахгүй. Ямар нэгэн химийн хорт бодисын хэмжээ бага боловч хорхой шавьж, мэрэгч амьтад үүрлэх боломжтой.

  – Ноос

Хонины ноос нь хөвөн даавуутай ижил боловч үйлдвэрлэлийн явцад хорхой шавьж, мэрэгчид үүрлэхээс сэргийлсэн хольцтой. Америк, Англи, Австрали болон Европын орнуудад хамгийн өндөр үнэтэй дулаалгын материалд тооцогдох боловч барилгын экспертүүдээс хамгийн их үнэлэлт авч чадсан цорын ганц эко дулаалгын материал юм.

Хонины ноосыг барилгын салбарт дуу болон дулаан тусгаарлагчаар хэрэглэх бөгөөд нэг инч буюу 2.54см зузаан хөвөн даавууны дулаан эсэргүүцэл 3.4-4.2 R value байдаг. Хонины ноосоор дулаалгын материал хийхийн тулд 9:1 харьцаагаар хонины ноосонд шилэн хөвөнг хольдог.

Гадна дулаалга

1. Агаар сэлгэлтийн үетэй гадна талын дулаалга

Эрдэс хөвөн эсвэл хатуу хөөсөнцөр хавтанг хананд урьдчилан бэхэлсэн 5см-ын брусын хооронд хийж дээрээс нь хөндлөн чиглэлд дахин брус хадаж гадаргуугийн өнгөлгөөний материалаа тогтооно. Ингэхдээ дулаалгын болон гадаргуугийн өнгөлгөөний материалын хооронд 2см орчим зузаан агаар сэлгэлтийн зай гаргана. Гадаргуун өнгөлгөөг ховилтой банз, шифр, металл ба хуванцар хавтангаар хийж болно.

2. Шавардлаган өнгөлгөөтэй дулаалга

Энэхүү дулаалга нь Тэгш гадаргуутай тоосго ба бетонон ханатай байшинг дулаалахад тохиромжтой. Хатуу хөөсөнцөр эсвэл эрдэс хөвөн хавтанг ханын тэгшилж бэлдсэн гадаргуу дээр цавуут зуурмагаар (плитаны цавуутай ижил) наана. Ханын гадаргуу нь гэмтэлгүй, бат бэх, барьцалдалт сайтай байх ёстой. Дараа нь дулаалгын хавтан дээр полипропилен (хуванцар материал) тор бүхий цавуут зуурмагаар шавардлага хийж, шаардлагатай бол хуванцар тэлэгчтэй дюбель хадаасаар нэмэлт бэхэлгээ хийнэ. Дээр нь өнгөт шавардлага хийх буюу эсвэл зориулалтын фасадны будгаар будна.

Манай орны нөхцөлд цайвар өнгийг сонговол нарны гэрэлд халахгүй ба ингэснээр шавардлагын гадаргуу хагарахгүй сайн талтай. Европын орнуудад ашиглаж буй барилгуудыг дулаалахад ийм төрлийн дулаалгын “холболттой систем” өргөн хэрэглэдэг ба манайд ч гэсэн хэд хэдэн барилга дээр хийсэн. Энэ нь бусад гадна дулаалгын хувилбаруудаас хамгийн хямд нь юм. “Холболттой систем” гэдэг нь, тухайн дулаалганд орох материалуудыг шинж чанарын хувьд хооронд нь тааруулж тохируулсан, чанарын шаардлага хангахуйц иж бүрэн систем шийдэл болдогоороо онцлогтой. Энэ ажлыг гүйцэтгэхдээ туршлага бүхий мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө аваарай.

Тоосгон өнгөлгөөтэй дулаалга

Ийм төрлийн дулаалгыг одоо байгаа барилгын гадна талд 12см-ийн тоосгон ханан өнгөлгөө хийх үед хэрэглэдэг. Хөөсөнцөр эсвэл эрдэс хөвөн дулаалгын хавтанг үндсэн хананд зай завсар гаргалгүй бэхэлж тогтооно. 12-ын тоосгон ханыг өрөх явцад түүнийг зориулалтын, дулаалгын үеийг нэвт гарсан зэвэрдэггүй эсвэл цайрдсан анкер төмрөөр үндсэн ханатай холбож явна. Үндсэн хана нь дүнз бол тухайн ханын суултанд ордог онцлогийг харгалзан энэхүү бэхэлгээг босоо шилжилт саадгүй байхаар гүйцэтгэх хэрэгтэй.

Зоорийн давхрын дулаалга

Зоорийг муу дулаалсан эсвэл дулаалаагүйгээс болж шалаар багагүй дулаан алдагддаг.
Иймээс зоорийн давхарын ханыг гадна ханын адил дулаалах хэрэгтэй. Хүйтэн зоорийн давхартай бол нэгдүгээр давхрын дулааны алдагдлыг багасгахын тулд зоорийн хучилтыг доороос нь дулаалахад хангалттай. Ингэхийн тулд 5см-ээс багагүй зузаантай хатуу хөөсөнцөр хавтанг зориулалтын цавуугаар (плиТаны цавуу) нааж тогтооно. Энэ ажлыг та өөрөө түвэггүй хийнэ. Хэрэв таны байшин зоорийн давхаргүй бол шалаа дулаалахын тулд түүнийг хөндөлгүйгээр дээрээс нь нэмж дулаалан давхар шаллах нь арай хялбар байх болно. Ингэж хийх тохиолдолд хаалганы самбаруудыг доороос нь тайрч хасах ажил гардгийг анхаараарай.

Уншигч та санхүүгийн боломждоо тааруулан байшингаа хэсэгчлэн дулаалж ч болно. Жишээ нь хойд талын эсвэл булангийн өрөөний гадна ханыг эхэлж дулаалах гэх мэт. Ханын дулаалга хийх олон янзын хувилбар бий. Утаагүй цэвэр агаартай хотын төлөө иргэн бүр нэг алхам хийцгээе.

Эх сурвалж:Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.