Олон улсын хөдөлмөрийн зах зээлийн судалгаагаар техник технологи, инновацийн өндөр мэдлэг, чадвартай хүнийг ажилд түлхүү авах хандлагатай болсон. Дэлхийн чиг хандлагыг эртнээс мэдэрч, дунд ангиас нь хүүхдүүдэд мэдээлэл технологийн мэдлэг олгох нь инженерийн чиглэлд сурч боловсрох, шинжлэх ухааныг ухааран ойлгох, зохион бүтээх чадвар суулгахад дөхөм болно хэмээн ‘’Монгол Билиг Оюун’’ олон улсын сургалттай цогцолбор сургууль үзэж, Зохион бүтээгчдийн академитай хамтран ажиллах гэрээ байгуулав.
Тус академитай хамтран ажилласнаар манай улсын инженер, технологийн салбарт манлайлж, олон шавь нарыг төрүүлж яваа туршлагатай багш нар олон жилийн турш туршигдсан агуулга, сургалтын хэлбэр, арга барил болон хүүхдийн сонирхол татахуйц тав тухтай орчинтойгоор ирэх хичээлийн жилээс хичээллэхээр тус сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах болсноороо онцлог. Ингээд хойч үеийг инженер, технологийн боловсролоор шинжлэх ухаанч, зохион бүтээх чадвар эзэмшүүлшихээр зорьж буй хамт олны төлөөллийн байр суурийг сонирхсон юм.
Ч.Лодойравсал: Сурах чадварыг зөв төлөвшүүлэх тусам төдий чинээ сайн мэргэжилтнүүд төрөх болно
(Зохион бүтээгчдийн академийн ТУЗ-ийн дарга, Техникийн ухааны доктор)
-21 дүгээр зууны иргэн хүний заавал сурах ёстой боловсрол нь мэдээлэл технологиийн хичээл. Харилцаа холбооны боловсрол, STEM боловсролыг дунд сургуулиас нь бэлтгэхээс өөр аргагүй болсон. STEM гэдэг нь шинжлэх ухаан, технологи, инженер, математик хэмээх үгийн товчлол бөгөөд шинжлэх ухаан, математикийн суурь мэдлэг, инженер технологийн боловсрол олгох арга зүй юм. Энэ чиглэлээр бид албан бус сургалт явуулж байгаа. Ирэх хичээлийн жилээс албан сургалтыг танай сургууль дээр явуулж үзээд, энэхүү жишиг сургалт нь бусад сургуулиудад ч туршлага болоод явах байх. Боловсролын салбарын шинэчлэлийг хувийн хэвшлийнхэн манлайлж яваа. Дунд ангиас эхлэн заагаад, яваандаа бага ангиас хэрэгжүүлэх боломж бүрэлдэх байх. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид их дээд сургуулийн элсэгчид болдог тул хэдий эрт сурагч байх хугацаандаа шинжлэх ухааныг ашиглаж сурах чадварыг зөв төлөвшүүлэх тусам төдий чинээ сайн мэргэжилтнүүд төрөх болно.
Г.Байгаль: Манай сургуульд программ зохиодог, робот бүтээдэг сурагч бий
(Монгол Билиг Оюун” сургуулийн захирал)
-Манай сургууль байгуулагдаад гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Бидний давуу тал нь хөрөнгө оруулагчид маань хүүхдүүдийн ирээдүйн төлөө их дэмжлэг үзүүлдэг. Хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол оюун ухаантай монгол хүүхдийг монгол ухаанаас нь салгахгүйгээр хөгжүүлж дэлхийн энэтэй боловсролтой болгох зорилго тавьдаг. Хүүхдүүдэд мэдээлэл технологийн боловсрол олгох ийм хичээл оруулах болсонд хөрөнгө оруулагчид ч, хүүхдүүд ч, эцэг эхчүүд ч таатай байгаа. Монголын хүүхдүүд, тэр дундаа манай сургуулийн хүүхдүүд энэ чиглэлээр цахиур хагалаасай. Бусад сургуульд жишиг болоосой гэж бодож байна. Манай сургуульд программ зохиодог, робот бүтээдэг сурагч бий. Бид жилийнхээ ажлын тайланг эцэг эхчүүддээ тавих үеэр роботын хөтөлбөрийг ирэх жил хэрэгжүүлэхээр танилцуулсан. 6-7 дугаар ангид энэ хичээлийг оруулахад тохиромжтой юм байна гэж үзэж байгаа.
Т.Цогжавхлан: Сургалтаар дамжуулан хүүхдийг багаас нь практик дээр ажиллуулж, роботуудыг угсруулна
(Зохион бүтээгчдийн академийн Гүйцэтгэх захирал)
-STEM хөтөлбөрийг нилээд хэдэн сургуульд үзэж байгаа юм билээ. Хөтөлбөрийг үзэхээр анги танхим асар сайн материаллаг бааз байна. Гагцхүү тэдэнд сургалтын тогтсон хөтөлбөр алга. Хоёрт тэр хөтөлбөрийг аваад явах боловсон хүчин дутмаг. Өрөө тасалгааг үзэхээр асар үнэтэй компьютер өрөөд тавьчихсан. Их хэмжээний электроник төхөөрөмжтэй. Багш чинь хэн бэ, юу заадаг вэ хөтөлбөр нь юу вэ гэхээр байхгүй. Зүгээр л STEM хөтөлбөрөөр элсэлт авах гэж л рекламддаг. Бидний хувьд ‘’Залуу зохион бүтээгч’’ нэвтрүүлэг гурван жил дараалан явуулж маш их туршлага хуримтлуулсан. Ерөнхийдөө ажиглахад дунд сургуулийн хүүхдүүдэд шинжлэх ухаан, технологи мэдээллийн эрин зуунд зохион бүтээж чадах юм байна. Бидний сургалтын хөтөлбөр 7-8 жил тууштай явсаар хэлбэр төрхөө олсон заах аргачлал. Бидний сургалтад хамрагдсанаар хүүхдүүд технологи, инженер, программчлал болон математикийн салбарт үнэхээр сонирхолтой байгаа эсэхээ мэднэ. Сургалтаар дамжуулан хүүхдийг багаас нь практик дээр ажиллуулж, роботуудыг угсруулж, өөрт нь хэрэг болохуйц шинэ бүтээлийг гаргуулдгаараа олон давуу талтай. Тухайлбал би 4-10 дугаар анги хүртлээ Залуу техникчдийн ордонд суралцсан, одоо ч суралцаад л явж байгаа. Хүн багадаа сурсан эрдэм насан туршийн суурь боловсрол болдог. Сонирхолтой ажлаа хийнэ гэдэг бол дуртай юмаа дуртай л хийнэ. Ингэснээр хүүхдийн цаашид үргэлжлүүлэн суралцах, мэргэших зэрэг хүсэл сонирхлыг нь өдөөж, нэмэгдүүлдэг. Хүүхдийн өөрийн хүсэл сонирхол хоббитой нь ирээдүйн мэргэжил давхацвал заавал амжилтад хүрдэг гэв. Хөтөлбөр хэрэгжсэнээр ‘’Монгол Билиг Оюун’’ олон улсын сургалттай цогцолбор сургуулийн сурагчид дараах мэдлэгийг олж авах боломж нээгдэнэ. Электроник, программчлал, робот болон 3D загварчлалын анхан шатны мэдлэг, Математик, физикийн мэдлэг амьдралд хэрхэн хэрэглэгддэг тухай ойлголт, Электроникийн энгийн хэлхээг ойлгож, угсарч, турших чадвар, Хялбар асуудлыг томьёолон, алгоритмд хөрвүүлэх, программчлах чадвар, Механик+Робот+Электроникийн энгийн тооцоолол хийх, үнэлэх чадвар, Дүрслэх болон орон зайн сэтгэлгээ, 3D хэвлэлийн программ болон төхөөрөмжтэй ажиллах зэрэг чадварыг эзэмшүүлэх юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.