НМХГ-аас хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй зарим ААН-ийн үйл ажиллагааг шалгаснаа өнөөдөр танилцууллаа.
Энд 88 аж ахуйн нэгж, таван иргэний үйлдвэрлэл хамрагдаж, нийт 632 зөрчил илэрчээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Энэр хүнс”, Чингэлтэй дүүргийн “Шинэ Амгалан дэлхий”, Багануур дүүргийн “Гүн галуут” болон “Дэлгэр нуга” цех, Баянгол дүүрэг дэх “Наран тист” зэрэг компани үйлдвэрийн орчин, барилга байгууламжид тавигдах эрүүл ахуйн шаардлага хангаагүй болон өрөө тасалгаа, үйлдвэрлэлийн технологийн дамжлага, агуулах зэрэг нь стандартад нийцээгүй байна. Сонгинохайрхан дүүргийн иргэн А ахуйн зориулалттай байранд хэрчсэн гурилны үйлдвэр ажиллуулахаас гадна хашаандаа гүний худагтай, үйлдвэрлэлд ашиглахаар бэлдсэн усыг шинжлэхэд нян илэрсэн байна.
Түүнээс гадна НМХГ 65 ААН-д хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангаж буйг шалгав. Энд нийт 82 зөрчил илрүүлж, 11 аж ахуйн нэгжид торгууль болон нөхөн төлбөр ногдуулаад байна. Тухайлбал, “Мон сүү”, “Милл хаус”, “Цэвэр Монгол”, “И Ти Би”, “Эрдэнэ энх” компаниудыг есөн сая төгрөгөөр торгож, “Витафит инвест” ХХК-д 778 мянган төгрөгийн нөхөн төлбөр оногдуулжээ. Мөн шалгалтанд хамрагдсан ААН-үүдэд нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотойгоор анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг болон нийгмийн даатгалын бичилт баталгаажуулалтыг хугацаандаа бүрэн хийгээгүй зөрчлүүд гарчээ.
НМХГ-аас нийслэлийн хэмжээнд цацаргын аюулгүй ажиллагааг хангаж буйг шалгахад “ДЦС-2” ТӨХК, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Цагдан хорих 461-р хаалттай анги нь цацрагийн үүсгүүр ашиглах тусгай зөвшөөрөлгүй, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, энэ талын дотоод дүрмийг мөрдөж ажилладаггүй, ажиллагчдаа мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлэгийн үзлэгт хамруулаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Шалгалтаар дээрх ААН-үүдийн нийт 2435 ажилтны нийгмийн хамгаалалтай холбоотой илэрсэн зөрчлийг арилгуулах хүрээнд 1.9 сая төгрөгийн нөхөн төлбөр, 14.2 сая төгрөгийн торгууль тавьжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30427
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.