Төрийн ордонд нэр бүхий гишүүд согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогджээ

2019-06-6 Парламент


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт нарт Улсын Их Хурлын гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах талаар албан бичиг хүргүүлсэн байна.

Уг албан бичигт “Сүүлийн үед Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэх, цүнх, гар тээшээ рентген машинд шалгуулахгүй нэвтрэх, хамгаалалтын албаны ажилтны шаардлагыг биелүүлэхгүй байгаа зөрчлийн талаарх мэдээг Төрийн хамгаалалтын албанаас удаа дараа ирүүлсээр байна. Энэ нь иргэд, төрийн албаны ажилтан нарт буруу үлгэр дуурайлал үзүүлэх, улмаар УИХ-ын нэр хүнд, Төрийн ордны аюулгүй байдал, хамгаалалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Хэдийгээр Улсын Их Хурлын гишүүд сахилга, хариуцлагаа дээшлүүлэхийн тулд хурууны хээгээр ирцээ бүрдүүлэх зэргээр асуудлаа шийдвэрлэн үр дүнд хүрч байгаа ч Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн зарим асуудал өнөөдөр нийгмийн анхаарал татаж парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлөж байгаа учраас Улсын Их Хурлын даргын хувьд энэ асуудалд онцгой анхаарал тавих ёстой гэж үзэж байна” гэсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.