Халхын голын байлдааны (дайн) ялалтын 80 жилийн ойд
Оросын цэрэг, армийн түүхэн цаг тоололд Халхын гол дахь Зөвлөлт, Монголын цэргийн 1939 оны ялалтыг чухалчилан тэмдэглэсэн байдаг. 80 жилийн өмнө улаан армийн дайчид болон Монгол цэргийн анги салбарууд хамтран японы түрэмгий цэргийн томоохон нэгтгэлийг бут ниргэж, улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулсан. Тэр үйл явдлын үед зөвлөлтийн цэргийн нэгтгэлийг Григорий Штерн, Георгий Жуков, Монгол маршал Х.Чойбалсан нар командлан удирдаж байв. Хэдийбээр олон жил улиран өнгөрсөн ч гэсэн Орос, Монголын ард түмэн тэрхүү үйл явдал болоод оролцсон дайчдынхаа дурсгалуудыг хүндэтгэн, хадгалсаар, улам арвижуулан мөнхөлсөөр байдаг. Тухайлахад Халхын голын ялалтын ой тохиож буй өнөө жил ОХУ-ын АБНУ-ын Горно-Алтайска хот болоод Монголын баруун хязгаар Баян-Өлгий аймагт ойг угтсан томоохон ажлууд зохион байгуулагдав. Өнгөрсөн дөрөвдүгээр сард АБНУ-аас сэтггүүлчид болон тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах хүмүүсийн хамтарсан баг Монголын Баян-Өлгий аймагт хүрэлцэн очиж ажилласан ба тэнд дугуй ширээний уулзалт, хуралдаан зохион байгуулсан. Эл уулзалт, хуралдааны үеэр Зөвлөлт, Монголын цэрэг дайчдын дурсгалыг хадгалан мөнхжүүлэх талаар, түүнчлэн эх орны дайныг ялалтаар төгсгөхөд онцгойлох нөлөө үзүүлсэн, Халхын голын байлдааны (дайны) ялалтын түүхэн үүрэг, ач холбогдлын тухай, басхүү өнөө үед гадаадын зарим хэвлэлээр 1939 болон 1945 онд Зөвлөлт, Монголын цэргийн хүчний Японы милитарист, эзэрхийлэгч хүчинтэй хийсэн тэмцэл ялалтын ач гавъяа, үнэ цэнийг элдвээр гуйвуулан мушгиж, бүдгэрүүлэх оролдлого хийж буйг ч шүүн хэлэлцсэн юм.
Тэнд зохион байгуулагдсан төрөл бүрийн үйл ажиллагаанд Баян-Өлгий болон Ховд аймгийн сэтгүүлчид, ИТХ-ын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, Боловсролын байгууллагын удирдах хүмүүс, багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчид, ахмадын байгууллагын төлөөллүүдээс 120 гаруй хүн оролцсон.
Мөн энэ үеэр Халхын голын дайны ялалтын 80 жил, чөлөөлөх дайны ялалтын 74 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг хоер үе шаттай зохион байгуулах талаар хэлэлцэн шийдвэрлэж санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурсан ба эхний шатны хурлыг энэ тавдугаар сард ОХУ-ын АБНУ-ын Горно-Алтайск хотод харин хоёр дахь хурлыг ирэх 9 дүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон. Баян-Өлгий аймагт болсон дугуй ширээний уулзалт хуралдаанд Монгол улсын Ховд, Баян-Өлгий аймгийн сэтгүүлчид түүний дотор Ховд аймаг дахь Орон нутгийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн Гонгоржавын Төрмөнх, Баян-Өлгийн аймгийн радио телевизийн захирал Набиулы Оспан нар оролцсон юм.
Дашрамд үгүүлэхэд, Халхын голын дайны ялалтын түүхэн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулан таниулах талаар сүүлийн жилүүдэд ихээхэн идэвх зүтгэл гарган ажиллаж, судалж, сурвалжилж, орчуулан нийтлэх чиглэлээр далайцтай зүйл бүтээсэн Монгол улсын Ховд аймгийн сэтгүүлч Гонгоржавын Төрмөнхийг ОХУ-ын сэтгүүлчдийн холбооноос Оросын сэтгүүлчдийн нийгэмлэгийн хүндэт жуухаар шагнахаар шийдвэрлэсэнийг энд тэмдэгдэхэд таатай байна. Мөн түүнийг энэ тавдугаар сард Горно-Алтайск хотод болсон эрдэм шинжилгээний хурал, түүнчилэн ирэх 9 дүгээр сард Улаанбаатар хотод болох эрдэм шинжилгээний хуралдаанд оролцохыг албан ёсоор урьсан билээ.
Төлөвлөгдсөний дагуу Горно-Алтайск хотод тавдугаар сарын 22-нд Халхын голын дайны ялалтын 80 жилийн түүхт ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралдаан болсон ба уг хуралдаанд Монгол улсаас Монголын Үндэсний их сургуулийн Олон улсын харилцааны факултетийн захирал Пүрэвийн Алимаа, мөн сургуулийн түүх, Олон улсын харилцааны тэнхимийн ахлах багш Шаравын Сарантуяа, Казакстан улсаас Дорнод Казакстаны Риддера хотын «Городок-Инфо» хэмээх аналитик мэдээллийн долоо хоног тутмын сэтгүүлийн Ерөнхий редактор Валерий Крушинский, Хятад улсаас Шинжан Уйгарын Урумчи хотын их сургуулийн түүх, хятад хэлний багш Лу Шэннань, Оросын талаас Горно-Алтайскийн Улсын их сургуулийн түүхч, эрдэмтэн Николай Модоров, АБНУ-ын сэтгүүлчдийн холбооны дэд дарга сэтгүүлч, судлаач Алексей Ивашкин, АБНУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Татъяна Логиново, мөн дэд дарга Андрей Архипов, АБНУ-ын Аялал жуулчлалын хөгжлийн төвийн (ЦПЭ) гадаадтай эдийн засгаар харилцах хэлтсийн (ГБУ) удирдагч Анатолий Каташ, мөн Горний Алтайн улсын их сургуулийн түүхийн ангийн оюутнууд оролцсон юм.
Уг Хуралдаанд АБНУ-ын Сэтгүүлчдийн холбооны дэд дарга, сэтгүүлч, судлаач Алексей Ивашкин “1939 оны Халхын голын байлдааны түүхэн дэх илэрхий болоогүй баримтууд, Зөвлөлт, Монголын зэвсэгт хүчний ах дүүгийн эвдэршгүй барилдлага” сэдвээр илтгэв. Алексей Ивашкин үүний зэрэгцээ 1940 оны Ази-Номхон далайн бүс дэх улс төр, цэргийн талбарт болж байсан үйл явдлыг барууны хэвлэлүүд мушгин гажуудуулж байгаа асуудлыг нэлээн хурцаар авч үзсэн.
Мөн Монгол улсын Ховд аймгийн сэтгүүлч, судлаач Гонгоржавын Төрмөнхийн “1939 онд Японы милитаристууд БНМАУ-руу халдах болсны буюу Халхын голын дайны үүтэл болсон үндсэн дөрвөн шалтгааныг авч үзсэн нь” хэмээх илтгэлийг сонсгосон ба уг илтгэл урьд судлаачдын төдийлөн гаргаж тавиагүй асуудлыг хөндөж гаргаснаараа нэн онцлог байв. Түүнчлэн Монголын оролцогч Монголын Үндэсний их сургуулийн багш Шаравын Сарантуяа “Зөвлөлт Монголын зэвсэгт хүчний ах дүүгийн барилдлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Казакстаны илтгэгч Валерий Крушинский Халхын голын байлдаан болон эх орны дайн, мөн 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон атлаа илрээгүй байгаа ахмад дайчдыг эрж олж илрүүлэх ажлын талаар яриа өрнүүлсэн бол АБНУ-ын оролцогч Андрей Архипов өдгөө 80 жилийн өмнөхтэй адилаар Орос, Монголын хил орчмын бүс нутгийн эдийн засаг, нийгмийн харилцаанд нөхөрсөг, найрамдалт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар АБНУ-ын ХАТ-аас явуулж буй бодлогын тухай, мөн 1939 оны Зөвлөлт Монголын дайчдын нөхөрлөлийн тухай сонирхолтой сайхан мэдээ баримтуудыг үгүүлсэн. Дугуй ширээний ярилцлагын үеэр оролцогсод Японы түрэмгийлэгчид Хятадын Нанкин хотыг эзлэн харгислал үйлдэж байсан тухай эмгэнэлт түүхийн баримтуудыг хүүрнэлдсэн юм.
1939 онд болсон Халхын голын үйл явдал болоод 1945 онд Японы милитарзмыг бүрэн бут цохисон явдал нь Орос, Монголын сайн хөршийн харилцааг улам бэхжүүлсэн билээ. Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд Орос болон Монголын талын төлөөлөгчид ирэх 9 дүгээр сард Улбаанбаатар хотод болох эрдэм шинжилгээний хурлын товыг тодорхой болгон батламжилсан юм. Монголын талын санаачилгаар уг хуралдааныг Монголын Үндэсний их сургуулийг түшиглэн явуулахаар болсон. Тэрхүү хуралдаанд Халхын голын байлдааны (дайн) асуудлыг судалдаг түүхч, эрдэмтэд судлаачдыг өргөнөөр оролцуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Үүнтэй холбогдуулан хэлэхэд 1939 онд Халхын голд Японы нэгтгэлийг бут ниргэхэд байгуулсан гавъяагаа зүй ёсоор үнэлүүлэх ёстой домогт командлагч Григорий Штерний ойр төрөл, ахан дүүс, үр хүүхдүүд нь түүний гавъяагаар бахархах эрхтэй билээ. Тэрбээр Украйн улсадаа амьдарч аж төрж буй үр хойчсийг нь өдгөө Монголд зочлох, 80 жилийн ойн үйл явдлыг үзэж танилцах боломжоор хангах нь бас нэгэн анхаарууштай асуудал мөн болохыг энд дурьдахыг хүсэв.
Эх сурвалж: “Золотое перо Алтай” цахим сайт
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.