Монголын шүүх “шүүрхий” хэвээрээ байна. Шударга үнэний “тогоонд” чанагдах дургүй байна. Шүүхээр аргалуулж ял завшсан мафийнхан, тэдний гар хөл бологсод халуун тогоог нь тулганы дөрвөн тотго шиг тулж түшэж байна. Шүүхэд барьцаалагдсан улстөрчид, уяатай адуу шиг “үргэхээс” цааш хөдлөх тэнхээ тасарч. Монголын шүүхийн ерөнхий дүр зураг ердөө л энэ.
Ард түмэн бол “Эднийгээ хурдхан зaйлуулаач. Тэр Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын байсан өрөөнд нь аваачиж суулгаач” л гэж шаардаад байгаа. Тэгэхдээ Монголын бүх шүүгчдийг тэгэж байгаа юм биш. Ц.Зориг гэж хүний нүдний аясаар, гарын далайлтаар хөдөлж байсан одооч байгаа цөөн хэдэн шүүгчийг хэлээд байгаа юм. Тухайлбал, хөхүүл хүүхэн, малчин залуу хоёрт 24-25 жилийн ял өгчихөөд шүүхийн алх, шудрага үнэн хоёрыг зэрэг нүдэж байсан шүүгч М.Алдар тэргүүтнүүд 24-25 жилийн ялыг 20 жил болгож “жүжиглэсэн” Ц.Зориг тэргүүтнүүдийг ард түмэн хурдхан шиг нүднээс далд оруулаад өгөөч гээд байгаа юм.
Ц.Зоригийг Ерөнхийлөгчийн зарлигаар өндөр тушаалаас нь чөлөөлсөн боловч, тэрээр Дээд шүүхдээ эрх мэдэл хэвээрээ, эдэлдэг ямба хэргэм нь янзаараа байгаа гэж хүмүүс ярьсаар л байна.
Ер нь Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг гэж хэн юм бэ? Хүмүүс бол “аймшигтай хүн” гэхээс цааш төсөөлөлгүй. Харин миний хувьд бол Ц.Зориг гэж хүнийг нэлээн дээрээс мэдэх, хэрхэн энэ зөөлөн сэнтийд заларч, Монголын шүүх засаглалыг муухай харагдуулах болсныг эрх биш гадарлах юм. Монголын мафийнхны үйлдсэн аллага авилгын том хэргүүд илэрдэг хэрнээ усанд хаясан чулуу шиг болдог, жирийн хүмүүс цөөн хэдэн төгрөгний төлөө нарсанд насыг элээдэг, өчнөөн олон хүн шоронд амь насаа алдсаны ар талд ч Ц.Зориг тэргүүтнүүд л байсан.
Бараг нэгэн жарны турш хууль шүүхийнхний өмнө хойно гүйж сурвалжилж явахдаа хэн нь хэн бэ гэдгийг таньсаны хувьд над хангалттай баримт бий. Би зөвхөн амьд гэрчүүдтэй нэг зүйлийг энд авъя.
Та нар “Алтжин” худалдааны төвийн бөмбөгөр шатсаныг сайн санаж байгаа байх. Гандангийн хүр доор, хотын хамгийн сайхан байрлалтай тэр газрыг өнөөдөр МАНАН мафийн толгойлогч гэгдээд байгаа М.Энхболд, Г.Алтангийнханд олгосон байдаг юм. Үнэтэй ч өгсөн юм уу, үнэгүй ч өгсөн юмуу бүү мэд. Энэ газар дээр бөмбөгөр худалдааны төв барих зөвшөөрлийг ч тэд л олгосон. Тэгээд хагас дутуу, “зуун задгай жаран хагархай” байхад нь ашиглалтад оруулж хэдэн зуун түрээслэгчдийн амь амьдралаар тоглосон. Хичнээн олон өрх айл амьжиргаанаасаа салсан гэж бодно! Нус нулимстайгаа хатсан тэр олон хүний гомдол өнөө хэрнээ тасарсан эсэхийг мэдэхгүй. Тэгээд л цагдаа, хууль хяналтын байгууллагынхан шалгаж “Алтжин”-гийн талаас олон зөрчил дутагдал илрүүлж билээ.
Ингээд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх хурал болсон. Өдөржин үргэлжлээд шөнө дөлөөр шийдвэрээ гаргаж байгаа юм. Шийдвэр нь “Алтжин”-гийн талд гарч олон түмнийг гайхашруулж, ангайлгасан даа. Шүүх хурлын маргааш өглөө, ажил цуглахаас өмнө “Алтжин”-гийн нэг даргын цагаан машин, нөгөө шүүхийн баруун дэргэд ирж зогссон. Хүмүүс сэжиг аваад очиж үзсэн чинь, арынх нь суудал дээр том боодолтой мөнгө байв. Г.Баасан тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхөн мөнгийг үзээд машиных нь дугуйг хагалан, эргэн тойронд нь хориг хамгаалалт тавьсан. Тухайн үедээ бол том авилагчдыг газар дээр нь барьж байна л гэж бодоцгоосон. Тэгээд хүмүүс, холбогдох хууль хяналтын байгууллагынхныг авчирч шалгуулахаар явцгааж билээ. Г.Баасан машины хамгаалалтанд үлдсэн. Тухайн үед цагдаагийн хэдэн давхар хамгаалалт руу Г.Баасан ганцаараа зүтгэж байгаа фото зураг байдаг юм. Би тэр зураганд нь “Харгис харанхуй руу ганцаараа!” гэсэн тайлбар хийгээд сонинд гаргаж байж билээ.
Г.Баасан намайг “Та хотын шүүх рүү очиж даргад нь мэдэгдсэн нь дээр байх” гэснээр, би хотын шүүхийг зорьж билээ. Яг энэ мөчид Хотын шүүхийн дарга Ц.Зориг сэтгүүлчидтэй хэвлэлийн бага хурал хийж байсан. Асуудлаа дуусаад асуулт хариулт болох зуур би Ц.Зориг даргад болсон явдлыг дуулгаад “Даруйхан арга хэмжээ авч өгнө үү?” гэсэн. Тэгтэл Ц.Зориг дарга “Тиймээ тийм. “Алтжин”-гийн зарим хүн банкинд мөнгө тушаахаар авч явсан юм билээ” гэж ам хаагаад, шалгах байтугай цагаан машины хагарсан дугуй солигдоод “авилгын мөнгө” арилж өгөх нь тэр дээ. Дараахнаас нь Ц.Зориг гэдэг хүн “тохом эгшээх” чөлөөгүй дээшээ суудал ахисаар сүүлийн жилүүдэд Улсын дээд шүүхийг толгойлж, өөрийнхөө хань хамсаатнаар баг бүрдүүлэн, аймшигтай олон хэргийг дарж нуугаад байгаагийн нэг нь С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллага. Энэ хэргийг Ц.Зоригийн багийнхан хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг 20 жил болгон “жүжиглэсэн” байдаг юм. Энэний цаана хэн байсан бэ?! Монголын мафид ямарч хир халдаалгүй олон жил дарж суусан Ц.Зориг, түүний багийн цөөн хэдэн шүүгчид л байсан. Тухайлбал, эрүүгийн танхимынхан. С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллага, Мандал дахь МИ-8-ын сүйрэл, Ш.Отгонбилэгийн сууж явсан нисдэг тэргэний аймшигт осол хэрэг, Авилгатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэнг Австралид нууцаар хөнөөсөн хэрэг… гэхчлэн олон аймшигт хэрэг явдлууд яагаад усанд хаясан чулуу шиг замхарсан, гэм буруутнууд нь ял цээрлэлгүй өнгөрснийг өнөөдөр манай ард түмэн Ц.Зориг болон түүний тойрон хүрээлэгчдээс асуух, хариуцлага нэхэх цаг болсон.
Ц.Зориг ийнхүү суудал ахиж явахад Г.Алтан гэж хүн хэд ч ямарч хуульд дийлдэшгүй “аймшигтай” хүүхэн болсон л доо. Банкууд дампуурахад Г.Алтангийн нэр явж л байдаг, томоохон зээл, өр ширийн асуудал болоход Г.Алтан мөн л холбогддог. Тэгсэн хэр нь Готовын Алтан л уснаас хуурай хоцорчихсон байдаг юм. Хамгийн сүүлд л гэхэд “Капитал” банкыг дампууруулсан аймшигт дээрмийн хэрэг дунд Г.Алтангийн нэр явж л байна билээ.
Энд нэг зүйлийг онцлоход, банкуудыг зориудаар дампууруулж дундаас нь цөөн хэдэн хүн баяждаг гашуун туршлага монголд үргэлжилж байгаагийн тодорхой жишээ нь “Капитал” банкны дампуурал. Үүний гол буруутан нь Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар гэдгийг хэн ч ойлгоно. Гэтэл тэр хүмүүс Монголын мафийн толгойлогчдын ивээл доор гэмгүй царайлаад л явж байгаа. Энэ бол аймшигтай дээрэм.
Манай шүүхийн байгууллагад, өргөсөн тангарагтаа үнэнч, өндөр мэдлэг мэргэжилтэй олон зуун залуучууд, ахмад, дунд үеийнхэн бий. Тэдний ахиж дэвших , явах зам дээр нь Ц.Зориг гэж хүний баг нэртэй бүлэглэл хөндөлдөж хаачихаад байгааг манай хуульчид ярьсаар л байна. Ерөнхийлөгч Х.Баттулга түүний тамгын газрынхан, Улсын ерөнхий прокурорын газарт эрс шийдэмгий өөрчлөлт хийсэн шигээ Улсын дээд шүүхэд яагаад зоримог хандаж чадахгүй байгаа юм бол гэсэн олон нийтийн хүлээлт цөхөрлөө барж байх шиг байна. Улсын дээд шүүхийн даргад шинэ хүний нэр дэвшүүлсэн. Монголд шудрага шүүгчид мөн ч олон бий дээ. Нутаг ус, нам эвсэл, танил тал хамаагүй, зоригтойхон шинэчлэл хийхгүй бол шүүх засаглалын нэр хүнд орой дээр биш, улан доор орлоо шүү, эрхэм Ерөнхийлөгч өө!
“Ам нээснийх, уушги нээ” гэсэн үг байдаг юм. Монголд Шүүхийн ерөнхий зөвлөл гэж цөөн хэдэн хүнтэй дайчин байгууллага байж билээ. Монголын мафийнхан хэдэн жилийн өмнө тэр байгууллагыг олон давхар байшинд багтахгүй болтол нь өргөтгөөд , даргаар нь машинаараа хүн дайрч алсан Н.Лүндэндорж гэж хүнийг тохоон томилсон. Тэр нүсэр байгууллага юу хийдгийг мэдэхгүй. Лав л “эзэддээ” үнэнч үйлчилсэн гэдэг юм. Олон улсын мафийн сүлжээнд нэг хатуу зарчим байдаг юм гэсэн. Монголд ч ялгаагүй, тэр л зарчим үйлчилдэг. Ноцтой гэмт этгээдүүдийг түүгээр нь барьцаалж, хууль хүчний байгууллагуудын өндөр дээд эрх мэдэл эдлүүлээд, гарын доор юу ч хийлгэж болдог. Та нар сайн ажиглаарай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хүн хулгайлсан хэргээр Германы шоронд хоригдож байсан Б.Хурцыг суллуулж авчраад ТЕГ-ын дарга болгон, Сүхбаатарын одон, хошууч генерал цолоор мялаагаад, юу хийлгэв?! С.Зоригийг хөнөөсөн хэргийг улстөрийн аллага биш, ахуйн хүрээний аллага болгон төөрүүлж, ямар муухай хэрэг хийлгэв. Түүний нь Ц.Зориг дэмжин хүнд хэцүү ял тулган яаж тамлан зовоов?! Мафийнхан ийм хүмүүсээ олдог, хүссэн болгоноо хийлгэдэг, хэвлээгүй хууль бий л дээ.
Монголын шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл энэ л замаар явж ирсэн нь нууц биш. Тэгээд л шүүх засаглалын нэр хүнд унаж, энэ хэдийгээ нэг хоногийн өмнө боловч зайлуулаач, гэр, шорон хоёроос нь өөр замаар битгий явуулаач гэж шаардаад байгаа юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.