Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 болон 2020 онд өмнөх оноос яльгүй саарах ч дотоодын эрэлт өсөх, үйлчилгээ болон боловсруулах үйлдвэрлэл тогтворжих, хөдөө аж ахуйн салбар сэргэх зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр тогтвортой байна хэмээн Азийн Хөгжлийн Банкнаас гаргасан тайланд дурьдсан юм.
Тэгэхэээр 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэсэн. Энэхүү тусламжийн үр шим манай улсын эдийн засагт томоохон түлхэц болсон гэдгийг эдийн засагчид дуу нэгтэй хэлж буй юм. Наанадаж л, олон улсын зах зээлд бонд гаргасан болон гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэргээс гадаад валютын улсын албан нөөц 2018 онд 500 сая ам.доллараар өсч 3.5 тэрбум ам.долларт хүрчээ.
Харин манай улсын эдийн засаг түүхий эдийн үнийн савалгаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна. Түүнчлэн банкны салбар сайжирч буй хэдий ч эмзэг хэвээр байгаа нь эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэхээр байгаа юм. Энэхүү байдлыг мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлж байна.
АХБ-ны эдийн засгийн голлох нийтлэл болох Азийн хөгжлийн төлөв тайлангийн энэ оны дугаарт Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 6.9 хувиас бага зэрэг буурч 2019 онд 6.7 хувь, 2020 онд 6.3 хувь болно хэмээн таамагласан байна. Энэ талаар холбогдох мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэж байна.
АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен: 2018 оны эдийн засгийн өсөлт төсөөллөөс давсан
-2019, 2020 оны Монгол Улсын эдийн засгийн төлөв эерэг хандлагатай байна. 2018 онд макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж макро эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд дэм болж байгаа юм. Засгийн газрын зүгээс үр ашигтай макро эдийн засгийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь эдийн засгийн нөөц, бодлогын орон зайг бүрдүүлэхэд төдийгүй, Монгол Улсын эдийн засгийн мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Төсөвт тусгагдаагүй шинэ сан үүсгэхийн оронд төсвийн санхүүгийн удирдлагыг сайжруулахад анхаарах нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөр хязгаарлахгүйгээр төсвийн сахилга батыг бэхжүүлэхэд туслах болно.
АХБ-ны Суурин төлөөлөгчийн орлогч бөгөөд ахлах эдийн засагч Деклан Магий: Энэ жил Засгийн газрын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна
-Энэ жил Засгийн газрын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна. Ингэснээр урсгал зардал ноднин ДНБ-ий 14.6 хувьтай тэнцэж байсан бол энэ жил 9.6 хувьд хүрч буурна. Гэхдээ энэ сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн хэрэглээний зээлийн хязгаарлалттай холбоотойгоор автомашины импорт буурсан. Мөн алтны экспорт нэмэгдэх төлөвтэй байгаа нь ирэх жил ДНБ 13.0 хувьд хүрч өсөх сайн талтай. Монгол Улсын төсөв олон жилийн туршид алдагдалтай явж ирсэн ч ноднин анх удаа ашигтай болсон. Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрээс хамааралтай. Тиймээс эдийн засгийн өсөлтөөс ирсэн орлогоо ашиглан, хуримтлал үүсгээд, түүгээрээ өрөө төлөөд явах бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн үйлчилгээний салбар нь өсөлтийн гол хөдөлгүүр болох бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхтэй холбоотойгоор тээврийн салбарын орлого сайжирна гэж үзэж байна.
Уул уурхайн салбарын өсөлт болон өсөн нэмэгдэж буй махны экспорт нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт эерэгээр нөлөөлнө. Төсвийн хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэнээр барилгын салбарын үйл ажиллагаа сэргэх бөгөөд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт мөн энэ онд үргэлжлэх юм. Инфляци 2018 онд дунджаар 6.8 хувь байсан бол 2019 онд 8.5 хувьд хүрэхээр байна. Үүнд, төсвийн зардал нэмэгдсэнээс үүдсэн дотоод эрэлтийн өсөлт, мөн 2018 оны сүүлийн хагаст төгрөгийн ханш суларсан болон шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь нөлөөлөхөөр байгаа юм. Эдгээр нөлөөллүүд нь 2020 онд буурч, инфляцийг 7.5 хувьд тогтворжих боломжийг олгоно гэж таамаглаад байна.
9 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.