Улсын төсвийн 2017 оны тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

2017-04-13 Парламент

Чуулганы танхимаас:

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6-д “…Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтооно…” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт гурван цагийн завсарлага өгсөн юм.

Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Хүрэлбаатар танилцууллаа. Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд хэлэлцээд, санал дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25.9.2-т заасны дагуу Төсвийн байнгын хороонд ирүүлсэн байна. Төсвийн байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж Улсын Их Хурлын бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос гаргасан санал, дүгнэлтийг судлан үзэж, санал боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн гэлээ. Тус Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг үндэслэн төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардал 2017 оны төсвийн тодотголд нэмэгдэхээр тусгагдсаныг гадаад зээл, тусламжаар санхүүжих, шүүхийн шийдвэрийн дагуу болон валютын ханшийн зөрүүгээс нэмэгдсэн, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд эсвэл тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад зохицуулалт хийгдсэн, өөрийн орлого, эх үүсвэртэйгээ нэмэгдсэн зардлуудыг нэмэгдсэн дүнгээр нь хэвээр үлдээж, улсын төсвөөс санхүүжүүлэхээр нэмэгдүүлснийг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцож бууруулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн аж. Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар батлагдаагүй боловч төсвийн тодотголын төсөлд шинээр нэмэгдсэн 28.7 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй, хөрөнгө оруулалтын санхүүжилт бүрэн олгогдсон 0.7 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй, нийт 7 төсөл, арга хэмжээг хөрөнгө оруулалтын жагсаалтаас хасаж, өмнөх жилүүдэд олгосон санхүүжилтийг үндэслэн 9 төсөл, арга хэмжээний 2017 онд санхүүжих дүнг 2.3 тэрбум төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэснийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжсэн байна. Улсын төсвийн зарлагын өөрчлөлттэй холбоотой саналыг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, санал дэмжигдсэнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн орлого, зарлагад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болохыг танилцуулгад дурдлаа.

Дараа нь Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Улсын Их Хурал дахь АН бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25.14-т “Нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, гишүүд гаргасан саналаа тайлбарлан үг хэлж болно” заасан байдаг бөгөөд Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй 30 саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа.

Ажлын хэсгээс төсвийн зарлагад өөрчлөлт оруулах Монгол Улсын 2017 оны төсвийн туай хуулиар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардал 2017 оны төсвийн тодотголд нэмэгдэхээр тусгагдсаныг гадаад зээл, тусалмаар санхүүжих, шүүхийн шийдвэрийн дагуу болон валютын ханшийн зөрүүгээс нэмэгдсэн, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд эсвэл тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад зохицуулалт хийгдсэн, өөрийн орлого, эх үүсвэртэйгээ нэмэгдсэн зардлуудыг нэмэгдсэн дүнгээр нь хэвээр үлдээж, улсын төсвөөс санхүүжүүлэхээр нэмэгдүүлснийг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцоож бууруулах саналыг гишүүд 90.6 хувийн саналаар дэмжлээ.

Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ барилга байгууламжийн жагсаалтад өөрчлөлт оруулах чиглэлээр 2017 оны төсвийн тодотголоор нэмэгдүүлсэн Эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын их завсрын зардлын дүнг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшинд тооцож бууруулах, төслийн хөрөнгө оруулалтын жагсаалтын Барилга, хот байгуулалтын сайдын багцын дугаар бүхий заалтуудад тусгагдсан төсөл, арга хэмжээг хасах саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Түүнчлэн зохицуулалт хийх дөрвөн саналыг Ажлын хэсгээс гаргасан байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын төсвийн багцын өөрийн орлогыг 20,000.0 төгрөгөөр нэмэгдүүлж, үүнээс тус сайдын багцын геологи, хайгуул судалгааны зардалд 3,994.8 сая төгрөг, урсгал зардалд 1,005.2 сая төгрөгийг тус тус нэмж тусгах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 88.5 хувийн саналаар дэмжсэн юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багц дахь тусгай зохицуулалтын шилжүүлгээс санхүүждэг Өнөр бүл хүүхдийн төсвийн 2017 оны батлагдсан төсвөөс 242.0 сая төгрөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төсөвт шилжүүлэхийг гишүүд 88.3 хувийн саналаар, төслийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгагдсан “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, соёлын төвийн барилга (Дорноговь, Замын-Үүд сум), хэрэгжих хугацаа 2013-2017 он, төсөвт өртөг 5,844.1 сая төгрөг, 2017 онд санхүүжих дүн 756.6 сая төгрөг” гэсэн төсөл, арга хэмжээг “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 100 ортой эмнэлэг (Дорноговь, Замын-Үүд сум), төсөвт өртөг 4,506.0 сая төгрөг, 2017 онд санхүүжих дүн 633.0 сая төгрөг” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд 89.8 хувийн саналаар тус тус дэмжлээ.

Үүний дараа Төсвийн байнгын хорооноос дэмжигдээгүй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар бусад байнгын хорооны гишүүдээс гаргасан дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй 13 санал байсан юм. Эдгээр 13 саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд мөн дэмжсэнгүй.

Ийнхүү Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан өмч хувьчлалын орлогыг төсвийн орлого хэсэгт бүртгэхгүй гэсэн төслийн үзэл баримтлалыг дэмжиж байгаа хэдий ч хаана бүртгэх нь тодорхой бус байгаа тул энэ орлогыг төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр талд бүртгэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжсэн аж. Мөн “Барих-Шилжүүлэх” нөхцөлтэйгөөр хэрэгжих төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг Улсын Их Хурал тухайн жилийн төсвийн тухай хуулийн хавсралтаар баталдаг байх, үүнтэй холбоотой зохицуулалтыг Төсвийн тухай хуульд нэмэх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлд тусгагдсан зарим татвар нэмэгдэх зохицуулалтыг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр байсныг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс гэж өөрчлөх нь зүйтэй гэсэн саналыг, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан зарим татварыг нэмж байгаа хуулийн төсөлд тусгагдсан заалтыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Төсвийн байнгын хороо дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж тодруулга хийх, асуулт асуух гишүүн байгаагүй тул төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаарх Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй 5, дэмжигдээгүй 20 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явууллаа.

Ингээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээлэв.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.