Бага насны хүүхдүүд осол, гэмтэлд өртөж эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад эндэх маш олон шалтгаан бий. Эдгээрээс дийлэнх хувийг нь түлэгдэлт эзэлдэг аж. Ингээд бага насны хүүхдийн түлэгдэлт болон үүнээс хэрхэн сэргийлэх талаар ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Э.Галбадрахтай ярилцлаа.
-Энэ сарын 15-наас эхлэн “Хүүхдийн түлэгдэлт эцэг эхийн хариуцлагаас” аян эхлэх гэж байна. Аяны талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Аяныг 2016 оноос эхлэн явуулж байна. Энэ жил “Хүүхдийн түлэгдэлт эцэг эхийн хариуцлагаас-II” гэсэн уриан дор явагдана. Манай улс бусад улстай харьцуулахад түлэгдэлтийн хувь маш өндөр байна. Тэр тусмаа бага насны хүүхдийн түлэгдэлт их байгаа нь анхаарал хандуудах цаг болсныг харуулж байна. Бага насны хүүхдийн түлэгдэлт эцэг эхийн хараа хяналт, хайхрамжгүй байдлаас үүдэлтэй. Тиймээс эцэг эхийн мэдлэг мэдээллийг сайжруулж, анхаарал санамжийг сайжруулах үүднээс энэ аяныг явуулж байна. ¬
-Хүүхдийн түлэгдэлт их байгаагийн гол шалтгаан юу байна вэ. Хүүхдүүд гол төлөв юунд түлэгдэж ирж байна вэ?
-Нийт ирж байгаа хүүхдүүдийн 90 орчим хувь нь өөрсдийн хэрэглээний халуун шингэн зүйлсд түлэгдэж ирж байна. Халуун шингэн зүйлс гэдэгт халуун хоол, цай, буцалсан ус зэрэг хэрэглээний зүйлс орно. Харин хаана ингэж их түлэгдэж байна вэ гэвэл гэр орондоо буюу амьдарч байгаа орчин. Тэгэхээр бид энэ бүхнээс ихэд сэрэмжилж, хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулах хэрэгтэй. Манай монголчуудын ихэнх нь гэр хороололд амьдардаг. Гэрт тусгай гал тогооны өрөө байхгүй. Бидний амьдарч байгаа орчин хамгийн эрсдэлтэй аюултай орчин болж хувираад байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал халамж тавихгүй бол хүүхэд их түлэгдэлтэд өртөж байна. Жилд дунджаар 2700 орчим хүүхэд түлэгдэлтийн улмаас анхны тусламж авдаг. Түүний 1000 орчим нь хэвтэн эмчлүүлж байна. 300-400 орчим хүүхэд мэс засал хийлгэж байна. Ингээд бодоод үзэхээр маш өндөр тоо байгаа юм. Түлэгдэлт бол маш хоруу чанартай, хүндрэл өгдөг өвчлөл. Тэгэхээр бид урьдчилан сэргийлэх боломжтой зүйлээс сэргийлж чадахгүйгээс болоод хойч ирээдүйгээ хамгаалж чадахгүй байна.
-Бага насны хүүхэд гэртээ халуун шингэн зүйлд түлэгдэх нь их байна гэж хэллээ. Мөн ахуйн хэрэглээний зүйлсд өртөх явдал сүүлийн үед их гарч байгаа мэдээлэл гарч байна. Тухайлбал, гэртэйгээ шатаж амь насаа алдах зэрэг харамсмаар үйл явдал их гарч байгаа мэдээлэл гарах боллоо?
-Гэрт байгаа эрсдэл маш олон байгаа. Хамгийн энгийн зүйл гэхэд зуух. Зууханд очоод гараараа хүрээд түлэгдэх, эсвэл халтирч унаад нүүрээрээ түлэгдэх гэх мэт эрсдэл байна. Мөн хамгийн эрсдэлтэй зүйл бол халуун тогоо. Гэр хороололд байгаа зарим айл маань халуун тогоогоо газар тавиад хоолоо хийдэг. Давс авах гээд эргээд харах хооронд нь хүүхэд халуун тогоотой хоолонд унадаг гэх мэт эрсдэлтэй асуудал их гарч байна. Ер нь манай тасагт хэвтэн эмчлүүлж байгаа, тэртусмаа эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа хүүхдүүдийн 90 гаруй хувь нь халуун тогоотой хоол, цайнд унаж түлэгдсэн байдаг. Тогоонд буцалж байгаа хоол юм уу ус руу унана гэдэг бол биеийн ихэнх хэсэг нь түлэгдэж, эрүүл мэндийг нь хоруу чанартай хохирооно. Мөн нас баралтад хүргэх өндөр магадлалтай. Түүнчлэн гэрт цахилгааны залгуур гээд тог, цахилгааны хэрэгсэл ямар ч хамгаалалтгүй байдаг. Үүнээс болоод тогонд цохиулж түлэгдэх явдал бий. Мөн гэр орон, байшинтайгаа шатах асуудал их гарч байна. Энэ бол галаа буруу түлсэн, эсвэл цахилгааны монтажаа буруу холбосноос болоод гарч байна. Онцгой байдлын газраас гаргасан мэдээллээр нийт 68 хүн гэртэйгээ шатаж түлэгдсэн байна гэсэн мэдээлэл гаргаж байсан. Үүний 19 тохиолдол нь бага насны хүүхэд гэртэйгээ шатаж амь нас нь эрсэдсэн гэсэн харамсалтай тоо мэдээлэл байна. Ер нь түлэгдэлтийн улмаас бага насны хүүхдийн 20-30 орчим хувь нь нас барсан гэсэн тоо байдаг.
-Түлэгдсэн тохиолдолд анхны тусламжийг хэрхэн өгөх вэ. Эцэг эхчүүд маань дур мэдэн саван, элсэн чихэр түрхэх гээд дур мэдэн эмчилдэг нь зөв үү?
– Гэр бүлийн хэн нэгэн түлэгдлээ гэж бодоход иргэд маань эмчид хандахаасаа илүүтэй хэн нэгнээс дам сонссон үгэндээ итгэж буруу мэдээллээр анхны тусламж үзүүлдэг. Тухайлбал, саван, элсэн чихэр түрхэх гэх мэт. Бүр зарим нь гутлын хар тос, нохойн тос, үхрийн баас зэрэг хүний ой ухаанд багтахааргүй зүйлээр эмчлэх гэж оролддог. Энэ нь улам өвчнийг сэдрээж хүндрэхэд нөлөөлдөг. Анхны тусламж биш улам бүр хүндрүүлдэг. Түлэгдсэн бол саван түрхчих, элсэн чихэр түрх, эсвэл түүхийн мах тавь гээд л дур мэдэж огт хэрэглэж болохгүй зүйлсийг түрхдэг. Энэ бол маш буруу. Барааны саван гэхэд хүйтэн гадаргуугаар хүрдэг учраас өвдөлт түр намдаадаг. Элсэн чихэр гэхэд бактери, нян нь чихэрлэг орчинд үрждэг. Тиймээс түлэгдсэн үед элсэн чихэр түрхэх нь бактери, нян үржих таатай орчин болж өгдөг. Ингэснээр нянгийн тоог нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай. Ер нь түлэгдэлтэд элдэв зүйлс дур мэдэж огтхон ч түрхэж болохгүй. Ер нь ямар ч хэмжээний түлэгдэлт байсан мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Иргэд гэрээрээ дур мэдэн эмчилгээ хийгээд улам хүндрүүлээд эмчилгээ авах аргагүй болоод ирдэг. Анхны тусламж их энгийн байдаг. Түлэгдсэн хэсгийн хувцасыг тайлах хэрэгтэй. Иргэдийн тухайд сандраад хаана түлэгдсэнийг нь мэдэлгүй хувцасыг нь тайлахгүй байснаас хувцасанд шингэсэн халуун зүйл улам цааш нь гүнзгийрүүлээд түлээд байдаг. Тиймээс юун түрүүнд түлэгдсэн хэсгийн хувцасыг болгоомжтой тайлах хэрэгтэй. Харин дараа нь тасалгааны температурт байгаа усаар саармагжуулах хэрэгтэй. Гэтэл эцэг эхчүүд ус л байвал зүгээр гээд түмпэнтэй усанд ч хамаагүй дүрдэг. Эсвэл мөс авчираад тавьдаг. Зарим нь 40 битонтой усанд хүртэл дүрсэн байдаг. Энэ нь анхны тусламж биш эргээд хүнээ улам хүндрүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Яг үнэндээ урсгал ус л байх ёстой. Түлэгдэлт маш их өвдөлт өгдөг. Тиймээс өвдөлтийг намдаах лаа, эмийг хэрэглэх хэрэгтэй. Хамгийн гол нь эмчид хандаж тусламж авах шаардлагатай.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.