Зээлийн хүүг бууруулах арга замуудыг хэлэлцэв

2018-11-23 Банк, санхүү

Дэлхийн банкны 2014 онд хийсэн судалгаагаар нийт 152 улс орноос 61 улсад нь зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоосон байдаг байна. Ингэхдээ санхүүгийн хэрэглэгчдийг хэт өндөр зээлийн хүүгээс хамгаалах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьдог ч бодит байдалд энэхүү зорилт нь төдийлөн биелдэггүй болохыг олон судалгаа харуулсан байдаг. Тодруулбал, зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоосноор зээлийн зардлыг өсгөх, ил тод байдлыг бууруулах, зээлийн нийлүүлэлтийг багасгах, хууль бус зээлийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагаврыг үзүүлжээ.

Монголбанкнаас санаачлан “Зээлийн хүүг бууруулах арга замууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлгийн хүрээнд Монголбанкны холбогдох газар, хэлтсийн захирлууд зээлийн хүүг бууруулах суурь арга зам болон санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх, мөнгө хүүлэлт, зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох асуудлууд, инфляцын тогтвортой байдал, макро эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогын уялдаа зэрэг өргөн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Зарим улс орны туршлагаас харахад, Өмнөд Африкийн нэр бүхий санхүүгийн байгууллагууд дээд хязгаараас зайлсхийж, зээлийн даатгал зэрэг бусад нэмэлт үйлчилгээний зардлыг бий болгож, зээлийн зардлын ил тод байдлыг бууруулсан байна. Түүнчлэн баруун Африкийн орнуудад бичил санхүүгийн зээлд хэт бага хүүгийн дээд хязгаар тогтоосны улмаас банк, санхүүгийн байгууллагууд нь ядуу болон алслагдсан бүс нутгуудад үйл ажиллагаа эрхлэхээ зогсоож байжээ.

Япон Улсад зээлийн хүүгийн хязгаар тогтоосноос зээлийн нийлүүлэлт буурч, зээл олголт багасаж, хууль бус зээлдүүлэг ихэссэн байна. Мөн Армени улсад зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоохдоо зээлийн хүүг хэрхэн тооцох талаар тодорхой зааж өгөөгүйгээс банк болон бусад санхүүгийн байгууллагууд хураамж, шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлсэн байгаа юм.

Олон улсад сайнаас илүү сөрөг үр дагавар давамгайлсан муу туршлагууд бэлээхэн байгаа тул зээлийн хүүг бууруулахдаа зах зээлийн механизмд суурилсан зарчмаар тооцоолох нь илүү үр дүнд хүргэнэ гэдгийг оролцогчид онцолсон юм. Мөн банк, санхүүгийн салбарт өрсөлдөөнийг дэмжих, санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах, бичил зээлийг дэмжих, санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх гэсэн бодлогын арга хэрэгслүүдийг ашиглах боломжтой гэлээ.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.