Аян замын тэмдэглэл
Эрхүүд оюутан байлаа
Энд ирээд хилчин боллоо хэмээн Монголын уран сайхны кинонд хүртэл өгүүлдэг нь Монголчуудын ихэнх нь Эрхүүгээр дамжин эрдмийн замд мөрлөж, ээж ааваасаа холдон, ирээдүйн хувь заяагаа эрдэмт багш нарт нь даатгаж явсныг нотлох үг. Хэлний бэлтгэлийн их ундарга энд суурьшиж байв. 1966 оноос монгол оюутнуудад зориулсан хэлний бэлтгэлийн анги нээсэн гэдэг. Өөрөөр хэлбэл ОХУ-д сурах оюутнуудын хэлний бэлтгэлийн түшиц суурь сургууль нь энд байв. Эзэмших мэргэжлээ сонгохоос эхлээд хүн болж төлөвшиж, хөрстөд зөв гишгэхэд орос багш нар бидэнд хөтөч, хатавч, хаяавч болсоор ирсэн. Зүгээ ч олсон, зүсээ ч тордсон он жилүүдийн улбааг монголчууд үл мартана.
Түүхийн түүчээг тэмтэрэхэд Эрхүүгийн их сургуультай эрдмийн барилдлага нь их л холоос үүдэлтэй, бүр 1926 онд анх монгол оюутнууд Сибирийг зорьсон байдаг. Эрхүүгийн их сургууль Монгол иргэдэд зориулсан орос хэлний сургалттай Сибирь дэхь анхны их сургууль мөн. Зөвхөн 1926-1932 оны хооронд Эрхүүгийн их сургуульд суралцаж төгссөн 70 орчим монгол оюутнууд улс орныхоо бүхий л салбарт тэргүүлэн ажиллаж, шинжлэх ухаан, соёл боловсрол, нам төрийн чухал эрэмбэнд сууж байв. Энэ бүхэн түүх болон үлдэж шинэхэн найз соньхон ч хуучин илүү үнэ цэнэтэй гэдэг үгийн үнэнд гүйцэгдэх цаг дор өнчрөн хоцорсон Эрхүүдээ хөл тавих зуур хуучин дурсамжууд сэдрэв.
Дээгүүр нь онгоцоор нисэж, хажуугаар нь хурдан галт тэргээр сүнгэнүүлсээр 30 жил ор тас мартаж орхижээ. Эрх биш энэ яваа нас минь энэ сургуультай эгнэгт холбоотойг санан, 100 жилийн ойн сургаар зулзган насаа дурсан, зураг шиг өнгөрсөн таван өдөрт зуур тэмдэглэл тэрлэж, журмын орос нөхөд, зарчимч шударга багш нараа оройдоо ортол санаж, оргүй аних шахсан орос хэлээ сэргээв. Эргэн эргэн бодов. Ороо бусгаа цагийг орос монголгүй адилхан туулж, орог саарал үстэй өвгөн профессор багш нарын үг хэвээр, үнэлэмж баахан буурсан санагдав. Ядравч янжууртайгаа гэгчээр Орос гүрэн задарч, гандаж гудайсан үе байсан ч эмх цэгц, эрэмбэ намбаа алдаагүй аж. Том гүрэн гэдэг нь том л хэвээр торойн үлдсэн байхыг үзэв.
Эрхүүгийн их сургуулийн түүхийн факультетэд тэртээ гучаад жилийн өмнө суралцаж төгссөн бидний хэдэн монголчууд сургуулийнхаа 100 жилийн арга хэмжээнд оролцохоор зуузай холбон Дорнод Сибирийн нийслэл Эрхүү хотыг зорьж, аяны дөрөө нийлсэн юм. Зам зуур бидний хууч яриа оюутан цаг дээр хөглөгдөж, олуул хөгжилдөн, хөглөж явснаа ярьж шуугилдах нь яг л симфони хөгжмийн хэмнэл мэт. Бүр нэг тэртээх буцалсан он жилүүд буцаад ирэх шиг болов.
Эхний өдөр Эрхүүгийн их сургуулийнхаа төв корпусын гадаа зургаа татуулж, баяр цэнгэлээр үерлэж байх зуур нэгэн эрхэм ойртон ирж, ‘’Их сургуулийн ойн арга хэмжээнд ирсэн монголчууд уу’’ хэмээн танимхайран угтаж, хамтаар зураг татуулсан бөгөөд хожим энэ хүн Эрхүүгийн их сургуулийн ректор, академич И.В.Бычков байсныг нээлтийн арга хэмжээнээс олж мэдэж аваад, түүхийн факультет төгсөгч бидэнтэй санамсаргүй таарч, хүндэтгэлтэй угтан авахуулсандаа ихэд додигор, бас чиг битүүдээ билэгшээн баясав . Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Монгол Улсын ШУА-ын Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол Улсаас Эрхүү хотноо суух Ерөнхий консул Л.Амарсанаа, МУИС-ийн ректор Я.Төмөрбаатар, ШУТИС-ийн проректор Б.Очирбат, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарын эрхэмүүд морилон ирсэн байв.
Шинжлэх ухаан талаас харахад Эрхүүгийн их сургууль маань ЗХУ болон түүний хөрш зэргэлдээх Монгол Улсын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, өндөр хэмжээнд дэлхийн боловсролыг эзэмших замыг яах аргагүй тавилцсан сургуулиудын нэг. Тэр дундаа Орос улсын хэмжээнд топ 3 сургуулийн нэг гэж албан ёсоор тооцогдож явдаг. Тус сургуулийг төгссөнөөрөө бид их азтай хүмүүс гэж боддог. Бид энэ сургуулийнхаа ач буянаар өдийг хүртэл Монголын амьдралыг, гэр бүлийнхээ амьдралыг, үр хүүхдүүдийнхээ амьдралыг авч яваа нь энэ сургуулийн буян хишиг гэж бодож явдаг. Эрхүүгийн их сургууль дэлхийн түүхтэй харьцуулах юм бол манай хүн төрөлхтөн төрт ёс үүсээд 2000 гаруй жил болж байгаа гэж үздэг. Түүний хорины нэгтэй тэнцэх хэмжээний насыг насалж, бидний үед суралцаж байсан монгол, вьетнам, хятад япон солонгосчуудыг сургаж, ялангуяа Азийн орнуудын боловсон хүчинг сургаж бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг.
Эрхүүгийн Улсын Их Сургуулийн нэг онцлог бол Ази Европын Археологийн шинжлэх ухааны салбарыг тэргүүлж явдаг. Маш олон том том археологчид бий. Миний дипломын ажлыг маань удирдаж байсан багш нар. Тухайлбал Герман Иванович Медведев Оростоо эхний гурван байрт ордог том археологич байлаа. Владимир Вячеславович Свинин миний шинжлэх ухааны ажлын удирдагч. Тэрбээр Монгол оронд археологи судлал хөгжихөд бараг 70-80 хувь энэ хүний хүчин чармайлттай холбоотой гэж ойлгодог. Бусад эрдэмтэн багш нар маань амьдралын замыг маань зааж гийгүүлж тэр заасан замаар нь бид явж өдийг хүрч байгаадаа би их баяртай байдаг. Сургуулийнхаа ойдоо оролцож байгаадаа сайхан байна. Үе үеийн ректор, деканууд, багш нар, төгсөгчидтэй уулзлаа. Оюутан насандаа эргэн очиж тэр цаг үеийг сануулж байгаа нь энэ сургуулийн ач буян юм.
Төрөлх сургуулийнхаа 100 жилийн ойд түүхийн факультет төгссөн арван нөхдийн хамт ирээд хамтран тэмдэглэж байгаад үнэхээр сэтгэл хангалуун байна. Бидэнд хичээл зааж байсан багш нартайгаа уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. Багш нар яг л бидэнд хичээл зааж байсан тэр л янзаараа бидэнтэй уулзаж, сэтгэл хөдөлгөсөн уулзалтыг хийлээ. 100 жилийн ойд оролцохоор ирсэн маань буцаад оюутан насныхаа тэр л цаг үед очсон мэт сайхан байлаа. Үе үеийн төгсөгчид хууль, математик, физик, биологи, түүхийн факультет төгсөгчид нэг дор уулзаж, нэгэн өдрийг сайхан өнгөрөөж чадлаа.
Эрхүүгийн Их Сургуулийн 100 жилийн ойд бид тусгай хөтөлбөртэй ирсэн. Нэгдүгээрт багш нараас маань Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан байгаа. Эдгээр багш нарыг дурьдвал В.И. Дятлов, Н.Е Единархова, И.ГНикулина нарт шагналыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гардуулах байсан боловч багш нар маань хараахан ирж амжаагүй болохоор манай сургуулийн 1991 оны төгсөгч, түүхийн шинжлэх ухааны доктор, Сангийн сайдын зөвлөх К.Дэмбэрэлд сайд хариуцуулж энэхүү шагналыг уламжлан гардуулж өгөхийг хүссэний дагуу бид очиж гардуулж өгсөн. Бидний хөтөлбөрт оюутан цагийн маань гэр орон байсан Сибирьская-40 хаягтай 6 дугаар байрандаа очиж, бидний үед комендантаар ажиллаж байсан Нелли Трофимовна Арсентьеватай уулзаж сайхан дурсамжийг нь сонсож, өөрт нь талархаж явдаг монголчуудын сэтгэгдлийг сонсож халуун дулаан уулзалт болсон.
Энэ хүн бидэнд ээж шиг хандаж, болохгүй зүйл хийвэл хэлдэг, зааж зөвлөдөг дотно сэтгэлээр ханддаг хүн байсан. Энэ комендат нэг хар мууртай, тэр муурнаас би их айдаг байв. Намайг оюутны байранд ороход тэр муураа холдуулж, намайг зовоохгүй гэж өрөөндөө айдасгүй орох боломж олгодог байсныг мартдаггүй юм. Зах зээл харилцаа эхэлж байсан тэр үед монголчууд ганзгананд мордож, Оросоос мебель ачиж байсан ид үед ч монголчуудад тусалсаар л байсан. Зарим нь олон жилээр юмаа орхиод явахад хадгалаад л байж байдаг. Монголчуудад их элэгтэй эмэгтэй байсан. 2011 онд бид Эрхүүгийн их сургуулийн 85 жилээр бид бас түүнтэй уулзаж, хүндэтгэл үзүүлсэн. 70 гарсан ч эдүгээ оюутнуудтай ажиллаж, эрч хүчтэй хэвээр байгаад баяртай байна.
Эцэст нь хэлэхэд сургуулийн 100 жилдээ ямар бэлэг өгөх вэ гэдэг дээр тал бүрээс сайтар ярилцаж, Эрхүүгийн их сургуулийн оюутан бүр сууж хичээлээ давтдаг байсан номын их авшиг хүртээсэн өргөө Белый дом зургаа зуруулж дурсгахаар шийдсэн. Мөн манай их сургуулийн анхны корпус байсаныг ч бодолцон Белый дом зургаа Москвагийн Суриковын академийг 1974 онд төгссөн, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэрээтэрийн Дагвадорж зураачаар зуруулж, 100 жилийн ойдоо бэлэг барилаа. Энэхүү бэлгийг сургуулийн ректорт гардуулж өгөх ёслолын ажиллагааны дараа Белый дом номын сангийн эрхлэгчээр 40 гаруй жил ажилласан Райса Васильевна Подгайченко гуай баярын нулимс унаган, эл зургийг тус номын сангийн үзэсгэлэнгийн танхимдаа үлдээхийг зөвшөөрнө үү хэмээн сургуулийн ректороосоо хүссэн нь хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөч байлаа. Эхлээд бид сургуулийн нэгдүгээр байрны урд 100 жилийн ойд зориулсан гэрэлт самбарын дэргэд зургаа татуулж байтал замаар өнгөрч явсан машин зогсож, нэг хүн гүйж ирээд бидэнтэй мэндлээд та нар манай ИГУ-ийнхэн байна шүү дээ гэж зургаа хамт татуулсан нь Эрхүүгийн их сургуулийн ректорын үүрэг гүйцэтгэгч Игорь Бычков байсныг хожим мэдсэн.
Эхлээд бид таньсангүй, албан ёсны арга хэмжээ буюу шинээр баригдсан номын сангийн хурлын танхимд очиход тэнд бидэн рүү гүйж ирж зургаа авахуулсан хүн маань сургуулийн маань ректор байсан нь ямар их хувь тавилан ерөөлөөр бидэнд ийм завшаан олдов оо гэж бодсон. Ер нь сэтгэл зүрхээрээ сургуулиа зорин сургуулийнхаа ойд оролцсон сайхан сэтгэлийн үр хэмээн билэгшээн баярлаж байлаа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад сэтгэл зүтгэл гаргасан түүхийн факультетийн үе үеийн төгсөгчид талархал илэрхийлж, сургуулийнхаа 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Эрхүүгийн их сургуулийн 100 жилийн ойд тус сургуулийг төгссөн үе үеийн төлөөлөл болсон арав гаруй нөхөдтэйгээ хамтран оролцлоо. Энэхүү гурван өдрийн баярын арга хэмжээнд манай найз нөхдүүд бүх төлөвлөсөн ажлуудаа амжилтай, маш үр дүнтэй зохион байгууллаа. Ректоратын хүлээн авалт буюу эхний өдрийн арга хэмжээнд биднийг Эрхүүгийн их сургуулийн шинээр баригдсан Распутины нэрэмжит номын сан буюу Дорнод Сибирийн хэмжээнд хамгийн томоохонд тооцогдох номын сандаа хүлээн авч, арга хэмжээг маш сайхан зохион байгуулсан их сургуулийн удирдлагууд болон биднийг хүлээн авч уулзсан хүмүүст үнэн сэтгэлээсээ баярлалаа. Сургуулийнхаа хамт олон болон ойн арга хэмжээнд оролцоохоор Монголоос зорин ирсэн мэргэжил нэгт нөхөддөө хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Би 1986-1991 оны оюутан. Миний хувьд он удаан жил уулзаагүй ахлах курсийн төгсөгчид, багш нартайгаа уулзаж чин сэтгэлээсээ дотно яриа өрнүүлж, хэзээ ч давтагдашгүй оюутан үедээ хэдхэн хоног ч гэсэн эргэж очсон минь л хамгийн том завшаан, аз жаргал байлаа. Алдаатай оноотой, инээдтэй, нулимстай, дуутай хууртай алдрай залуу насны минь ” анхны” гэх бүхэн минь энэ л хоттой, энэ л сургуультай салшгүй холбоотой бөгөөд хэзээ ч үл мартагдам юм даа. Би эндээс хамгийн сайхан, хамгийн үнэнч , сайн найзуудаа олж авсан гэж олзуурхаж өөрийгөө их азтайд тооцдог. Бидний дундаас мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж, энэ салбартаа тэргүүлж, судалгааны маш олон ажил хийж, бүтээл туурвиж өндөр амжилтанд хүрсэн олон эрдэмтэд, багш нар төрөн гарч, төрдөө болон шавь нар хамт олон, Монголын ард түмэнд гавъяагаа үнэлүүлж, хайр хүндэтгэлийг нь хүлээж явааг нь хараад бахархах , баярлах сэтгэл төрж явлаа. Монгол оюутнуудыг харийнх гэж харилхалгүй өөриймсөг сэтгэлээр хандаж, сургаж байсан багш нар маань хоолой нь чичрэн бидэнтэй ярьж, шинэ үеийнхний хүйтэн хөндий харьцааг шүүмжлэхийн сацуу тэр үеийн орос монгол оюутнууд, багш нарын хооронд үеэс үед уламжлагдан хадгалагдаж байсан амьд харьцаа, хүндэтгэл, гэр бүлсэг харилцааг үгүйлэн, үгнийхээ дунд дахин дахин хавчуулан гоморхонгуй хэлж байлаа. Залуу зандан наснаасаа бүхий л амьдралаа ном эрдэм, боловсролын салбарт зориулсан хэдэн багш нарын минь үс нь цайж, нуруу нь бөгтийж, нүд нь гунигтай ч үйлсдээ үнэнч зүтгэж байгааг хараад бахархаж, бас нэг талаар өрөвдөх сэтгэл төрж байсныг нуух юун.
Бид ер нь хаа сайгүй өнгөрсөн лүүгээ эргэж харалгүй алхдаг болоо юу даа л гэж бодоход хүрлээ. Эзэнтэй, ухаалаг удирдагчтай , хуулиа дээдэлдэг ард түмний амьдрал тайван бөгөөд алгуураар урагшлан дээшилж байгаа нь илт харагдаж байлаа. Бидэнд Оросын аугаа ард түмнээс сурах юм бас л их байна шүү. Оросууд бидэнд элгэмсэг ханддаг хэвээрээ л байна. Бүтээн босголт, өөрчлөлт их хийсэн байна, утаагүй, түгжрэлгүй, эмх замбараатай, өргөн хэрэглээний бараа хямд, бас эрүүл чанартай, ер нь л хүн амьдрах таатай нөхцөл бүрдсэн байна. За тэгээд танил гудамж , 5 жил амьдарсан гэр минь (6 общаг), комендант эмэгтэй, столовая, дэлгүүр гээд л дурсамжтай бүх л газраараа хэдүүлээ алхлаа даа. Бүр трамбай, автобусандаа хүртэл суулаа. Бөөнөөрөө студид патиараа татууллаа. Нөгөө гоё труфельный торт, пельмени, борщ , армян конъяк гээд л…Багш нараасаа бэлгийн дээд номнууд бэлгэнд авлаа. Хайртай багшийнхаа гэрт нь бөөнөөрөө зочилж, гарынх нь хоолыг амтархан идэцгээлээ. 5-хан хоногт их л ажил амжуулаад , хэдэн нас залуужаад, жигүүр ургачаад л ирлээ дээ. Хэдийгээр би өөр салбарт ажиллаж байгаа ч түүх болон үлдсэн оюутан насаа, олон найзаа, багш нар, сургуулиа, Эрхүү хотоо түүхийн хуудаснаа үргэлжлүүлэн тамгалах болноо. Учир нь бид чинь 100 жилийн түүхтэй Эрхүүгийн Их Сургуулийн түүхийн факультетийн түүхчид шүү дээ.
Эрхүүгийн Улсын их сургуулийн 100 жилийн ой 2018 онд болж байна. Энэхүү сургууль бол 1918 онд анх байгуулагдсан 100 жилийн ой гэдэг бол Дорнод Сибирь, Алс Дорнодын хязгаарын боловсролын төв болж, зөвхөн энэ мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж төгсгөх асуудал биш, тухайн мужийн соёл, шинжлэх ухаанд бүтэн зууны турш томоохон нөлөө үзүүлж ирсэн сэтгэлгээний том төв байсан нь харагдаж байна. Хоёрдугаарт Эрхүү муж бол Ардын хувьсгалаас өмнө монголчууд сурч боловсроход чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй хамгийн анх гадагшаа сурсан монголчууд анх Эрхүүд ирж суралцан гадны соёлоос суралцсан байдаг. Бас нэг онцлог гэвэл Эрхүүгийн их сургууль бол социализмын үед голлох сэхээтнүүдийг бэлтгэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Хамгийн олон оюутнууд энэ сургуульд сурч байснаас гадна сургуулийн дэргэдэх хэлний бэлтгэлээр дамжин ЗХУ-ын бүх томоохон дээд сургуульд илгээгдэж байснаараа Эрхүү хот, Эрхүүгийн их сургууль бол монголчуудын боловсрол эзэмших үүд хаалга нь байжээ. Энэ утгаар олон монгол төгсөгчид сургуулийнхаа ойд оролцон баяр хүргэхээр ирцгээсэн. Үүний дотор манай түүхийн ангийг төгсөгчид арвуулаа баяр хүргэхээр ирж, баярын үйл ажиллагаанд оролцлоо. Манай түүхийн факультетийг 50 гаруй хүн төгссөнөөс 20 гаруй нь энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. Монголын соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт оруулсан гавьяа зүтгэлд талархал илэрхийлэх зорилгоор оролцсон. Бид сонгосон бэлэгнээсээ эхлээд маш их бодож, төлөвлөж, чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье хэмээн 1918 онд анх сургууль үүсгэн байгуулагдахдаа голомтоо бадрааж байсан Цагаан ордон гэдэг түүхэн байшинг урлаачаар зуруулж бэлэглэлээ. Энэ бол Эрхүүгийн их сургууль хоёр гуравхан факультеттай гараагаа авч байсан бол эдүгээ 10 гаруй факультет, 3 их сургуулийг эгнээндээ багтаасан 6 мянга гаруй оюутнуудтай, шинжлэх ухааны төв болсныг ректорын илтгэлээс олж харлаа. Зөв явсан хөгжил бол дандаа өсөн дэвжиж байдаг. Одоо ч биднийг төгссөнөөс хойшхи манай сургууль нь манай боловсролын салбарт хөгжих дэвжих загвар болж, бид санаа авах байх аа. Эрхүүгийн улсын их сургуулийн ойд сэтгэл зүтгэл гаргаж оролцсон хамт олондоо талархал илэрхийлье. Баярлалааа.
Их сургуулиа төгсөөд 31 жилийг ардаа орхижээ. Өнгөрч одсон энэ хугацаанд ямар нэгэн тохиолдлоор Эрхүүд очиж төрөлх сургуулиараа зочлохыг их хүсдэг байсан ч ажил, амьдралдаа түүртсээр өдий хүрчээ. Гэтэл аз тохиож Эрхүүгийн Улсын их сургуулийн 100 жилийн ой, түүгээр ч барахгүй түүхийн факультетийн 100 жилийн ой бас давхацсан сайхан үйл явдал сая боллоо. Түүхийн факультетийн үе үеийн төгсөгч 9 нөхрийн хамт оюутан насанд минь хүргэж өгөх галт тэргэнд сууж, Эрхүү хотыг зорин 5 хоног тэнд саатсан минь амьдралын маань бас нэгэн чухал үйл явдал байлаа. Энэ 5 хоногт оюутан цаг эргээд ирсэн юм шиг л санагдлаа.
Хичээлийн байр, номын сан, оюутны байр бүгд л Ангарын эрэгт байрлана. Түүхийн факультетийн хичээлийн байр Ангар мөрний эрэгт Чкаловын гудамжинд тэр л хэвээрээ, үе үеийн оюутан залуусын шуугиан дүүрэн он жилүүдийг өнгөрөөж, нэгийг угтан нөгөөг үдсээр байна. Энд багш нартайгаа уулзлаа. Багш нар маань өтөлсөн ч өнөөдөр бид тэдэнтэйгээ үеийн юм шиг зэрэг л өтөлж дээ. Бидэнд лекц уншдаг байсан Дятлов В.И, Шмыгун Е.П, Степанова Т.А нар яг л хэвээрээ байна. Харин миний дипломын удирдагч, Эрхүүгийн түүхийн анги төгссөн үе үеийн орос оюутнуудаас монгол судлаачдыг олноор төрүүлсэн Свинин В.В багш маань хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Археологийн хичээлийн анхны үндсийг тавьж өгсөн Медведев Г.И, судалгааны ажлын дөр суулгаж өгсөн Даревская Е.М, орос орны түүхийг таниулж өгсөн Коваль С.Ф гээд олон багш нар холын холд одсон байна.
Бидний хоёр дахь хичээлийн байр-номын сан буюу “Белый дом” гаднах нь яг л хэвээрээ боловч доторхийг үзэж амжсангүй. Учир нь номын сан нүүгээд шинэ байранд төвхнөж. “Белый дом”-д сууж судалгаа хийх арга зүйг таниулсан хүн бол Елена Марковна Даревская. Энэ хүн намайг орос-монголын харилцааны түүх судлаач болгохыг хүссэн боловч би хүсээгүй юм. Би музейн ажилтан болох томилолттой хүн, музей судлалыг сонгоно гээд Свинин багшийг сонгосон юмдаа. Гэхдээ Елена Марковна надад энэ номын сангаас ямар материал хаанаас олж, яаж судлахыг зааж, Оросын Газар зүйн нийгэмлэгийн материалтай нэлээд ажиллуулж билээ.
Сибирская-40 гудамжнаа байрлах оюутны байраараа ороод гарлаа. Биднийг сурч байхад цагаан хэрэглэл түгээгч байсан НеллиТрофимовна биднийг нулимс дуслуулан тосож авсан. Мөн л хэвээрээ, тушаал дэвшиж байрны комендатаар олон жил ажиллаж, тэтгэвэрт гарсан ч ажлаа хийсээр байгаа гэнэ. Тэр үед комендат байсан Екатерина Павловна тэнгэрийн оронд оджээ. Нелли Трофимовна ханийг маань хүртэл санаж байсан шүү, ямар залуу байсныг, түүний маань хөгжилтэй нэгэн түүхийг… Энэ л байранд бид хоёр төдийгүй олон ч найз нар маань хайр сэтгэл, хамтын амьдралаа эхлүүлсэн дээ. Өнөөдөр тэднээс олон найз нар минь бидний дунд алга. Тэд маань ч гэсэн Эрхүүдээ очихыг хүсэх л байсан даа. Миний хань лав их л хүсдэг байсан юмсан.
Өнгөрсөн 5 хоногийн хугацаанд оюутан цагийн дурсамж сэргээсэн газруудаар аялж, идэж байсан хоолоо амталж явтал хоног хугацаа харвасан сум шиг өнгөрч, галт тэргэндээ суун эргэн ирлээ.
Уулзсан хүмүүс бүгд л дахин уулзахын ерөөл тавьж, эргэн ирэхийг урьсан. Гэхдээ 100 жилийн дараа биш шүү гэсэн.
Алчуур дүүрэн нулимстай уулзалтууд…
Бид орос багш нарынхаа нүд нулимстай байхыг олж харсан. Удаан хүлээсэн юм уу, урвасан сэтгэлийг цайруулж байгаа ч юм уу?, эсвэл тэгтлээ их хүлээсэн монголчуудаа хараад тэсэхгүй нулимсаа нэрсэн ч юм уу? Ингээд олуулаа хүрээд ирнэ гэж санаагүй ч юм уу? Тэртээх он жилүүдийг урагшлуулдаг ч болоосой, тэвхэгэр оросын цагаан хус шиг гоолиг багш нараа ангайн харж, голоосоо айж гэрэвшин зогссон он жилүүдийг эргэж авчирдаг ч болоосой.
Монголчууд багш нараа их дээдэлдэг, хүндэлдэг мартдаггүй, харин манай Орост бол багш нараа тоодооггүй мартдаг гэсэн гоморхлын үгс тэд унагасан. Алтыг нь аваад авдрыг нь хаядаггүй ёсон Монголынх. Ач санах нь бидний заншил. Ачит багш нараа Монголдоо бид урьсан. Аль аль нь чадах ядахаараа багш нартаа үйлчилнэ шүү, Монголд ирэхээр нь хэмээн ам гараад амжсан шүү бид. Эрхүү- Улаанбаатарын галт тэрэг монголчуудаар дүүрэн байдаг байв. Гэтэл одоо бүтэн 4 дүгээр вагонд ганц купе нь монголчууд явах жишээнийх. Бусад нь хоосон. Багширч байсан хөл татарчээ.
Баруунд хүүхдээ сургаж, Европт ажиллах болсон монголчууд хажууд хаяа дэрлэх Эрхүү рүү хөл тавих нь эрс цөөрсөн хэрэг. Дээр цагт нэг факультетэд сурдаг монголчуудын тоо нь одоо нийт сургуулийн хэмжээнд суралцах тоо болон цөөрчээ. Оросууд ч шинэчлэгдэн сэлбэгдэх тэмүүлэл өндөр байх шиг. Түүнийг даган ялангуяа Сибирьт сурсан монголчууд ч эндээс эрлээ хайсаар. Их далайд сэлсээр, эрэг дээрээ түр амсхийлт хийж буй хөлөг онгоц мэт, гатлагаа татсан харагдана.
Сэтгүүл маань сэтгэлийн өнгө буюу
Түүхт ойн түжигнээн тэгэсхийгээд намдахад түүнээс үлдэх дурсгал нь ном, товхимол, сэтгүүл, гэрэл зураг сэлт болдог. Түүхчдийн хэрэг юу билээ, түүхт ойдоо түрлэг нэмэн үе үеийн төгсөгчдөө гэрэл зурагтай нь багтаасан төсөрхөн сэтгүүлийг орос хэл дээр эмхэтгэн гаргасан нь мөн ч нэмэр болж, нүүр тахлав. Орос багш нар маань хүртэл он нэгтнүүдээ олоод, тэр багш, энэ багш хэмээн дурсаад тун догь байцгаасан. Эрхүүд суугаа консулын газраас хэд хэдэн хувийг нэмж өгөхийг биднээс хүссэн. Эрхүүд төгсөгчдийн бүрэн мэдээлэлд нэмэр болуужин хэмээн найдна. Олон зуун хувь хэвлэж амжаагүй ч очих ёстой хүмүүстээ бид өртөөлөн хүргэж, хэдэн өдөр ярих сэдэв, санан дурсах өнцөг болгосон.
Тус сургуулийн түүхийн тэнхимийн багшаар ажиллаж байсан, эдүгээ Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-нд ажиллаж буй Е.И. Лиштованный зөвлөхөөс ярилцлага авч, төгсөгч бүрийнхээ товч танилцуулгыг тэрлэн, түүхч нөхдийнхээ эрдэм шинжилгээний бүтээл ном туурвилаас дээжлэн нийтэлсэн сэтгүүл маань ойдоо барьсан бидний бэлэг байв. 1956-1995 он хүртэл суралцсан монгол оюутнуудын талаарх товч лавлагаа танилцуулга, тайлан болж чадав. Чамлахаар чанга атга, цаашид ном болгон эмхэтгэх бодол бий, бидэнд.
Түүхч бол ямар ч мэргэжил рүү хөрвөж болох суурь мэргэжил
Энэ үгийг Эрхүүгийн Улсын их сургуулийн түүхийн факультетийн декан Зуляр Юрий Анатольевич хэлсэн юм. Аргагүй үнэн. Өөр өөр он цагт төгссөн бидний арвуулын тал хувь нь түүхээрээ дагнасан бол тал хувь нь өөр мэргэжил рүү урвасан байдаг. Л.Энхсайхан өмгөөлөгч, Б.Баярсайхан хуульч, Д.Энхбаатар, Н.Оюун нар бизнес эрхлэгчид, би гэхэд сэтгүүлч гээд яг л доллар шиг хөрвөсөн байх юм.
”Өчигдөр үгүй бол өнөөдөр үгүй,
Өвгөд үгүй бол бид үгүй” гэж калиграфи бичвэр бүхий дурсгалын гэрэгэ бичүүлэн, өөрсдийн сурч төгссөн түүхийн факультетдаа бид бэлэглэсэн.Түүх бол сургамж юм. Сургамж алдаа оноо дагалдана. Аль аль нь бидний багш, айсуй цагийн өнгө зохиролыг түүхчид эшлэн хэлдэг. Түүх түүхээрээ, үнэнээрээ үлдэх учиртай. Түүхийн сургамж л гэж байхаас түүхийг шүүх, гуйвуулах, өөрчлөх, буруушаах эрхийг цаг хугацаа эрхшээдэггүй аж. 100 жилийн цадиг түүхтэй түүхийн тэнхимд сурсан нь монголчууд бидний хувь юм.
Сэтгүүлч Нацагийн Дуламсүрэн
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.