Нэр бүхий гишүүд оффшорын эсрэг лобби бүлэг байгууллаа

2017-04-11 Парламент

Хэвлэлийн бага хурал

-Ц.Даваасүрэн: Швейцарийн банкинд  нэлээд их хэмжээний мөнгө нуусан гэх мэдээлэл бидэнд ирсэн-
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Н.Учрал, М.Билэгт, М.Оюунчимэг, Х.Болорчулуун нарын гишүүд өнөөдөр Оффшорын эсрэг лобби бүлэг байгуулсанаа зарлалаа. Учир нь УИХ-аар оффшорын хууль буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг өрнөж буй. Тиймээс гишүүд лобби бүлгээр дамжуулж хуулийн хэрэгжилтэд анхаарч  ажиллах зорилготой гэнэ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн мэдэгдэж буйгаар Оюутолгой, Тамсагийн бүх мөнгө Монголоор орж ирэхгүй байгаа. Гадна, дотны эрх мэдэлтнүүд хуйвалдааны замаар буюу буруу замаар оруулж байгааг хэлж байна. Хамгийн гол нь бүх нийтийн өмч болсон газар доорх байгалийн баялгийг хэдхэн хүмүүс хуйвалдаж зарж идэж дуусчихаад ямар ч  хариуцлага хүлээлгэхгүй байна гэв. Түүгээр зогсохгүй авилгад авсан мөнгөө гадагшаа гаргаад оффшорт нуучихсан, ийм шударга бус байж болохгүй хэмээн мэдэгдэв.

Түүнчлэн тэрбээр “ОУВС манай Засгийн газартай хэлэлцээр хийхдээ энэ тал дээр хяналт огт дурдаагүй байгаа. Тиймээс бид цаашид түр хороо байгуулах замаар асуудлыг зохих газарт нь тавьж ажиллах болно. Оффшор дансны асуудлаар бид гадны томоохон орнуудаас мэдээлэл авах боломжтой гэж харж байна” гэв. Ийнхүү тус бүлэгт эхнээсээ мэдээллүүд ирж байгааг дуулгасан юм. Тухайлбал, Швейцарийн банкинд  нэлээд их хэмжээний мөнгө нуусан гэх мэдээлэл байгааг дэлгэв. Тиймээс энэхүү эл болоод байгаа мэдээллийн дагуу холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран нягтлахаа мэдэгдлээ.

Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Түр хороог УИХ-ын тогтоолоор баталдаг. Бид тогтоолоо албан ёсоор өргөн барьсан. Оффшорын эсрэг тэмцэл гэдэг өөрөө нам харгалзалгүй, бүх нийтийн тэмцэл байх ёстой. Өнөөдрийн хямралын гол шалтгаан нь өөрөө оффшор бүсээс хамаарч байна. Хуульд өөрчлөлт оруулах замаар данс эзэмшигчийн ах дүү, хамаатан саданг хуулийн хамааралд оруулж байгаа. Ийм данстай хүмүүс гурван сарын дотор мэдүүлж байж, улс төрийн сонгуульд өрсөлдөх боломж нь нээгдэнэ. АТГ-аас холбогдох асуудлаар хяналт тавиад явах боломжтой. Гол нь УИХ-аас ийм хууль батлах учиртай. Оффшор бүсэд одоогоор Монголоос хичнээн  хэмжээний ам.доллар байгаа нь мэдэгдэхгүй байна. Үүнийг бид цаашид нягтлах болно. Оффшорын асуудлаар нэгдэж байгаа иргэний нийгмийн байгууллагуудтай тодорхой байдлаар холбогдож  ажиллана” гэв.

Дашрамд дуулгахад, УИХ дахь оффшорын эсрэг энэхүү бүлэг нь хуулийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, оффшорт нэр холбогдсон улстөрчид, төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа хүмүүсийг шалгуулах, хэрэв хууль бус хөрөнгө болох нь тогтоогдвол эгүүлэн татах, хуулийн хариуцлага тооцуулах, төрийн удирдах албан тушаалтнуудын ёс зүйг хангах, бизнесийн эрүүл орчинг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах юм байна.

О.Соёмбо

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.