Валютын зах зээлд сүүлийн үед бий болоод буй нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанкны ахлах эдийн засагч А.Цолмонтой ярилцлаа.
Гуравдугаар улирал гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн саруудад байгаагүй хурдтай суларсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье.
Юуны өмнө ханш ийнхүү суларсан нь гадаад, дотоод зах зээлийн хүчин зүйлсээс хамааралтайг онцлох нь зүйтэй юм.
Гадаад зах зээл талаа харвал дэлхийн зах зээл дээр ам.долларын ханш сүүлийн саруудад чангарах болсон. Энэ нь АНУ-ын эдийн засаг сэргэж, ажил эрхлэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Холбооны нөөцийн банк 2008 оноос хойш хэрэгжүүлсэн мөнгөний хэт зөөлөн бодлогоо аажмаар чангаруулсантай холбоотой. Хэдий аажмаар гэж хэлж байгаа боловч Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ шинжээчдийн таамаг, хүлээлтээс илүү хурдтай нэмэгдүүлж байгаа. Цаашид ч нэмэгдүүлэх хүлээлттэй байна. Холбооны нөөцийн банк 2015 оноос хойш бодлогын хүүгээ нийт 8 удаа, энэ он гарсаар 3 дахь удаагаа 2018 оны 9 дүгээр сарын 26-нд 2.25 хувь болгож өсгөөд байна. Энэ хэрээр ам.долларын өгөөж өсөж байна. Ам.долларын өгөөж нэмэгдэх болсон тул бусад улсуудын хувьд ам.доллараар санхүүжилт татахад өртөг өндөртэй болж, хөрөнгийн урсгал хөгжиж буй улсуудаас гадагшлах болсон. Дэлхий нийтээр ам.долларын нийлүүлэлт багасч байгаа нь бусад улсуудын валютын ханш сулрахад хүргэж байна. Бидэнд байгаа мэдээллээр 9 дүгээр сарын эцсийн байдлаар дэлхийн 170 орноос 81 орны валют ам.долларын эсрэг оны эхнээс 4-өөс дээш хувиар суларсан байна. Зөвхөн хөгжиж буй улсуудын валют гэлтгүй хөгжингүй орнуудын чанга валютууд ч ам.долларын эсрэг суларч байна. Ингээд харахаар зах зээлийн эдийн засагтай, хөвөгч ханшийн системтэй манай улсын хувьд төгрөгийн ханш суларсан нь гадаад зах зээлээс ихээхэн шалтгаалсан байна.
Тэгвэл дотоод зах зээл дээр ямар хүчин зүйлс төгрөг ам.долларын ханшид нөлөөлж байгаа вэ?
Манай улсын хувьд жил бүрийн 2, 3 дугаар улирал эдийн засгийн идэвхжил нэмэгддэг. Тэр дундаа энэ жилийн 8-10 дугаар сарыг харвал өвлийн түлш, шатахууны татан авалт, хэрэглээний импортын эрэлт нэмэгддэг үетэй гадаад өрийн эргэн төлөлтүүд давхацсанаар богино хугацаанд ам.долларын илүүдэл эрэлт бий болсон гэж хэлж болно. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш оны эхнээс 5.7 хувиар, евротой харьцах ханш 2.5 хувиар, иентэй харьцах ханш 6.2 хувиар тус тус суларсан байна. Харин төгрөгийн юаньтай харьцах ханш 0.3 хувиар, рубльтэй харьцах ханш 6.9 хувиар тус тус чангарсан. Манай гадаад худалдааны түнш 22 орны валютын сагсны эсрэг төгрөгийн ханш 9 сарын эцсийн байдлаар 1.8 хувиар чангарсан байна. Өөрөөр хэлбэл төгрөгийн ханш ам.доллараас бусад ихэнх валютын эсрэг чангарснаас үзэхэд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн хөдөлгөөн нь дотоод гэхээсээ илүүтэйгээр гадаад хүчин зүйлсээс шалтгаалсан шинжтэй гэж хэлж болно. Хэрэв төгрөгийн тогтвортой байдал алдагдаж, худалдан авах чадвараа огцом алдсан бол дээр дурдсан бусад валютын эсрэг чангарах үндэслэлгүй юм л даа.
Монголбанкны удирдлагууд Аргентин, Турк гэх мэт эдийн засаг, улс төрийн байдал нь хүндэрсэн орны валюттай төгрөгийг харьцуулж байна гэж зарим УИХ-ын гишүүд шүүмжилж байна. Энэ талаар?
Дэлхийн 170 гаруй орноос 81 орны валютын ам.долларын эсрэг ханш оны эхнээс 4-өөс дээш хувиар суларсан талаар өмнө нь дурдсан. Таны асууж буй Аргентин, Турк улсуудын хувьд дэлхийн зах зээлд ам.долларын ханш чангарч, бусад улс орнуудын валютын ханш суларсныг илтгэж буй хоёр жишээ юм л даа. Сонирхуулахад ам.долларын эсрэг Аргентин песогийн ханш оны эхнээс 94 хувь, Турк лирийн ханш 47 хувиар суларсан нь хамгийн өндөрт тооцогдож байгаа. Гэтэл эдгээр орнуудын гадаад өрийн дарамт, урсгал дансны алдагдал, гадаад валютын албан нөөц гэх мэт үзүүлэлтүүд 2017 оны эцсээр Монголынхоос сайн үзүүлэлттэй байна. Тухайлбал, манай улсын хувьд гадаад өр ДНБ-ий 240 хувьд хүрч байгаа бол Турк улсын хувь уг үзүүлэлт 29 хувь, Аргентин улсын хувьд 53 хувь байх жишээтэй. Урсгал дансны алдагдал манай улсын хувьд ДНБ-ий 10 хувь орчим байхад эдгээр улсынх 5-6 хувьтай байна. Харин гадаад валютын нөөц ДНБ-ий харьцаа манай улсын хувьд 26 хувь, эдгээр улсын хувьд 7-10 хувь орчим байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн суурь үзүүлэлтүүд нь эдгээр улсын хувьд манайхтай харьцуулахад харьцангуй сайн байхад ханш нь их хэмжээгээр суларчээ. Аргентин улсын хувьд 30 орчим хувийн инфляцитай, эдийн засаг нь долларжилтад нэрвэгдсэн, үүний эсрэг бодлогын хүүгээ 60 хувь хүртэл өсгөж, ханшаа тогтворжуулах зорилгоор гадаад валютын нөөцөө их хэмжээгээр барсан, улмаар эдийн засгийн уналт нүүрлэж, зах зээлийн итгэл алдарсан нь ханшид нь асар их дарамтыг үүсгэсэн байгаа юм. Тийм ч учраас одоо ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж 57 тэрбум ам.долларын зээл авахаар болоод байна. Харин Турк улсын хувьд АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон нь тус улсын мөнгөн тэмдэгт лира сулрахад нөлөөлсөн байх жишээтэй. Эдгээр улсын хувьд нөхцөл байдал манай улстай харьцуулахад өөр байгааг үгүйсгэхгүй боловч дэлхий нийтэд ам.долларын ханш бусад валютын эсрэг чангарч байгаа нь үнэн. Гэхдээ ам.долларын ханш бусад улсын валютуудын эсрэг чангарч байна, Аргентин, Турк улсуудтай харьцуулахад монгол төгрөг бага суларсан гээд Монголбанк зүгээр хараад суугаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд Монголбанк валютын захад хэр оролцоотой байсан бэ? Гадаад валютын нөөцөө 3 тэрбум ам.долларт хүргэсэн, цаашид ч үүнийгээ нэмэгдүүлнэ гэж мэдэгдээд байгаа шүү дээ.
Энэ асуултад хариулахаас өмнө нэгэн зүйл тодруулж хэлэхэд Монголбанкны хуулиар хүлээсэн үндсэн үүрэг нь төгрөгийн ханшийг тогтвортой байлгах. Энэ нь нэг талаас дотоодын үнийн түвшинг тогтвортой байлгах гэж ойлгогддог бол нөгөө талаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханш гэж ойлгогддог. Монголбанкны хувьд инфляцийн түвшинг үндсэн зорилтоо болгодог бөгөөд Монголчуудын өргөн хэрэглээний барааны 40 орчим хувийг импортын бараа бүрдүүлж байгаа өнөө үед валютын ханшийн өөрчлөлтийн инфляцид үзүүлэх нөлөөг Монголбанк давхар тооцож бодлогын шийдвэрүүдээ гаргадаг.
Түүнчлэн гадаад валютын нөөц нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна гээд Монголбанк эдийн засагт орж ирж буй бүх валютыг худалдаж аваад, зах зээлд валют нийлүүлэхгүй байна гэвэл энэ нь өрөөсгөл ойлголт. Энэ оны 3 дугаар улиралд гарсан төгрөгийн ханшийн хөдөлгөөний хувьд өмнө нь дурдсанчлан Монголбанк түр зуурын шинжтэй, богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс шалтгаалсан гэж харж байна. Тиймээс ч валютын захад гадаад валютын дуудлага худалдаагаар дамжуулан шаардлагатай үед нь ам.доллар нийлүүлсэн. Тодруулбал, 2018 оны 6 дугаар сараас хойш Монголбанк нийт 774.4 сая ам.доллар нийлүүлсэн. Энэ нь 2018 онд нийлүүлсэн нийт валютын 87 хувийг бүрдүүлж байна. Улмаар төгрөгийн ханшийн хөдөлгөөн энэ оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс тогтворжиж, 10 дугаар сарын 4-ний өдөр 2568.08-д хүрээд байсан ам.долларын ханш 10 дугаар сарын 17-нд 2564.90 төгрөгтэй тэнцэж байна. Монголбанк валютын ханшийг зах зээлийн суурь зарчимтай нийцтэйгээр уян хатан тогтох боломж бололцоог бүрдүүлэх, үүсэж болзошгүй ханшийн огцом савалгааг зөөлрүүлэхийн зэрэгцээ цаашид гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилгоор одоогийн нөхцөлд валютын зах зээлд зоригтой интервенц хийх хэрэгтэй гэж шүүмжлэлд өртөж байна. Дээр дурдсан хэмжээнээс илүү хэмжээгээр интервенц хийгээд ханшаа тогтвортой байлгах боломж байсан уу?
Манай эдийн засаг жижиг, нээлттэй эдийн засаг. Ийм эдийн засгийн хувьд дэлхийн санхүү, эдийн засагт гарч буй өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авна гэдэг удаан үргэлжлэх боломжгүй, харалган арга хэмжээ гэж үзэж байна. Хэрэв бид ханшийг нэг түвшинд удаан барих гэж оролдвол гадаад валютын нөөцөө шавхаж, эцэст нь ханш буцаад зах зээлийн эрэлт нийлүүлтээрээ асар өндөр түвшинд тогтохоос өөр аргагүйд хүрнэ. 2017 оноос хойш төгрөгийн ханшийн хөдөлгөөн харьцангуй тогтворжиж, савалгаа багатай явж ирснээс сүүлийн үеийн ханшийн хөдөлгөөнийг бид мэдрэг хүлээж аваад байх шиг. Ам.долларын ханш чангарч байгаа нь импортоос хараат манай улсын хувьд иргэд аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусдаг. Хэдий тийм боловч ханшийн энэхүү өсөлт нь тэвчиж болох импортын эрэлтийг бууруулах, улмаар импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих эерэг нөлөөтэй. Товчхондоо бол гадаад валютын ханш өндөр байвал импортыг бууруулна, экспортыг дэмжинэ. Тэр хэрээр гадаад валютын гадагшлах урсгал буурч, орох урсгал нь нэмэгдэнэ. Тиймээс ч ханш уян хатан тогтох нь эдийн засгийн агентуудын үйл хөдлөлд өөрчлөлт оруулж, хожим нь эдийн засагт үүсэх ноцтой үр дагавраас сэргийлж, гадаад шокийн нөлөөллийг өөртөө шингээж байгаа нь тэр юм.
Олон нийтийн зүгээс гадаад валютын ханшийг тогтмол байлгах сонирхол их байдаг. Гэтэл гадаад эдийн засагт тодорхой бус байдал ихтэй үед бид валютын ханшийг хүчээр тогтоон барьж, тэнцвэрээс нь гажуудуулах нь ямар сөрөг үр дагавартай байдгийг бид өнгөрсөн жилүүдэд харсан. Тиймээс ч Монголбанк энэ алдааг давтахгүйн тулд валютын ханшийг зах зээлийн зарчмаар уян хатан тогтох нөхцөлийг бүрдүүлж, эдийн засагт хүндрэл учруулахуйц огцом хэлбэлзэх нөхцөл үүсвэл түүнийг тухай бүрт нь зөөллөх, хэрэглээний зээлийн өсөлтөөс шалтгаалсан валютын эрэлтийг бууруулах чиглэлээр макро зохистой бодлогын арга хэмжээ авах зэргээр богино болон урт хугацаанд чиглэсэн арга хэмжээг авч ажиллаж байна.
Бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.