Супер хүнсийг бид яагаад хэрэглэх ёстой вэ?

2018-10-17 Амрах агшин

Монголчууд бид дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай нутагт амьдардаг тэсвэр тэвчээртэй хүмүүс гэж өөрсдийгөө онцолдог. Үнэхээр ч тийм. Улирал солигдох бүрийд тухайн улирлын онцлогт тохирох гэж хүний биеийн хэм алдагдаж, эрүүл мэндээр доройтож, бас улирал дагаж аль нэг эрхтэн доголдож хямардаг гэдгийг уламжлалтын эмч нар анхааруулдаг. Гэхдээ бидний эрүүл мэндийн боловсрол хангалттай бус, гэрийн нөхцөлд гарын доорх бүтээгдэхүүнээр өөрсдийгөө эмчилж, биеэ хямруулахгүй явах тал дээр мэдээлэл муу байдаг. Аль болох хүчтэй эм тан хэрэглэхийг урьтал болгодог. Амьдрал дээр бидний идэж ууж буй бүхэн биднийг өвчлүүлж, бас идэж буй зүйлсээрээ өөрсдийгөө эдгээх бүрэн боломжтой.

Сүүлийн үед монголчууд бидний эртнээс идэж ууж ирсэн хоол хүнс асар их тэжээлтэй, эмчлэн эдгэрүүлэх их хүчтэй байсныг судлаачид онцолж байна. Нөгөө талаас тухайн газар нутагтаа ургадаг жимс жимсгэнэ, өвс ургамал гэдэг тэр улсын хүмүүсийн бие организмд хамгийн сайн тохирч байдаг гэдгийг онцлох болсон. Тиймээс халуун оронд ургадаг гадил жимс иднэ гэхийн оронд нэрс жимсээ идэх нь хэрэгтэй гэсэн үг.

Бас улирлын чанартай хоол хүнс чухал. Өөрөөр хэлбэл, улиралдаа тохируулан хооллох нь чухал. Өвлийн цагт хүний ходоодны гал хүчтэй байдаг учраас хонь, адууны махыг идэх боломжтой байдаг. Ямар ч илчлэгтэй, халуун чанарын махыг шингээх чадал тэр үед бий. Нөгөө талаас цаг агаарын хүйтэн нөхцөлд илчлэгтэй хоол идэж, энерги ялгаруулах шаардлага байдаг. Харин бусад улиралд ийм махнууд чангадна гэж үздэг. Ерөнхийдөө монголчууд элэг, цөсний идэвхжил ихтэй, энэ төрлийн өвчлөл их учраас халуун чанарын адууны мах тийм ч сайнд тооцогдохгүй гэгдэх болсон. Элэг, цөсний халуунаа дараад эмчилсэн тохиолдолд адууны мах сайн чанарын мах ч, өвчлөл байгаа тохиолдолд идэхгүй байх талаар яригдах болсон. Энэ талаар зөвлөмж өгч, элэг, цөсний идэвхжил ихтэй байгаа монголчуудад адууны мах тохирохгүй байна гэж хэлсэн эмчийг манайхан ихээхэн шүүмжилж байсан удаатай. Бүгд өвлийн идшээ хийж, их багаар адууны мах бэлтгэсэн байсан үед тэр эмчийн үг хатуу туссан нь тэр. Үнэн үг хатуу ч эрүүл мэндэд тустай гэдэг үүднээс нь бид авч үзэх хэрэгтэй болов уу. Эрүүлжээд авсан тохиолдолд хүссэнээрээ дуртай махаа идэж болох шүү дээ. Харин тэгж эрүүлжээд автлаа эмчийн зөвлөмжийг дагах л ёстой. Сайн хүнс ч яг ямар үед идвэл ач тусаа өгөх, таарамжгүй үед эргээд хор хөнөөл болохыг ойлгох хэрэгтэй. Чацаргана бол маш сайн хүнс, ялангуяа В-гийн амин дэм элбэг талаар хэлдэг. Гэхдээ ходоодны гал өндөр байгаа хүйтний улиралд бус харин чийг бам ихэддэг зуны улиралд уувал сайн гэдэг. Зун хүний ходоодны гал суларсан үед чацаргана сэргээж, чийгийг ихээр гадагшлуулж бөөрийг хамгаалдаг байх жишээтэй. Эсрэгээр нь өвлийн цагт ходооднйы гал ихтэй үед уугаад байвал галыг тосоор өрдөж байгаагаас ялгаагүй. Тиймээс хоол унд, явдал зам мөрийг тохируулж байж эрүүл энх, урт удаан насална гэдэг өвгөдийн сургааль үнэ цэнэтэй.

Үүнтэй адил эртний судар ном, өвөг дээдсээс сайн гэж хэлдэг атал төдийлөн бид хэрэглэхгүй байгаа мөн дэлхийн улс орнуудад ч хамгийн сайн гэдэг нь нотлогдсон зарим хүнсийг сонирхуулья.

Шар тос

Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн энэ тосны гайхалтай шинж чанарын талаар эрдэмтэн судлаачид шагших болоод байна. Шар тос нь хүний биед гойд тустай А, Е витамин, амин дэм, антиоксидантаар баялаг. Ходоодны шүүрлийг өдөөж дэмждэг учраас хоолны боловсруулалтад сайнаар нөлөөлж, ходоодны элдэв нян, үрэвслийг дарах чадалтай. Монголчууд шагайн чинээ шар тосыг өглөө өлөн дээрээ хүлхдэг байсан ч цөсийг хөдөлгөж, цөс зогсонгишихоос хамгаалахаас гадна ходоодонд эерэг нөлөөтэй байжээ. Хадгалалт сайн даадаг, өндөр температурт тэсвэртэй учраас хоол хүнсэнд хамгийн тохиромжтой том гэгддэг. Сүүлийн үеийн судалгаагаар шар тосны найрлагад байх фенолт антиоксидант нь дархлааны системийг сайжруулдаг гэдгийг тогтоосон юм билээ. Дархлааны том дэмжлэг болох учраас шар тосыг хэрэглээндээ нэмээрэй. Ялангуяа хавар цагийг шар тосыг хүртэх хамгийн чухал улирал гэдэг. Мөн холестрин бууруулдаг гэдэг учраас жин хасах зорилготой хүмүүс хэрэглэж болно гэж байгаа. Гэдэсний өөхийг хурдан арилгадаг хэмээдэг. Нүдний эмгэг, нүдний даралт бууруулах, хараа сайжруулах сайн талтай гэдгийг анхаараад авахад гэмгүй. Өнөөдөр өглөөний цай гээд элдэв гоё нэр баглаа боодолтой транс тосыг хүүхдүүддээ талхан дээр түрхэж өгөхийн оронд шар тосоо түрхээд өгч байвал ухаалаг төхөөрөмж хэрэглэн нүдээ ядраасан хүүхдүүдэд маань тун хэрэгтэй сэн. Мөн шар тосыг хорт бодист хордсон биеийг цэвэрлэхэд тустай гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл, элдэв хорт зуршилтай архинд донтсон, хар тамхинд орсон улсуудад тустай гэж тайлбарладаг. Зөвхөн хорт гэхгүй хүний биеэс хор бохирдлыг зайлуулна. Энэ нь антиоксидант ихээр агуулдагтай нь холбоотой. Монголчууд хэрэглээндээ шар тосыг өргөнөөр хэрэглэж ирсэн уламжлалтай. Амаржих гэж байгаа бүсгүйд шар тос халаагаад уулгахад өвдөлтгүй амар төрнө гэдэг байсан. Шар тосыг богийн гүзээ, олгойнд хадгалдаг байсан уламжлал сүүлийн жилүүдэд ус ундааны сав хуванцар сав руу савлачихдаг байдал руу шилжээд байгаа билээ. Хөдөө гэртэй, хөдөөний хамаатнаасаа шар тос авдаг хүмүүс аль болох хуванцар сав руу хийлгүй уламжлалын дагуу хадгалж байхыг тэдэндээ сануулж байхад илүүдэхгүй биз ээ.

Маалингын үр

Дэлхий дээр маш эртнээс тариалж ирсэн, хүний биед хамгийн ач тустай супер хүнснүүдийн нэг гэгдэж буй маалингын үр, тосыг манайхан саяхнаас хэрэглэж эхлэх болсон. Маалингын үр нь Омега-3-аар маш баялаг, дааврын тэнцвэрийг гайхалтай хангадаг, ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмждэг, арьс, үсийг гоё болгож, холестриныг бууруулдаг, сахар буулгадаг, хавдрын эсрэг тэмцэх чадвартай гээд маш олон давуу талтай.

Эслэгийн агууламж маш өндөр учраас хангалттай үр тариа, ногоон ургамал идэж чаддаггүй манайханд тун чухал гэгдэж буй. Үрээр нь бас буталсан хэлбэрээр нь манайд зардаг. Маалингын үрийг өдөрт хоёр цайны халбагыг бүлээн усанд дэвтээгээд уучихад хөөж, цатгалан мэдрэмж төрүүлдэг. Нүүрс усны агууламж бага атлаа маш өндөр эслэгтэй учраас гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд сайн. Насанд хүрсэн хүн өдөрт 25-40 гр эслэг хүртэх ёстой гэдэг бол дээр өгүүлсэн хоёрхон халбага маалинга маань өдрийн нийт хэрэгцээний 20-25 хувийг даачихна шүү дээ.

Омега3-аар баялаг гээд загас, салмон идэх ёстой эсвэл загаснаас гаргаж авсан бэлдмэл хэрэглэх хэрэгтэй гэдэг. Сүүлийн үед аль болох амин дэм, эрдэс бодисыг амьтны гаралтай гэхээсээ ургамлын гаралтайг илүүд үзэх болсон үед маалинга тун ч хэрэгтэй ургамал. Таны тархины тэжээлийг маалингын үр хангана. Маалингад байх ALA нь бүх төрлийн зүрхний өвчлөлийн эрсдлийг бууруулж, цусан дахь муу өөх тосны хэмжээг бууруулж, харин сайных нь хувийг нэмэгдүүлдэг байна.

Сайн чанарын өөх, тос нь эргээд нүдний хараа, үс, арьсанд нөлөөлдөг. Гэрийн нөхцөлд өнөөх маалингын үрээ халуун бүлээн усанд дэвтээгээд наалдамхай нялцанхай болоод ирэхэд нүүрэндээ маск тавихад элдэв химийн бодистой гоо сайхны бүтээгдэхүүний дэргэд хамаагүй эрүүл, хамгийн ач тустай эмчилгээ болдог. Арьсыг татаж байгаа мэдрэмж тэр дороо мэдэгдэх бөгөөд угаасны дараа арьс гөлтийн гялалзана. Хаврын энэ улиралд хуурайшилтаас хамгаалах том боломж гэдгийг бүү мартаарай.

Өөх, тостой хоол голдуу иддэг манайхан цусан дахь холестрин өндөртэй гардаг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулдаг улмаар цусан дахь холестрин бууруулдаг нь маалингын үрийн гол чанар. Бас цөс хөөх гайхамшигтай чанартай. Үүнийг тогтмол хэрэглээд байвал цөсний хүүдийд холестролын гаралтай чулуу үүсэхгүй гээд ойлгоход болно. Маалингад байдаг лигнан биеэс хорт бодисыг гадагшлуулахад маш чухал. Бас дааврын тэнцвэртэй байдлыг хангадаг, эмэгтэй даавар эстроген агуулдаг учраас цэвэршилтийн эмгэгийн үед хэрэглэвэл үр дүнтэй гэдэг.

Чиа үр

Сүүлийн үед манайхан энэ үрийн талаар нэлээд мэдэх болсон. Эртний маяачуудын хэрэглэдэг байсан энэ үрийг дэлхийн супер хүнс хэмээж байна. Омега3, антиоксидант, эслэг, төмөр, кальцийн асар их агууламж бүхий хүнс гэгдэж буй. Зүрхний шигдээс, харвалт, чихрийн шижинтэй хүмүүст чухал хүнс юм. 28 гр чиа үр 5.6 гр уураг агуулдаг гэдэг нь гайхалтай. Тиймээс цагаан хоолтнууд өндөгний оронд түүнийг хэрэглэдэг. Усанд дэвтээгээд тавьчихад хөл, гартай амьтан мэт болж өөрчлөгддөг энэ үр ургамал ч ид шидтэй амьтан мэт хэмээн хүмүүс ургуулан ярьдаг нь учиртай.

Хэрэв 28 гр чиа үрийг хэрэглэхэд өдрийн кальцийн хэрэглээнийхээ 18 хувийг авч байна гэсэн үг. Кальц дутагдсанаас болж, шүд яс муудах, ясны сийрэгжилтэд сөргөөр нөлөөлдөг ч амьтны гаралтай кальциас ургамлын гаралтай нь шингээлт сайтай байдгийг эрдэмтэд тогтоосон. Нөгөө талаас кальцийн бэлдмэл нь ходоод муутай хүмүүст хэрэглэхэд тохиромжгүй байдаг болохоор кальцийн агууламж ихтэй хүнс тун чухал юм. Мөн дээрх 28 гр чиа үрэнд хүний өдрийн фосфорын хэрэгцээний 27 хувь, магнийн хэрэгцээний 30 хувь, багагүй хувийн кали, зэс багтдаг гэхээр гайхалтай. Тиймээс улс орнууд иргэдээ чиа үрийг хүнсэндээ хэрэглэхийг уриалах болсон юм. АНУ-д 2015-2020 оны хооронд 50-иас доош насны эрчүүдийг өдөрт 30.8 гр, мөн насны эмэгтэйчүүдийг өдөрт 25.2 гр чиа үр хэрэглэхийг зөвлөсөн. Харин тавиас дээш насныхан 22.4-28 гр-ыг хэрэглэж байж эрүүл байх боломжтой гэсэн судалгааг тэд гаргажээ. Энэ нь тус улсын иргэдийнхээ таргалалттай тэмцэх нэг арга зам гэж болно.

Мөн сүүлийн үед хангалттай эслэг бүхий хоол хүнс идэх нь чихрийн шижингийн эрсдлийг бууруулдаг гэдгийг тогтоосон. Өдөрт идэж буй 1000 калоритой хоол тутамдаа 14 гр эслэг хэрэглэвэл далд хэлбэрийн чихрийн шижингээс сэргийлнэ гэсэн судалгаа байна. Чиа үрийг усанд дэвтээж уухаас гадна төрөл бүрийн жимс ногоотой хамт смути хийж идэх нь тохиромжтой байдаг.

Хүний биед чухал ач холбогдолтой олон сайн хүнс байдгаас супер гэгдэх сайнуудыг нь онцоллоо. Зарим нь манай уламжлалт хүнс, зарим нь шинэ тутам хэдий ч манайхан хүнсний сагсандаа оруулаад эхэлжээ. Аманд орж буй бүхнээ хянаж анхаарч чадвал эрүүл урт амьдрах боломж бүрэн бий. Эрүүл чанартай амьдрахын тулд бид супер хүнсийг хэрэглэх ёстой юм.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.