Д.ГАН-ОЧИР: Бизнесийн зээл өсч байна

2018-10-11 Эдийн засаг

Эдийн засгийн өнөөгийн байдал, бизнесийн зээлийн өсөлтийн талаар Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очиртой ярилцсан юм.

– Төв банкнаас танилцуулсан гол гол статистик тоон мэдээллээс харахад хамгийн сонирхол татсан нь бизнесийн зээлийн өсөлт байлаа. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд байгаагүй өндөр өсөлтийг харуулсан тухай мэдээлж байсан. Тэгэхээр бүтцийнх нь хувьд аваад үзвэл, бизнесийн зээлийн энэ өсөлтийн цаад нөлөөлөх гол хүчин зүйл нь юу байв?

– Бизнесийн зээлийн жилийн өсөлт 15.7 хувьтай гарч байгаа. Энэ бол сүүлийн 6 жилд буюу сүүлийн 72 сард хамгийн өндөр өсөлтийг харуулж байна. Энэ нь эдийн засгийн идэвхжлийг банкны салбар, ялангуяа хувийн секторт олгож байгаа зээл дэмжиж байгаа гол үзүүлэлт болж байгаа юм. Цаад шалтгаан нь гэвэл, та бүхэн мэдэж байгаа байх сүүлийн жил гаруйн хугацаанд мөнгөний бодлогыг шат дараатайгаар зөөлрүүлэх бодлого баримталж байгаа. Мөнгөний бодлогын зөвлөл энэ оны 3 дугаар сард бодлогын хүүг 10 хувь болгож бууруулсан. Энэ нь сүүлийн 9 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт болоод байгаа. Нэг үгээр хэлбэл, энэ хугацаан дахь хамгийн зөөлөн хэлбэртээ шилжээд байгаа гэсэн үг. Энэ нь эдийн засаг дахь сэргэлт, идэвхжлийг мөнгөний бодлогоор дэмжих чиглэлд үйлчилж байгаа хамгийн гол илрэл нь гэж ойлгож болно. Мөнгөний бодлогын хүү ийнхүү нам түвшинд байх бололцоог гадаад таатай орчин бүрдүүлж байгаа. Манай экспортын үнэ, түүний эрэлтүүд өндөр байна.

-Үүний дотоод шалтгаан нь юу вэ?

-Дотоод шалтгаан гэвэл инфляцийн түвшин бидний зорилтот түвшинд байна. Мөн бодлогын хүү 10 хувь байгаа нь зээлийн хүү буурахад нөлөөлж байгааг бид өмнө нь ч тайлбарлаж байсан. Банкуудын эх үүсвэрээ татаж буй хүү сүүлийн жил гаруйн хугацаанд хоёр орчим нэгж хувиар буурчихсан байгаа. Шинээр татаж байгаа хадгаламжийн жигнэсэн дундаж хүү сүүлийн сарын байдлаар 10.5 хувьтай байна. Тэгэхээр банкууд эх үүсвэрээ 10.5 хувиар татаж, харин бодлогын хүү болох 10 хувь дээр байршуулж байгаа нь банкуудын ашигт ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Тиймээс банкууд ерөнхийдөө зээл гаргах сонирхолтой, зээл олголт идэвхжих хандлагатай байна. Гэхдээ энэ оны эхний хагас жилийн байдлаар хэрэглээний зээл харьцангуй өндөр өсөлттэй явж ирсэн. Хэрэглээний зээлийн өсөлт өндөр байна гэдэг нь нэг талаас өрхийн амьжиргааг дэмжиж байгаа мэт боловч нөгөө талдаа өрийн дарамтыг нь бас нэмэгдүүлж байгаа. Иймд бид холбогдох тооцоо, судалгааг хийсний үндсэн дээр одоогийн энэ өрхийн салбарт олгож байгаа зээл энэ чигээрээ цаашид хурдацтай нэмэгдэх тохиолдолд өрхийн санхүүд нэлээд том дарамт бий болгох эрсдэлтэй байна гэж харсан. Энэ агуулгаараа өрхүүдийг хамгаалах бодлогын зохицуулалт хийх шаардлагатай байна. Нөгөө талаас хэрэглээний энэхүү зээлийн өсөлт нь өрхөөр дамжаад хэрэглээний импортыг нэмэгдүүлж, валютын гадагшлах урсгалыг нэмэх замаар үр ашиггүй зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Ийм тохиолдолд Төв банк бодлогын тохируулгаа хийх зорилгоор холбогдох арга хэмжээ буюу өрхийн зээлийн хэт өсөлтийг хязгаарлах макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийг ашиглаж эхлээд байна.

Сүүлийн хоёр сард бизнесийн зээлийн олголт илүү идэвхжиж, жилд 10 хүрэхгүй хувийн өсөлттэй байсан бизнесийн зээл өнөөдөр жилийн 15.7 хувийн өсөлттэй болоод байна. Бид хувийн секторт олгогдох зээл цаашдаа ч өснө гэсэн хүлээлттэй байгаа.

– Хувийн секторт олгогдож байгаа зээл нэмэгдэж байгаа нь нөгөө талдаа санхүүжилт ч мөн нэмэгдэж байна гэсэн үг шүү дээ. Энэ нь макро бодлогын нөлөөлөл талаасаа ямар байдлаар бодит өгөөжөө өгөх вэ?

– Бид бүхэн үүнийг эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүдийн нэг илрэл гэж харж байгаа. Яагаад гэвэл, эдийн засгийн өсөлт эхний хагас жилд 6.3 хувьтай гарсан. Энэ нь сүүлийн 4 жилд гарч байгаа хамгийн өндөр үзүүлэлт, ялангуяа сүүлийн 2 жилд нь тасралтгүй сэргэсэн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн энэхүү таатай өөрчлөлтийг өрхийн амьжиргаа, бизнесийн идэвхжил рүү шилжүүлэхдээ бидний бодлогын арга хэмжээ чиглэж байгаа юм. Энэхүү хүртээмжтэй өсөлтийг хангах хамгийн гол хэлбэр нь ажлын байрыг бий болгох, ажилтай иргэдийн цалин, орлогыг нь нэмэгдүүлэх явдал юм. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөж хувийн секторт очихоороо тэдний бизнесийн үйл ажиллагаа сэргэж, ажлын байр нэмэгдэнэ, цаашлаад цалин хөлсийг ч нэмэгдүүлэх орон зай, боломжийг бий болгож байгаа юм. Энэ утгаараа бид бүхэн эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг өрхийн амьжиргаа руу шилжүүлэхийн тулд бизнесийн зээлийг дэмжих бодлого баримталж байна. Банкууд дээр хангалттай эх үүсвэр бий. Арилжааны банкууд нийт 12 их наяд орчим төгрөгийг татан төвлөрүүлсэн байгаа. Үүний 25 хувийг нь л хөрвөх чадвартай хөрөнгөнд байршуулах ёстой. Тэр нь Төв банкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаасанд байршиж байгаа.

-Тодруулбал?

-Тооцоод үзэхээр 2.6 орчим их наяд төгрөгийг яалт ч үгүй энэ төрлийн үнэт цаасанд байршуулна. Одоо эзэмшиж байгаа үнэт цааснаас энэ дүнг хасахаар цаана нь хоёр гаруй их наяд төгрөгийн зээлд гаргах боломжтой эх үүсвэр банкууд дээр байгаа юм. Энэ эх үүсвэрийг илүү үр ашигтай буюу хувийн секторт зээл болж очин бизнесийг дэмжихэд Төв банкнаас бодлогын дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэглээний шинж чанартай зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаар тогтоох зохицуулалтын арга хэмжээг авч байна. Бодлогын хүү 10 хувь болоод буучихсан, дээр нь ийм зохицуулалттай нөхцөлд зээл үргэлжлэн гарна. Энэ зээл гарахдаа хувийн сектор руу гарна. Тэр нь ажлын байрыг бий болгоно, цалин орлогыг нэмэгдүүлнэ, өрхийн амьжиргааг дэмжинэ л гэж том зургаар нь харж, бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

– Хамтарсан ажлын хэсэг гарч, зээлийн хүүг бууруулах стратегийг боловсруулсан. Яг энэ хүрээнд санхүүгийн долларжилтыг бууруулах тухай асуудал мөн багтаж байгаа. Хувийн сектор дотроо дотоод валютын зээл болоод гадаад валютын зээлийн бүтэц нь ямар хэмжээнд байгаа бол? Динамик өөрчлөлт нь хэрхэн явж байгаа бол?

– Өрхийн секторт гарч байгаа зээлийн бүтцийг харахад төгрөгийн зээл давамгайлж байгаа. Харин хувийн секторт гарч байгаа зээлд энэ оны эхний хагас жилд харьцангуй гадаад валютын зээл нэлээд том жинг дарж байсан. Цаад шалтгаан нь Монголын хувийн секторын бүтцийг харахад худалдаа нэлээд том жин эзэлдэг. Худалдааны салбар нь импортын бараанд төвлөрдөг. Тиймээс төгрөгийн ханш чангарах хандлагатай байсан эхний хагас жилд валютын зээл авах хандлага нэлээд тод ажиглагдаж ирсэн. Гэхдээ бид бүхэн валютын зээлийн хэт өсөлт нь долларжилтийг бий болгоно, эргээд гадаад сөрөг өөрчлөлтүүд бий болох үед тогтворгүй байдлыг бий болгох эрсдэлтэй гэж харж байгаа. Ялангуяа ‘худалдааны дайн’-наас шалтгаалж түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнэ буурч эхэлж байна. Тэр нь манай төлбөрийн тэнцлээр дамжаад эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Энэ тохиолдолд ханшийн өөрчлөлтөөр дамжаад валютын зээлд сөрөг нөлөөтэй юм. Иймд бид бүхэн бодлогын арга хэмжээний талаарх мэдээлэл болон сар бүр хийдэг Монголбанкны хэвлэлийн хурлаараа дамжуулан зээлийн долларжилтын сөрөг нөлөөг анхааруулсаар байгаа.

Гэхдээ сүүлийн 2 сарын валютын зээлийн хандлагыг авч үзвэл, ерөнхийдөө гадаад валютын зээлээс илүүтэй төгрөгийн зээлийг хувийн хэвшлийнхэн авч байна. Үүнийг бид бүхэн дунд, урт хугацаандаа Монгол шиг эдийн засгийн гадаад өөрчлөлтөд хэт мэдрэмтгий байгаа эдийн засгийн бүтэцтэй оронд бол илүү эрсдэл багатай санхүүжилт байна гэж харж, бодлогоо хэрэгжүүлж байна.

– Дотоодын эдийн засгийг тодорхойлдог итгэлийн индекс ч гэж ярьдаг, “World economics” байгууллагаас тооцдог индексүүдийн хандлага харьцангуй өөдрөг байгаа. Гэсэн хэдий боловч зээлийн чанар ямар түвшинд байгаа вэ гэдэг нь нөгөө талдаа асуудал үүсгэж байгаа. Ялангуяа хувийн хэвшлийн, бизнесийн секторын зээлийн хувьд чанар нь ямар байна бэ?

– Мэдээж эдийн засгийн сэргэлтийг дагаад хувийн секторт олгох зээл нэмэгдэж байна. Эдийн засгийн өсөлтийн 6.3 хувийг уул уурхайн салбарын болон уул уурхайн бус салбарын гэж бид 2 хувааж хардаг. Ингэхэд уул уурхайн салбарын өсөлт нь 1.9 хувиар өссөн бол уул уурхайн бус салбар нь 7.9 орчим хувиар өссөн явж байгаа юм. Тэгэхээр уул уурхайгаас бусад салбарын өсөлт өндөр байна гэсэн үг. Энэ нь эдийн засгийн өсөлт харьцангуй бусад салбарт жигд тархаж байна гэж харагдаж байгаа юм. Энэ жигд тархалт нь эргээд банкны салбарт эерэгээр нөлөөлж байна. Зээлийн бүтээгдэхүүн бол итгэлцэл дээр л үндэслэдэг. Тэгэхээр тухайн салбарын өсөлт өндөр байна гэдэг нь тус салбарын эрсдэл харьцангуй бага байх баталгаа тул банкуудын тус салбарт зээл гаргах сонирхол нэмэгдэнэ. Нөгөө талаас тухайн бизнесийн салбарын үйл ажиллагаа сайн байгаа учраас зээлийн эргэн төлөлтүүд хугацаандаа төлөгдөхөд ч эерэгээр нөлөөлж байна. Та бүхэн санаж байгаа бол нэг үе уул уурхайн болоод барилгын салбарын чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээлийн өсөлт өндөр хувиар нэмэгдэх хандлагатай байсан бол одоо тогтворжоод, эргээд буурах хандлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн сэргэлт бусад салбаруудад жигд тархаж, үүнийг дагаад тухайн салбарт гарах зээл олголт, түүний чанарт эерэгээр нөлөөлөөд эхэлсэн гэж ойлгож болно.

– Ярилцсанд баярлалаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.