Сондгой өнцөг
Үе үеийн Ерөнхий сайдууд нэг их сайхан афоризм хэлдэг уламжлал тогтжээ. П.Жасрай агсан энэ албан тушаалыг хашиж байхдаа “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэж дуу алдсан. Өдий хорь илүү жил туулаад барагддаггүй хичнээн ч урт хонгил вэ. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн “Өндөг үнэтэй байвал, идэхээ больчих” хэмээсэн нь бас л айхтар үг. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдгээс хамаагүй бодитой бууж байгаа биз.
Тахианы өндөг хүртэл бидэндээ тансаг хэрэглээ болчихоор ямар нийгэмд амьдраад байгаа юм бүү мэд. Гэхдээ гэрэл байтугайд хүрчихээд, өндөг байтугайг нь идээд байгаа овсгоо, самбаатай улсууд байна шүү. Санаанд багтамгүй их үнээр сансарт жуулчин илгээх хөтөлбөрт манайхаас хэд хэдэн хүн бүртгүүлсэн юм гэнэ билээ. Сонсоод байх нь ээ, сансарын одонд тэмүүлж буй улсууд чинь ихэвчлэн төрд ажилладаг, эсвэл төрийн албан тушаалтнуудын ихээхэн ойрын хүрээнийхэн юм гэх.
Олон улсын зөвлөхүүд биднийг хавтгайрсан халамжаа танахыг онцгойлон зөвлөсөөр ирсэн. Бид тэрхүү халамжийг танаж бололгүй яах вэ. Огт байхгүй болгосон ч болно. Харин Ази тивийн анхны төрт улс гэдгээ нотолж, илүү хүчирхэг төрийг байгуулая. Ажил удаад, аргацааж хойш тавиад байх юм ердөө ч байхгүй.
Бүх албан тушаалыг дахин төлөвлөж хэн дуртайг нь төрд ажилллах бололцоог нээе. Тоглоомын дүрэм нь их энгийн. Албан байгууллагын ажилтнууд шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ олуулаа тоглодог хэн суудалтай үлдсэн нь ялагч болдог тоглоомтой төстэй гэхүү дээ. Мэдээжээр хүмүүст гарааны ижил нөхцөл олгохын тулд одоо байгаа бүх албан тушаалтныг ажлаас нь чөлөөлнө. Төрд ажиллах хүсэлтэй иргэдийг ажиллахыг хүссэн байгууллагын үүдэнд цуглуулаад нэгэн зэрэг тийш оруулна. Сандал бүрийн доор тохирох албан тушаалын нэрийг бичсэн байх бөгөөд тэрхүү суудлыг эзэмшигч нь тухайн албыг хашина. Манайх шиг бултаараа бичиг үсэгт тайлагдсан ард түмэн ямар ч албан ажлыг элбэгхэн хөтлөөд явчих учир төрийн ажлыг унагаачих вий гэж болгоомжлох шаардлага үгүй. Түүгээр зогсохгүй өөрийнхөө дор багадаа хоёр цаашлаад дөрөв хүртэл албан тушаалтанг төлбөртэйгөөр төрийн албанд оруулж ирүүлнэ. Өнөөх нь дараагийн хүмүүсээ мөн л өөр шигээ төлбөр төлүүлж оруулах юм. Мэргэжлийн хяналт, гааль, татвар зэрэг олон нийтийн сонирхолыг татахуйц албан тушаалын үнийг илүү өндөр байлгана.
Энэ маягаар төсвийн мөнгө амархан зузаарч, төрийн алба ч төрлийн алба бус болно. Эцэст нь ажилтай хүн цалинтай, харин цалинтай хүнд халамжийн хэрэг юу байх вэ.
Г.Жаргал
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.