Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.09.12/ болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Монгол Улсын Засгийн газрын “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого” –ын хүрээнд Радио долгионы зохицуулалт, төлөвлөлтийг сайжруулж, үр ашигтай хуваарилалтыг бий болгохоор тусгасан байдаг. Гэтэл 1999 онд Радио долгионы тухай хуулийг баталснаас хойш шинэчлэлт хийгдээгүй нь улс орон, дэлхийн хөгжлийг даган шинэ тутам үүсч буй нийгмийн харилцааг зохицуулахад эрхзүйн зохицуулалтын хувьд учир дутагдалтай нь бэрхшээл үүсгэж байна.
Иймд тус хуульд радио долгионы ашиглалтын зөвхөн техник, технологитой холбоотой асуудлыг тусгаж авч үзэхээс гадна түүний хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, давтамжийн хязгаарлагдмал нөөц баялгийг үр ашигтай ашиглах, радио давтамжийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хийх, төрийн шинэлэг, бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан иргэдийн эрэлт, хэрэгцээг хангасан шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэх , дэмжих эрхзүйн шинэ зохицуулалтыг гаргахаар Засгийн газраар дээрх хуулийг шинэчлэн боловсруулаад байна. Энэхүү хууль батлагдсанаар гар утасны хэрэглээ, бааз станцуудын байршил нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх талаар иргэд, байгууллага аж ахуй нэгжүүдээс ирүүлдэг олон тооны гомдол, хэмжилт хийлгэх хүсэлтэд хариу өгөх, сөрөг нөлөөлөл тогтоогдсон тохиолдолд тэднийг урьдчилан сэргийлэх, хязгаарлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх гэх мэт эрхзүйн зохицуулалтын боломжтой болох юм.
Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ
1995 онд Харилцаа холбооны тухай хуулийг баталснаас хойш найман удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Харилцаа холбооны зах зээл дэх төрийн оролцоог багасгах цаашдын хөгжил, зах зээлийн үр өгөөжтэй шударга өрсөлдөөнийг дэмжсэн иргэн, хуулийн этгээдийг харилцаа холбоо мэдээллийн технологийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хүртээмжтэй хангахад одоо мөрдөгдөж буй Харилцаа холбооны тухай хууль учир дутагдалтай байна.
Иймд хуулийн төсөлд харилцаа холбооны зохицуулах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг тодорхой болгож, зааглах, зах зээлийн өрсөлдөөн үйлчилгээний үнэ тарифыг зохицуулахад оролцоог нэмэгдүүлэх тус салбар дахь монополь шинжтэй үйлчилгээг тодорхойлох, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагааг хориглох, мэдээллийн технологийг нэгдмэл бодлого, төлөвлөлт, зохион байгуулалттай хөгжүүлэхийн тулд салбар хоорондын уялдааг хангах зэрэг зохицуулалтыг нарийвчлан тусгаж өгчээ.
Иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлттэй танилцав
Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн эхний хагас жилийн тайланг хэлэлцлээ. Дээрх байгууллагуудад нийт 416 мянга гаруй иргэн хандаж өргөдөл, гомдол, санал, хүсэлт, шүүмжлэл гаргаснаас 402795 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгч 998 өргөдөлд хариу өгөлгүй хугацаа хэтрүүлсэн байна. Нийт өргөдлийн 180287 нь Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад хаяглагдсанаас ХНХЯ хамгийн их буюу 78800 гаруй өргөдөл гомдол хүлээж авсан бол ХХААХҮЯ хамгийн бага буюу 148 өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэсэн байна. Аймаг орон нутагт Архангай аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд 36308 өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авсан нь хамгийн өндөр үзүүлэлт бол Увс аймгийн иргэд хамгийн бага буюу 1700 гаруй өргөдөл гомдол, хүсэлт гарган шийдвэрлүүлсэн байна.
Иргэдээс гаргасан өргөдлийн дийлэнх нь нийгмийн халамж хүссэн, цалин нэмэгдүүлэх шаардлага, өрхийн орлогоо шинээр тодорхойлуулах, газрын харилцаа, орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.